ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын 9 кноп ЖДҮ бүлэглэл үү, 60 тэрбум уу гэсэн хоёр сонголтын өмнө ирлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-14

Д.Хаянхярваа гишүүний хэлсэнчлэн амьд явахдаа их л олон зүйл үздэг юм байна. Нэгхэн өдрийн дотор улс төрийн ууган нам дөрвөн том даргаа огцруулахаар Удир­дах зөвлөлөөрөө ярилцаж, бүр ар араасаа мэдэгдэл хийхийг үзлээ. Хамгийн их хаалттай байх ёстой хурал нь нээлттэй өрнөж, бүүст хийсэн мэдэгдлүүд ар араасаа гарч ирэхийг харав. Улайдаггүй Ч.Улаан дахин сайд болохоор догдолж явах зуур, орж суух танхим нь тарах талаар ярьж эхлэхийг харлаа, үзлээ. Цаашдаа ч үүнээс ихийг үзэж, дуулах нь ээ. Ардын намын дарга сэлмээ хуйнаасаа сугалж, гурван том даргынхаа өмнөөс далайсан нь өчигдрийнх. Харин сугалсан сэлэмнийх нь ир мохож амжаагүй байхад “Хотын фракци” нь ирүүл тулаанд дуудаж, улс төрийн рингэн дээр М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр бээлий өмссөөр гарч ирлээ. Ширүүн тулаан болох нь нэгэнт тодорхой болов. Тулаан хэдэн үе үргэлжилж, хэддэх үедээ хэн нь цэвэр ялалт авахыг одоогоор дүгнэж хэлэхэд эрт байгаа юм. Бүтэн нэг жилийн турш хуйнаасаа сугараагүй сэлэм хурц байх уу, эсвэл аядуу зөөлөн даргын араар тонгордог мэх ялалтын уухайтай хамт ирэх үү гэдэг нь энэ долоо хоногийн эцсээр шийдэгдэх нь ээ. Учир нь даваа гарагийн шөнө 22.00 цаг хүртэл хуралдсан Удирдах зөвлөлийн хуралд Ерөнхий сайд УИХ-ын дарга М.Энхболд, Хотын дарга Су.Батболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарыг огцруулахаар мэдэгд­сэн билээ.

Огцрох нь нэгэнт тодорхой болсон Д.Хаянхярваа харин өөдөөс нь сөрсөн базаа хийж, өчигдөр У.Хүрэлсүхийг огц­руулах бичгийг өөрийнхөө албан бланк дээр үйлдэж, намынхаа 64 улстөрчөөр гарын үсэг зуруулна гэдгээ мэдэгдлээ. Дөнгөж жил гаруйн өмнө духан дээрээ үнсүүлж байсан “энхрий хайрт” даргынхаа эсрэг сөрж зогслоо, тэр. Тэдний хайр нэгхэн жилийн настай байжээ. М.Энхболдын буюу 60 тэрбумын бүлэглэлийн тал хурандаагийн сэлэмнээс айхгүй гэдгээ энэ үйлдлээрээ нотлов. Хэрвээ Д.Хаянхярваа дарг­ын албан бланк дээр нийт гишүүдийн 4/1-ээс доошгүй нь буюу 19 гишүүн гарын үсэг зурчихвал Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьдаг хуультай. Асуудлыг долоо хоногийн дотор шийднэ. Харин УИХ-ын даргын тухайд нас барсан, өөр ажилд шилжсэн болон бусад шалтгааны ул­маас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, мөн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон болон хүндээр өвчилсөн тохиолдолд Төр­ийн байгуулалтын байнг­ын хороогоор нууц санал хураалтаар хэлэлцэж, асууд­лыг УИХ-д оруулж ирдэг хуультай юм. 60 тэрбумын бүлгийн толгойлогч гэд­гээр М.Энхболд даргыг буруутгадаг ч энэ нь шүүхээр нотлогдчихсон зүйл биш. Мөн хүндээр өвдсөн, нас барсан гэх шалтгаан байхгүй. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд намын даргынхаа хүссэн шиг “Би өөрөө чөлөөлөгдмөөр байна” гэсэн хүсэлтээ гаргахгүй л бол түүнийг суудлаас нь буулгаж дөнгөхгүй гэсэн үг. У.Хүрэлсүх албан өрөөнд нь давхиж ороод сэлмээ хүзүүнд нь тулгаж байгаад өргөдөл бичүүлдэггүй юм бол Үндсэн хуулийн заалт энэ удаа М.Энхболдыг хамгаалж үлдэх магадлал өндөр байна. Үүнийг тэр хамгийн сайн мэдэж байгаа учраас намын даргынхаа өөдөөс “үнэнч туслах” Д.Хаянхярвааг явуулж, өрсөлдөгчөө ирүүл тулаанд дууджээ.

Д.Хаянхярваа даргын албан бланк бүхий огцруулах хүсэлт өнгөрөгч долоо хоногоос л гишүүдийн өрөөгөөр явж эхэлсэн гэх мэдээлэл байгаа. Гэвч Хаянаа гишүүн өөрөө үүнийг үгүйсгэж, одоо шинээр зуруулж байна гэж мэдэгджээ. Гэвч засгаа тонгорох яриа хэлцэл урт амралттай зэрэгцээд яригдчихсан учраас У.Хүрэлсүх яарч сандран Удирдах зөвлөлөө хуралдуулсан гэх таамаг ч үнэний ортой сонсогдож эхлэв. “60 тэрбум”-ын бүлэглэл ба “ЖДҮ-ийн бүлэглэл”-ийн тулаанд хэн нэгэн нь цэвэр ялалт байгуулж чадахгүй бол шүүгчийн саналаар хэн илүү оноо авсныг шалгаруулах нь тодорхой юм. Хөгжөөн дэмжигчдийн харьцаа 32:32 буюу илт тэнцүү гэдэг өнцгөөс харвал энэ тулааны ерөнхий шүүгчид нь АН-ын есөн гишүүн болно. “Том улс төр явж байхад бид дэндүү жижигдэнэ” хэмээчихээд анхааралтай ажиглаж суу­сан АН-ынхан хүссэн ч эс хүссэн ч тулаанд орж ирлээ. Энэ удаа ард түмэн АН-ынхныг анхааралтай ажиг­лаж байна. Тэдний есөн кноп хэний эсрэг байхаас рингэн дээрх тулааны эцсийн шийдвэр гарах билээ. АН-ын гишүүн Б.Наранхүүгийн тухайд УИХ-ын даргын талд кнопоо өгнө. Учир нь тэд уяачдын холбоогоор нөхөрлөсөн найзууд. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хоёр гараа өргөөд дэмжинэ гэж мэдэгдчихлээ. Энэ тохиолдолд У.Хүрэлсүх хоёр оноо алдчихлаа. Тиймээс оноогоо нөхөхийн тулд АН-ын үлдсэн долоон улстөрч болон МАХН-ын гишүүн О.Баасанхүү, бие даагч С.Жавхлангийн оноог авах шаардлага үүсч байгаа юм. МАН-ынхан засгаа тонгорох тусмаа АН-ынхан ашигтай тусдаг. Энэ хэрээр намынх нь нэр хүнд өсч, 2020 онд өрсөлдөгчөө дарж авах шалтгаан олон болдог.

Тэр утгаараа АН-ынхан нэгэн дуугаар ЖДҮ-ийн бүлэглэлийн эсрэг оноо өгөхөөр ярьж байгаа гэх. Гэвч энэ улсын нэр хүнд дэлхийд юу болох билээ гэдгийг бодож үзэх биз ээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахдаа АН-ынхан У.Хүрэлсүхэд итгэл үзүүлж байлаа. Харин жил хүрэхгүйн хугацаанд хэлсэн ярьснаасаа буцаж гэмээнэ АН, МАН ялгаагүй л нэр хүндээ алдана. Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар арилжаалахаар хэнэггүй яриад сууж байсан жудаггүй улстөрч УИХ-ын даргаас буух нь дахин нэг Засгийн газар байгуулж, дахиад 16 сайд томилж, эхлүүлсэн олон ажил нь салхинд хийсэхээс илүү үнэ цэнэтэй байх ёсгүй гэдгийг оноо өгөхдөө анхаарах биз ээ. У.Хүрэлсүхэд алдаа бий. ЖДҮ-гээс мөнгө дээрэмдсэн сайд нараа хамгаалсан нь хэрхэвч уучлах зүйл биш. Гэвч Засгийн газар унаснаар түүнээс ч илүү хор хөнөөлтэй зүйл бий болох учраас сугалсан сэлмээ олигтойхон эргүүлж, ЖДҮ-чиддээ хариуцлага тооцож Ерөнхий сайд шиг, намын дарга шиг зангараг гаргах нийгмийн хүлээлтийг шаардах нь зүй ёсны хэрэг. Энэ бол түүний хийх ёстой ажил, бас суудалдаа үлдэх боломж юм. Харин улстөрчид нь хуйгаараа хулгай хийчихээд байхад, хууль батлах ёстой гишүүд нь хулгай хийсээр байхад “Бид ажлаа сайн хийж байна. УИХ тарах шаардлага байхгүй” хэмээн хамгаалж суугаа аядуу зөөлөн даргын тухайд асуудал арай өөр юм шүү. Энэ хүнд Монгол Улс өргүй. Суудалтайгаа үлдэхийн тулд байгуулсан намаа хоёр хувааж, бүр засгаа тонгорох гэж зүтгэж байгаа нь өмгөөлөөд байх шалтгаан биш хэмээн сэтгэж сууна. Хэрхэхийг АН-ын есөн гишүүн мэднэ. Хувь заяаны шоглоом юм уу, эсвэл хатуу тавилан ч гэх үү АН-ынхан одоо дэмжсэн Ерөнхий сайдынхаа эсрэг кноп дарах уу, эсвэл хамгийн их улстөржсөн 60 тэрбумын бүлэглэлээ хамгаалж үлдэх үү гэдэг сонголт хийх нь ээ. Ямар ч сонголт хийсэн байсан энэ нь улс орныг тогтворгүй байдал руу түлхсэн, эдийн засгийн дарамт багатай байгаасай гэсэн эгэл иргэдийн чин хүслийг бас бодолцоорой, АН-ынхаан.