ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энх-Амгалан прокурор оо, орлогчоо хэзээ шалгах вэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-15

-ЖДҮХС-гаас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан УЕПГ-ын орлогч Б.Амгаланбаатар гэж хэн бэ-

 

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг танил тал, арын хаалга, албан тушаалаараа дулдуйдан авсан төрийн дээд өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүдийн нэрс өдөр өдрөөр нэмэгдсээр. АТГ-аас дээрх зээлийг хууль бусаар авсан хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийш шалгаж эхэлсэн гэдгээ зарлалаа. 

Харин жирийн бизнес эрхлэгч иргэдэд очих ёстой зээлийг дундаас нь завшсан хууль хяналтынхан өөрсдийгөө хэзээ шалгаж эхлэх вэ. Тухайлбал, УЕПГ-ын орлогч,  Шадар зөвлөх Б.Амгаланбаатарыг хэзээ шалгах вэ. Шалгаж байгаа юу. Энэ асуултыг өнгөрөгч 7 хоногт УИХ-ын чуулганы танхимд “шударга шүүлт” хийхээ зарласан Улсын ерөнхий прокурор м.Энх-Амгалангаас асуумаар байна. Б.Амгаланбаатар гэж хэн бэ. Тэр “төмөр замын” гэх хэргийг шалгаж байгаа гол хүн биш бил үү.

Ухаа-Худаг Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын төсвийг хувьдаа завшсан хэргээр Зам тээврийн яамны удирдах албан тушаалтнуудыг шалгаж эхэлснээс хойш өдгөө гурван жил өнгөрчээ. Тодруулбал, Дээрх төмөр замыг барихад зарцуулагдах нийт төсвийн ердөө 20 хувьд л зарцуулагдах төсөв өгсөн атлаа шороо овоолохоос өөр ажил хийгээгүй гэх үндэслэлээр өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг энэ хэрэгт хамаатуулан шалгаж эхлээд дөрөв, таван жилийн нүүр үзлээ. Буруутайг нь тогтоосон уу.

Хэрэгт холбогдоод хавтаст хэрэг нээлгэчихээд байгаа дээрх хоёр эрхмийг сайд байхад нь ч, энгийн иргэн байхад нь ч, УИХ-ын даргын зөвлөх байхад нь ч, өнөөдөр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь ч шалгасаар л байна. Но байсан юм бол илрэх хугацаа мөн үү, мөн. Нийгэмд хардлага төрүүлж, өнөө ч зарим нэгэнд өширхөх, занах сэдэл өгөөд байгаа хэргийг УЕПГ хянаж шалгаад үнэн мөнийг нь тогтооход юу саад болоод байна вэ. УИХ та бүхэнд, танай газарт бүрэн эрхийг нь өгчихсөн, тэр бүү хэл олонхиороо түрий бариад ч болов хэрэг тохож болохоор нөхцөл байдал биш гэж үү. Но-гүй болоод л хийх ажилгүй, хэлэх үггүй болчихоод байгаа юм байна гэж ойлгогдохоор байна. Энэхүү томоохон “хэргийг” хянаж шалгах ажлаа умартчихаад жирийн иргэдэд очих жижиг дундын зээлээс хумслаад сууж байгаа УЕПГ-ын орлогч жинхэнэ шударга үнэнийг дэнсэлж чадна гэж үү, итгэхгүй байна.

Хамгийн шударга дүрийг эсгэж явсан Б.Амгаланбаатар өөрийн эзэмшлийн компаниар дамжуулж, ЖДҮХС-гаас зээл авсан нь олонд ил болчихлоо. Тодруулбал, түүний хөрөнгө орлогын мэдүүлэгт буй “Цаст согоот” компани 2017, 2018 онуудад нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тангараг өргөсөн прокурорын жинхэнэ төрхийг ингэж л бид олж харж байна. Төмөр зам гэх зохиомол хэрэг үүсгэж, түүгээрээ дамжуулан олон ч хүний нэр хүндийг унагаж явсан шударга прокурорын үнэн төрхийг олон нийт мэдэж авлаа. Булавч бултайна, даравч далдайна гэдэг дээ. Эрхэм прокурорууд аа, та нар ажлаа мэдэхгүй байна уу, эсвэл асуудалд улстөржсөн, намын даалгавраар хандсан гэдгээ хүлээн зөвшөөрөх болчихоод эвгүйтэж сууна уу.

“Улстөрчдийн булхай луйврыг шалгах гэхээр бүрэн эрх чинь саад болоод байна” хэмээн УЕП М.Энх-Амгалан тун ч шударга хүний дүрээр УИХ-ын гишүүдийг загнаж харагдлаа, хэдхэн хоногийн өмнө. Шударга л ярьж байна лээ. Яг ингэж ярьсан шигээ, тэгж аашилсан шигээ М.Энх-Амгалан прокурор та ЖДҮХС-гаас зээл авсан эрх мэдэлтэй хүн бүрийг шалга. Гэхдээ өөрийнхөө орлогчоос эхлээд шалга. Төрийн хууль цаазын дор нуугдаж, чимээгүйхэн өнгөрөх гэж байгаа бол тийм зүйл байхгүй гэдгийг өмнө сануулсан, дахиад ч сануулъя. Б.Амгаланбаатар та ч бас ажлаа хий.

Төмөр замын хэргээ шалга. Буруутнаа ол. Өөрөө ч бас ил гарч ирээд 1.3 тэрбумыг хаана юунд зарцуулснаа тайлагначихмаар байх юм. С.Зоригийн хэргийн буруутныг ч олох даалгаврыг хоёр жилийн өмнө УИХ-аас авсан гэдгээ мартчихаагүй биз дээ. 60 тэрбумын хэргээ эцэслэ. Үүнээс чинь болж ард түмэн талцаж, Ардын нам хүртэл хоёр хуваагдчихлаа. Гэтэл хувийн компанидаа төрийн мөнгөнөөс аваад өгчихсөн атлаа, хэдхэн төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн хэчнээн хүний ирийг мохоож, шалгаж цагдаж, тагнаж, нэр хүндийг нь унагаж гүйсэн билээ. Юм үнэнээрээ сайхан гэдэг дээ. Шударга прокуроруудын жинхэнэ төрхийг одоо л хармаар байна.