ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАНАН бүлэглэл живэх бүртээ нэг, нэгнийхээ завь нь болдог

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-16

Улс орны хувь заяаг ээлжлэн барьж ирсэн улс төрийн хоёр том намын уналт одоо л Баабар нийтлэлчийн хэлсэнчлэн ёроолдоо хүрэх гэж байна. Намаараа талцдаг ч тэд хулгай хийхээрээ өвөр түрийндээ орж хэн, хэнийхээ идсэн уусныг халхалж явсаар парламентын засаглалтай болсон 28 жилд ээлжлэн төр барив. Бүр хамтарч байгаад хулгайлж байсан тохиолдол дангаараа засагласнаас олон. Хэн хэндээ найр тавьж, олон ч тэрбумыг хамтдаа хулгайлав. Нийлж байгаад нэг том ордоо Хятадын Төрийн өмчит компанид 100 жилээр өгөхөөр улайрч байсныг нь бид мартаагүй, бас түүх ч мартахгүй биз. Н.Энхбаярын үргэлж ярьдаг МАНАН гэдэг л энэ юм. Н.Алтанхуягийн яриад байдаг нам дамжсан бүлэглэл монгол төрийг аварга могой шиг ороочихоод, хаашаа ч хөдөлгөхгүй байгаа гэдэг нь энэ юмсанж. Нийгмийн бухимдлыг төрүүлж буй ЖДҮХС-гийн зээлийн 950 сая бол мөсөн уулын дөнгөж орой хэсэг нь. Энэ нэг кнопны л үнэ өртөг. Илүү ухвал 28 жилийн хугацаанд төрөөсөө, улсаасаа хулгайлсан мөнгө нь дахиад нэг улс байгуулсан ч хүрэлцэнэ гэдэгт мөрийцсөн ч болж байна. 

Эдийн засгийн том ордын хувь заяа, ээлжилж унагасан Засгийн газар болгонд тэд кнопоо үнэлж, мөнгө авч байсны бодит жишээ ингэж гарч ирэв. МАНАН бүлэглэл сарниагүй цагт монгол төрд хэзээ ч өөрчлөлт шинэчлэл, хөгжил дэвшил ярих шаардлагагүйг нотолчихлоо. Ирэх өдрүүдэд, эндээс цааш явах сонгуульд МАНАН-гийн нэр хүнд шавартай хутгалдах нь тодорхой байна. Яагаад гэвэл, МАН-ын дотоод талцал туйлдаа хүрч, нам дотроо хоёр хуваагдсан зөрчил нь төрөө самрах хэмжээнд чинээндээ тулчихаж. Тусгаар тогтнолын ордон дотроос өөрийн намын дарга нараа харлуулж, гутаан доромжилж байсныг хэдхэн өдрийн өмнө Су.Батболд дарга илчлэв. “Хотын фракци” уу, “Зүүний хүчин” үү гэсэн тулаан дунд жирийн гишүүд дэмжигчид нь итгэлээ нэгмөсөн алдчихлаа. “Энхрий хайрт нам минь” хэмээн халхалж суусан, алдаа бүрийг нь өмөөрч явсан олон зуун гишүүдийнх нь итгэл хоёр хуваагдчихсан энэ өдрүүдэд эсрэгээр нь Ардчилсан намын нэр хүнд өндөрт байх ёстой биз дээ. Гэвч тийм биш байна. Тун саяхан явуулсан улс төрийн нэг судалгаагаар “Ирэх сонгуульд хэнд итгэх вэ” гэсэн санал асуулга явуулахад есөн хувь нь МАН, 13 хувь нь Ардчилсан нам, гуравдагч хүчинд гэдэгт дөрвөн хувь, харин хэнд өгөхөө мэдэхгүй байна гэсэн сонголтыг 74 хувь нь хийжээ. Улс төрийн намуудад итгэх итгэл ингэж буурчээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан нам шинэчлэл өөрчлөлт хийлээ, улс төрийн намын бодлогоо өөрчиллөө, бүх нийтийн санал асуулгаар даргаа сонголоо хэмээн баахан бужигнуулсан.

Бүтэн хоёр жилийн хөдөлмөр тэдэнд ердөө л ес байсан барометрийг 13 хүргэхэд л тусалжээ. Энэ хэвээр цаашаа яваад байвал 2020 онд цагаан сонголт хийх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж, сонгуулиа хэдэн ч удаа явуулж мэдэхээр нөхцөл байдал үүсэв. Үүнийг улс төрийн хоёр нам мэдэж байгаа ч шинж алга. Цаг зуурын улс төр тэдэнд хамгаас чухал байгаа юм. Өчигдөрхөн АН-аас тун ч сүртэй мэдэгдэл гаргажээ. Аль нэг бүлэглэлийн талд орохгүй бөгөөд маргаанаа хурдан цэгцэлж, ажилдаа орохыг сануулжээ. Тэд үнэхээр хэлсэн шигээ байж чадсан болов уу гэвэл сонин л хариулт гарч ирнэ. Учир нь Ардын нам уналтын ирмэгт ирсэн хүнд цаг үед дандаа Ардчилсан нам авралын завь болж байсныг өнгөрсөн 28 жилийн түүх гэрчилнэ. Ерөөс ганц Ардчилсан нам ч бус МАН-ынхан ч ялгаагүй АН-ын уналтын үед түшиж, өмнө бичсэнчлэн хамтдаа энэ төр засгийг удирдаж, хамтдаа л идэж уусан түүхтэй. 1992 оноос эхлээд харъя. Шинэ Үндсэн хууль баталснаар УИХ-ын сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж, 1992 оны сонгуульд МАХН УИХ-д 70 суудал авч байлаа. Дараа нь буюу 1996 онд МоАХ болон ардчиллын төлөөх намуудын эвсэл 50 суудал авч онцгой ялалт байгуулсан ч дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Засгийн газар байгуулж, Завханаас нөхөн сонгуульд орж ирсэн Н.Энхбаяраар л төрөө самруулчихсан түүхтэй. М.Энхсайханаас Ц.Элбэгдоржид шилжсэн Ерөнхий сайдын суудалд Ц.Элбэгдорж дөрөвхөн сар болсон Улмаар, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболд нь долоон удаа гологдсон гашуун түүхтэй. Ж.Наранцацралт агсанд нэг жил болсон сайдын суудал Р.Амаржаргал ирэхдээ мөн л нэг жилийн настай байлаа. Үүний үр дүнд 2000 оны сонгуульд дөнгөж нэгхэн суудалтай үлдэж, ард түмнээс “банга” хүртэв.

Харин МАХН /МАН/ дангаараа 72 суудал авсан нь магадгүй МАН-ын хувьд хамгийн их мандан бадарч явсан он жил нь биз. 2004 оны сонгуульд 38 суудал буюу Засгийн газар байгуулах эрх мэдлийг л авсан. “Эх орон-Ардчилал” эвслийн улс төр намын нэр хүндийг унагана гэдгийг мэдсэн учраас тэдэнтэй хамтран “Их эвслийн” Засгийн газар гэгчийг байгуулж, Ерөнхий сайдаар Ц.Элбэгдоржийг томилж байжээ. Хоёр, хоёр жилээр ээлжилж төрөө удирдахаар найр тавилцсан тэдний дунд М.Энхсайхан гэх муур гүйснээр эвсэл задарч, МАН ч дотооддоо зөрчилдөж Засгийн газраа унагаж байлаа. Ингэснээр том улс төрд М.Энхболд орж ирсэн түүхтэй. Тухайн үед МАН-ынхан ядрах цагтаа түшсэн АН-ыг орхиод, урваж одсон ҮШН буюу М.Энхсайхан, Л.Гүндалай, БНН-ын Б.Жаргалсайхан нарыг түшиж байлаа. Гэвч МАН-ын “Элсний 13 бүлэглэл” энэ үед идэвхжиж, М.Энхболдын Засгийн газрыг унагаснаар С.Баярын эрин үе улс төрд ирсэн юм. Монгол төрийг хангалттай самарч гүйцсэн МАН-д итгэх итгэлээ алдсан ард түмэн 2008 онд үймээн самуун гаргасан. Энэ үед намын дарга С.Баяр байраа шатаалгаж, намын байр луугаа хараад залбирч зогссон самуун түүхийг бид мартаагүй. Таван сайхан залуугийн амиар наадсан тэдний улс төрийн талцал эцэст нь АН-ыг засагтаа урихаас өөр аргагүйд хүргэсэн юм. Ингэснээр С.Баярын толгойлсон “Стандарт бус” Засгийн газар мэндэлж, нийгмийн уур амьсгал хэсэгтээ л намжсан. АН тэр үед Засгийн газарт ороогүй бол ард түмний тэмцэл бухимдал юу болох байсныг төсөөлөх ч хэрэггүй юм. 2012 онд мөн л хамтарч байлаа.

2014 онд ч МАН “Шийдлийн” Засгийн газарт орж ирсэн. 2016 онд байгуулсан “Мэргэжлийн” Засгийн газраа унагахдаа ч АН-аас тусламж хүсч байв. Өдгөө У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа ч АН-ын атганд орж ирэв. Эндээс дүгнэвэл адилдаа адил, годилдоо годил гэдэг үг л хоёр намд тохирох аж. Тэд унах бүдрэх бүрт нэг нэгнийхээ доор дэр болж, живж байвал завь нь болж нэг хөнжилд 26 жил “хөлбөрчээ”. Айл гэрээр бол бат бөх харилцаа үүсгэчихсэн МАНАН бүлэглэлээс бид хэзээ ч салахгүйг эндээс харж болно. Бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалахгүй гэдэг атлаа МАН нь АН-даа түшиг болж, эсрэгээрээ АН нь МАН-ынхаа авралын завь болж ирсэн учраас ард түмэн одоо үлгэрт итгэхээ больчихлоо. Эндээс цааш үргэлжлэх улс төрийн түүх ч яг л энэ зарчмаар нэг нь унахад нөгөө нь орж ирдэг, нөгөөхөө унагачихвал нийлээд суучихдаг замаар урагшлах нь тодорхой юм. Тиймдээ ч МАНАН бүлэглэлээс салахын тулд улс төрд шинэ салхи оруулахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй. Тэр нь цагаан сонголт байх уу, эсвэл улс төрийн шинэ хүчний хүлээлт байх уу гэдэг нь нэгхэн жилийн дараа тодорхой болох биз ээ.