ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Монгол бол Азербайжаны шинэ зах зээл”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-16

Дэлхийн хэвлэл мэдээллийн сайтуудад манай улсын талаар ойрын өдрүүдэд хэрхэн мэдээлснийг “Тэд бидний тухай” буландаа орчуулан хүргэж байна. 

Азербайжан улсын “Azernews” сайтад “Тун удахгүй Монгол руу дарс нийлүүлж эхэлнэ” гэх гарчиг бүхий мэдээ нийтлэгджээ. Тус мэдээлэлд “Азербайжаны экспорт, хөрөнгө оруулалтыг дэмжих сангийн захирал Юсиф Абдуллаев Баку хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Монгол руу дарс нийлүүлэхээр болсноо мэдэгдлээ. 

Түүний хэлснээр 2018 оны төгсгөл, эсвэл 2019 оны эхэн үеэс эхлэн Монгол руу дарс экспортлохоор төлөвлөөд байгаа аж. Тэрбээр “Монголын зах зээлд Азербайжаны дарснууд шинэлэг зүйл байх болно. Эхний багцаа бид туршилтаар нийлүүлнэ” гэв. Юсиф Абдуллаев энэ жил тус улсад айлчлах үеэрээ Монголд дарсны салбараа нээх асуудлыг авч хэлэлцсэн аж. 
Мөн тэрбээр “Борлуулалт хэр байхаас хамаарч бид Монголд дарс худалдаалах дэлгүүрүүд нээнэ. Бид бүх талаар дэмжихэд бэлэн. Монгол бол Азербайжаны шинэ зах зээл” хэмээн нэмж хэлсэн байна” гэсэн байв. 

 

Антибиотикийн хэрэглээгээр Монгол дэлхийд тэргүүлэв

“Telegraph.co.uk” мэдээллийн сайтад антибиотикийн дэлхийн улс орнуудын хэрэглээний талаарх мэдээлэл нийтлэгджээ. Тус мэдээлэлд “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас антибиотикийн хэрэглээг хянах зорилгоор анх удаагаа  дэлхийн 65 орныг хамруулсан судалгаа явуулжээ. Улмаар судалгааны дүнг “Антибиотикийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх долоо хоногоор нийтэлсэн бөгөөд үүнээс улс орнууд антибиотикийг харилцан адилгүй хэрэглэдэг болох нь тодорхой болсон байна. Тодруулбал, зарим улс орнууд антибиотикийг хэт их хэрэглэж байхад зарим нь огт хэрэглэдэггүй болох нь судалгаагаар тодорхой болжээ. ДЭМБ уг судалгааг гаргахдаа улс орнуудын өвчний үед хэрэглэх антибиотикийн тунг харгалзаж үзсэн байна. Ингэхэд антибиотикийн хамгийн бага хэрэглээтэй улсаар Зүүн Африкийн Бурунди улс тодорчээ. Тус улсын 1000 хүнд ногдох антибиотикийн өдрийн тун нь дөрөв гэж гарсан байна. Харин эсрэгээр хамгийн өндөр хэрэглээтэй улсаар Монгол нэрлэгдсэн бөгөөд өдрийн тун нь 64 гарчээ. Европт бүс нутгийн дундаж хэрэглээ нь 18 байна. Их Британийн 1000 хүнд ногдох өдрийн тун нь 20 бол Франц 26, Ирланд 23, Герман 11 байжээ.  Харамсалтай нь, “Lancet Infectious Diseases” сэтгүүлийн өнгөрсөн долоо хоногт зарласан судалгааны дүнгээс үзвэл хяналтгүй хэрэглээнээс үүдэн антибиотикт тэсвэртэй болсон вирусын халдвараар 2015 онд 33 хүн Европт амиа алджээ. Энэ тоо нь судлаачдын өмнө нь тооцоолж байснаас 7000-аар давсан үзүүлэлт аж. ДЭМБ-ын тайланд дурьдсанаар дэлхийн даяар амокцилинийг өвчний нэг болон хоёрдугаар үед ихэвчлэн хэрэглэдэг байна. “Сүүлийн жилүүдэд антибиотикийн хэрэглээ дэлхий даяар нэмэгдэх хандлагатай байна. Ингэснээр тухайн өвчний вирус антибиотикт тэсвэртэй болох, элдэв халдварт өвчний гаралт нэмэгдэх зэрэг хандлагатай. Дэлхийн улс орнууд антибиотикийн зохист хэрэглээний талаар олон нийтэд сурталчлах, эрүүл мэндийн бодлогодоо тусгах шаардлагатай байна” гэж ДЭМБ-ын Зайлшгүй эмчилгээний тасгийн дарга Сюзанн Хилл ярьжээ. Түүнчлэн антибиотикийн хэрэглээ улс орны хөгжлийн төвшинтэй харилцан уялдаатай байгаа нь ажиглагдсан байна. Тодруулбал, өндөр хөгжилтэй орнуудад антибиотикийн хэрэглээ харьцангуй бага байгаа бол эдийн засгийн хөгжил тааруу орнуудад хэт өндөр гарчээ” гэсэн байна. 

 

Монгол хамгийн сүүлийн нүүдэлчин улсын нэг

Хятадын “Синхуа” агентлаг манай улсыг  ирэх таван жилд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр төлөвлөж буй талаар мэдээлжээ. Үүнд “Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 2019-2023 онд тус улс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдлээ. Тус үндэсний хөтөлбөр нь мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх замаар ашигт малтмалаас хамааралтай эдийн засгийг бэхжүүлэхэд чиглэх аж. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан сүү, махан бүтээгдэхүүнийг 30 хувиар нэмэгдүүлж, шингэн сүүний импортыг тэглэх зорьж байгаа юм байна. Монголын эдийн засаг далайд гарцгүй учраас уул уурхай, түүний эдийн экспортоос ихээхэн хамааралтай байдаг. Одоогийн байдлаар нийт экспортынх нь 90 хувийг ашигт малтмал эзэлж байгаа юм. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь эдийн засгийг солонгоруулна гэж үзэж байна. Монгол бол дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин улсын нэг бөгөөд 2017 онд гэхэд тус улсад 66 сая мал тоологджээ. Гэсэн хэдий ч, малын гаралтай бүтээгдэхүүн импортын багагүй хувийг эзэлдэг байна” гэжээ.