ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зээл аваагүй гэдгээ нотол, үгүй бол ажлаа өг

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-07

Хоёр жилийн өмнө буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын чуулганаар дэмжлэг авч, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилогдож байсан Б.Амгаланбаатар прокурортой холбоотой ЖДҮХС-гаас зээл авсан гэх дуулиан намжаагүй байна. Төрийн хуулийг чанд мөрдөж, хууль бусын эсрэг тууштай тэмцэнэ хэмээн төрд тангараг өргөсөн Төрийн хууль цаазын шадар зөвлөх нь өөрийн эзэмшлийн “Цаст согоот” ХХК-иар дамжуулан хоёр ч удаа буюу 2017 онд 500 сая, 2018 онд 800 сая нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан нь хулгай хийсэн улстөрчдөөс ч илүү нийгмийн бухимдлыг төрүүлэв. Яагаад гэвэл тэр тангараг өргөсөн хуульч хүн юм. Улстөрчдийн булхай луйврыг уудлан гаргаж, болдоггүй заримтай нь хуулийн хүрээнд тэмцэх ёстой албан хаагч. Тийм атал тэдгээр улстөрчидтэйгөө нэг “хөнжил”-д орчихоод жирийн иргэдэд очих ёстой, үйлдвэрлэлийг дэмжих мөнгөнөөс “хумсалж” суусан гэхээр л ичгэвтэр санагдаж байна.

Б.Амгаланбаатар прокурор 1994 онд Цагдаагийн дээд сургууль төгссөнөөс хойш хууль, хүчний байгууллагад ажилласан хүн юм билээ. Хуулийг хэзээ зөрчиж болох, зөрчсөн бол хэрхэн хариуцлага хүлээх ёстойг өнгөрсөн 24 жил төрд ажиллахдаа хангалттай мэдсэн баймаар. Өөрөөр хэлбэл, прокурор хүн багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс өөр зүйл эрхэлж болохгүй гэсэн Прокурорын байгууллагын хуулийг уландаа гишгэж, хувийн компаниараа дамжуулж зээл авч, улстөрчидтэй хамт төрийн мөнгөнөөс “хумсалж” явсан байх юм. Зөвхөн энэ хэргийнхээ төлөө л тангаргаа зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч ажлаа өгөх ёстой биз дээ. Хууль бусаар хөрөнгөжсөн бол хэд дахин нугалж төлүүлнэ гэсэн төрийн хууль эдгээр албан хаагчдад хэрхэн хэрэгжихийг харах л үлдлээ. УИХ-ын гишүүн, сайд нар эхнээсээ уучлалт гуйгаад, зарим нь албан тушаалаа өгчихлөө.

Харин прокурорын байгууллагын албан тушаалтнууд таг чиг. Ингэж давалгаалж байгаад намжих биз хэмээн залбирч суугаа бол эндүүрч байна, шадар зөвлөх өө. Та төрийн хуулийг мөрдүүлэх ёстой хүн. Гэтэл “хулгай” хийсэн хүмүүстэйгээ адилхан байна гэхээр энэ улсад хэн хууль мөрдүүлэх юм бэ. Нарийн ярьвал Б.Батзоригийг хууль зөрчсөн гэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хүсэлт ирүүлэх эрх прокурорын байгууллагад байхгүй шүү. Та бүхэн эхлээд дотооддоо энэ асуудлаа шийдэж, аваагүй бол түүнийгээ баримттай гаргаж ирээд тавих хэрэгтэй байна. Авчихсан бол мөн л уучлалт гуйгаад хуулийн хүний ёсоор албан тушаалаа өгчих. Түүний дараа ЖДҮХС-гаас хулгай хийсэн улстөрчдийг шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар ярь.

Эс тэгвээс эгэл иргэд энэ мэт жүжигт чинь итгэхийг ч хүсэхгүй байна. Төрийн нэр хүнд шалдаа унаж, тэр тусмаа хуулийн байгууллагын шударга дүр эсгэсэн албан хаагчид ийм зүйлд холбогдоод байхаар бид хэнд итгэх юм бэ. “Хулгайч л хулгайчийг бариарай” гэж хамгийн чанга орилдог гэдэг шиг шалгаж эхэллээ, мөрдөж байна гэсэн прокурорын байгууллагын мэдэгдэл жин дарахгүй нь ээ. Б.Амгаланбаатар таныг улстөрчид томилохдоо “С.Зориг агсны хэргийг эцэслээрэй” хэмээн тун сайн захиж байсныг санаж байна. Гэвч гүйцэтгэгч гэх гурван хүн ял авснаас биш захиалагч нь өнөө хэр тодроогүй. Энэ мэт хэргийг илрүүлж чадахгүй юм гэхэд ядахдаа эр хүн шиг гарч ирээд зээл аваагүй гэдгээ л баримттай нотол, үгүй бол ажлаа өг.