ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх чуулган болон бүлгийн хурал дээр болчимгүй үг хэлсэн

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-13

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчдийн мэдээлэл нийгэмд бухимдал үүсгэж байгаа учраас энэ асуудлаар МАН-ын удирдлагууд тууштай арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдэв.
Үүнийг бүлгийн даргын хувиар бус гишүүний хувиар хийж байгаа бөгөөд зөвхөн нэг сайдад арга хэмжээ тооцоод өнгөрч байгаа нь дэндүү ёсзүйгүй үйлдэл гэж үзжээ. Тиймдээ ч МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардах бичиг хүргүүлж байгаа юм байна.

Д.Хаянхярваа дарга хэлэхдээ “Би өнөөдөр гишүүний хувиар байр сууриа илэрхийлж байна. Засгийн газар, УИХ дахь намын бүлэг, намын түвшинд дорвитой арга хэмжээ авах ёстой. Зөвхөн Б.Батзориг сайдыг огцруулснаар энэ асуудал намжих болов уу гэсэн хүлээлт байгаа юм билээ. Гэхдээ тэгж болохгүй юм. ЖДҮ-ийг хөгжүүлэх санг тойрсон асуудалд нам яагаад дуугарахгүй байгаа, намын дарга энэ асуудлаар олон нийтэд тодорхой мэдээлэл хийхгүй байна вэ. Тиймээс намын даргадаа шаардлага хүргүүллээ. Зээл авсан гишүүдийг намын Удирдах зөвлөлөөс хасах ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүнд хандаж би УИХ-ын чуулганы үеэр үг хэлсэн.

Үүний төлөө намайг ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчидтэй хамаатай мэтээр хэвлэл мэдээллэээр бичиж эхэллээ. Надад ямар нэг зээл байхгүй. Мөн хууль бус зүйлтэй огтхон ч хамааралгүй гэдгээ би хариуцлагатай мэдэгдэж байна. Шүүмжлэл бол зөрчил биш. Эрүүл саруул ухаанаар асуудалд хандана уу гэдэг нь улс төрийн том соёл юм. Ерөнхий сайд чуулганы индрээс Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг байна гэж мэдэгдсэн. Хэд хэдэн удаа чуулган болон бүлгийн хурал дээр байр сууриа илэрхийлэхдээ болчимгүй үг хэлээд гарсан. УИХ-ыг тараана, ард түмнээс дэмжлэг авна, чадахгүй бол өөрөө огцорно гэж хэллээ. Гэтэл УИХ-ыг тараах эрх мэдэл УИХ-аас томилдог Ерөнхий сайдад байхгүй. Ерөнхийлөгчид санал гаргах эрх байгаа ч УИХ өөрсдөө кнопоор шийддэг. Нийгмийг эмх замбараагүй байдалд түлхэх гэсэн оролдлого хийж эхэлж байна уу гэж харж байгаа” хэмээлээ.

Уг шаардлагыг өчигдөр намынхаа Удирдах зөвлөлийн хурлын үеэр намын дарга У.Хүрэлсүх болон УИХ-ын даргад гардуулж өгөх бөгөөд нэн яаралтай намын Бага хурлаа хуралдуулж, Удирдах зөвлөлөөс эдгээр зээл авсан гишүүдийг хасах гэх мэтээр улс төрийн зоригтой шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаагаа хэллээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж 29 гишүүн гарын үсэг зурсан гэж үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Надад лав гарын үсэг зур гэсэн бичиг ирээгүй. Шүүмжлэл хэлэхээр засгаа огцруулах гэж байна гээд бичээд эхлэх юм. Бид өнөөдөр засаг төрөө огцруулж тоглох гээгүй.

-Та өөрөө эдгээр улстөрчдийн зээлийг дэмж гэсэн бичиг явуулсан юм биш үү. Энэ чинь хариуцлага хүлээх үндэслэл биш үү?
-Би хуулийн хүрээнд асуудлыг шийдээч гэдэг хүсэлт тавьсан. Хууль ёсны ном журмыг нь хангасан бол дэмжээд явах хэрэгтэй байх.