ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Reuters: Монголын амбиц нүүрсний эрэлтийг бууруулж болзошгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-13

Дэлхийн томоохон мэдээллийн агентлагийн нэг болох “Ройтерс”-ын Шанхай дахь сэтгүүлч Дэвид Стэнвэй манай улсын талаар доорх мэдээллийг бэлтгэжээ.Тодруулбал, төмөр зам барьснаар хэдий хэмжээний нүүрс олборлох боломжтой болох, түүнчлэн нүүрсний томоохон ордуудад эрчим хүч нийлүүлэх дулааны цахилгаан станц барих төлөвлөгөө нүүрсний салбарын эрэлтэд хэрхэн нөлөөлж болзошгүй талаар албаны эх сурвалжийн мэдээллээс ишлэн дамжуулсан байна. Уг мэдээлэлд “Монгол Улс 2021 он гэхэд Тавантолгойн нүүрсний ордоос БНХАУ-ын хил хүртэл төмөр зам барьж дуусгахаар зорьж байгаа тухай албаны эх сурвалж “Ройтерс”-т мэдээлэв.  

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнхийн хэлж буйгаар Тавантолгойг төмөр замтай холбосноор БНХАУ руу жилдээ 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой болох аж. 
БНХАУ-ын Шанхай хотод болсон Хятад-Монголын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны уулзалтын үеэр тэрбээр энэ асуудлыг хөндөж ярьсан юм. Мөн 2019 оны эхний улиралд багтаан хувьцаагаа олон улсын зах зээлд гаргаж, улмаар хоёр жилийн дотор Тавантолгой, БНХАУ-ыг холбосон төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг онцолжээ.   

Монгол Улсын хувьд БНХАУ-ын гангын үйлдвэрлэлийн хөгжлийг дагаж,  сайн чанарын коксжих нүүрсний эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Гэвч, Хятадын шинжээчид гангын үйлдвэрлэл ойрын хугацаанд оргилдоо хүрч, улмаар удахгүй уналтад орно  хэмээн таамаглаж байгаа юм. Тавантолгой бол дэлхийн хамгийн том коксжих нүүрсний орд бөгөөд 7.4 тэрбум тоннын нөөцтэй. 

Тавантолгой төсөл анхнаасаа дулааны цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ эдүгээ өргөжин тэлж буй “Рио Тинто” группын “Оюу толгой” зэс нүүрсний уурхайд нийлүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч, Монгол Улс санхүүжилт босгож чадаагүйн улмаас “Рио Тинто” өөрсдөө цахилгаан станц барих чиглэлийг баримтлах болсон. 

Тэгвэл энэ асуудлын талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын захирал  С.Ашидмөнх “Монгол Улсын Засгийн газар одоо ч гэсэн цахилгаан станц барих төлөвлөгөөнөөсөө ухраагүй. Энэ бүс нутагт хоёр цахилгаан станцын хэрэг байхгүй. Хэрэв Оюутолгой өөрсдөө цахилгаан станц барьвал нүүрсээ худалдаж авах шаардлагатай болно” гэж ярьж байна. 

Гэвч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны уулзалт хэлэлцүүлэгт оролцсон шинжээчид Монголын эл амбиц нүүрсний өрсөлдөх чадварыг бууруулж, улмаар эрэлтийг багасгах сөрөг талтайг онцолж байв. 
Фенвэй зөвлөх компанийн ахлах шинжээч Чан Ежун “Нүүрсний өнөөгийн  нөөцийн талаар Хятад, Монгол  харилцан адилгүй ойлголттой байдаг. Монголын нүүрс Хятадын өмнөд хэсэгт илүү эрэлттэй” хэмээн ярилаа гэжээ.