ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

NKnews: Монгол, Оросын Ерөнхийлөгчид юуны учир Ким Жон Унтай уулзахыг хүсэв

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-15

-Кимтэй уулзах бодит шалтгаан тэдний  аль алинд нь бий-


“Сино-НК” судалгааны группын Зүүн Ази дахь Оросын гадаад бодлогын аналист Энтони В.Ринна “NKnews” сайтад “Монгол, ОХУ-ын төрийн тэргүүнүүд юуны учир БНАСАУ-ын тэргүүнтэй уулзахыг хүсэв” сэдэвт нийтлэлийг бичиж, хэвлүүлжээ. Тус нийтлэлийн энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа орчуулан хүргэж байна. 

Он солигдох мөч ойртож байна. Улирч буй 2018 он Солонгост их өөрчлөлтийг авчирсан жил байлаа. Хамгийн онцлууштай үйл явдлуудын нэг нь  Ким Жон Уны Умард Солонгосын төрийн тэргүүний хувиар гадны улс оронд хийсэн хэд хэдэн удаагийн айлчлал байсан юм.

Үүгээрээ тэрбээр хилийн чанадад айлчлал хийхэд бэлэн гэдгээ харуулсан бөгөөд үүний дараа тус улстай уламжлалт найрсаг харилцаатай бусад улс орнууд түүнд урилга илгээх болсон билээ.  
ОХУ-д суух БНСУ-ын Элчин сайд Ву Ён Кюн саяхан арваннэгдүгээр сарын сүүлчээр Ким Жон Ун ОХУ-д айлчилна гэж мэдэгдсэн удаатай. Гэвч, Кремлин Ким ирэх жил хүртэл ОХУ-д айлчлах боломжгүй байгаа талаар мэдээлсэн юм. 2018 оны хоёрдугаар хагасаас Ким Жон Уныг янз бүрийн улс орнууд урих болсон бөгөөд үүнээс “Чухам юуны учир гэнэт л Умард Солонгосын удирдагчид сүжрэх  болов” гэсэн асуулт урган гарна. 

БНХАУ-БНАСАУ-ын харилцааг авч үзвэл /Ким Хятадад гурван ч удаа айлчилсан/ Монгол, ОХУ Умард Солонгостой ерөнхий нэг л дипломат бодлогыг баримталдаг.  Эдгээр гурван улс түүхэн хугацаанд Умард Солонгостой онцгой харилцаатай байж, Пхеньян Сөүлийн харилцааг тэнцвэржүүлэхийг оролдож ирсэн юм. 
Энэ харилцаа нь Монгол ОХУ-д онцгой ач холбогдолтой бөгөөд Өмнөд Солонгосын Засгийн газрыг эдийн засгийн санаачилгадаа багтааж ирсэн байдаг. 
Ким Жон Ун БНХАУ-д айлчилж, ОХУ, Монголын төрийн тэргүүнүүд түүнийг эх орондоо урьсныг задлан шинжилж үзвэл эдгээр улс Умардтай ямар харилцаатай байхыг чухалчилж буй нь сонирхол татаж байна. 

 

Нэр хүнд олох

Монгол, Орос шиг улс орнуудын хувьд Умард Солонгосын тэргүүнийг төрийн айлчлал хийхийг урьсан нь өөр өөрсдийн гэсэн шалтгаантай. Тэд Ким Жон Уныг хүлээн авч уулзах талаар яриа хэлэлцээр хийх нь олон улсын тавцан дахь нэр хүндээ өсгөх сайхан боломж юм. Монгол, Умард Солонгосын харилцаа урт удаан жилийн түүхтэй боловч, үргэлж найрсаг харилцаатай байсангүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2015 онд Ким Ир Сений нэрэмжит их сургуульд зочилж, Монгол Улсын бодлого, хоёр улсын хоорондын харилцааны талаар лекц уншихдаа Умард Солонгосын улс төрийн талаар аль болох дурсахгүй байхыг хичээсэн гэдгээс үл хамааран  сүүлийн жилүүдэд Пхеньян, Улаанбаатарын харилцаа харьцангуй тогтвортой байгаа. 
Монгол газарзүйн байршлын хувьд Солонгосын хойгоос алс хол оршдог тул Умард Солонгосын заналхийлэлд өртөхгүй. Гэхдээ Улаанбаатарын хувьд Солонгосын хойгийн асуудлаар дуу хоолойгоо хүргэх нь Монголын гадаад бодлогын гол асуудлуудын нэг юм. Хоёр том гүрний дунд хавчуулагдсан хараат бус бие даасан статустай жижиг улс болох Монгол бүс нутгийн асуудалд дипломат үүрэг гүйцэтгэх нь Монголын жинхэнэ хүч, нэр хүндийг харуулсан хэрэг болно. Тиймээс Солонгосын хойгийн асуудалд эерэг үүрэг гүйцэтгэснээр жижиг улс дипломат үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг батлах сайхан боломж юм. 

 

Нөлөөгөө нэмэгдүүлэх

Харин ОХУ-ын хамгийн том зорилго нь Солонгосын хойг дахь Оросын оролцоог сэргээх юм. Энэ оны тавдугаар сард Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНАСАУ-д айлчилж, Ерөнхийлөгч В.Путины урилгыг Ким Жон Унд хүргэсэн бөгөөд энэ явдал Оросын санаа бодлыг тод томруунаар харуулсан. 

Түүнээс хойш Ким Жон Ун Алс Дорнодын эдийн засгийн форумд оролцоно, Трамп-Кимийн дээд хэмжээний уулзалтыг Владивостокт зохион байгуулах боломжтой зэрэг таамаглал, мэдээллүүд гарч эхэлсэн. 

Өнгөрсөн жил Хятад, Умард Солонгосын харилцаа хурцдаж, Бээжин Пхеньяны эсрэг хориг арга хэмжээ авах үед зарим шинжээчид Кремлин БНАСАУ-ын гол түнш болох БНХАУ-ын байр суурийг орлох алхам хийж болзошгүй хэмээн таамаглаж байв. 

Түүнээс хойш Орос хүчин чармайлт гаргаж байгаа ч, хараахан амжилтад хүрч чадахгүй байна. Үндсэндээ Оросын зорилго бол өөрийн нөлөөг нэмэгдүүлэх юм.