ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батжаргал: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхэд, тэтгэвэр дагаж нэмэгдэнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-16

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болохтой холбоотойгоор тэтгэврийн хэмжээ нэмэгдэх эсэх асуудлаар Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргалаас тодрууллаа.

-Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн. Үүнийг дагаад тэтгэврийн доод хэмжээ нэмэгдэх үү?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг хуулиар зааж өгсөн байдаг. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний 50 хувиас багагүй байна гэж хуульд заасан байдаг. Өнөөдөр мөрдөж байгаа бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга байна. Тэгэхлээр тэтгэврийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 115 орчим хувиар доод хэмжээ тогтсон байна гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний 75 хувиас багагүй байна гэдэг заалтыг бүрэн хангасан үзүүлэлт юм. Хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн нь 243 мянган төгрөг байна. Хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй буюу 122 мянган төгрөг байх ёстой. 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болно. Үүний 75 хувь нь 240 мянган төгрөг байгаа. Тэгэхлээр он гараад одоо байгаа 280 мянган төгрөг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 80-90 хувь нь болж байгаа учраас хуулийн заалтаа хангаж байна гэсэн үг. Гэхдээ 2019 оны нийгмийн даатгалын сангийн төсвийн төсөлд тэтгэвэр нэмэгдүүлэх зардалд 119 тэрбум төгрөг төсөвлөсөн. Он гараад 320 биш юм гэхэд түүнд нэлээд ойртож очихоор тэтгэврийн доод хэмжээ өсөх байх гэж харж байна. Он гараад Засгийн газрын тогтоолоор тэтгэврийн нэмэгдлийн тогтоол гарна. Төсөвлөсөн мөнгөндөө тааруулаад хэдэн төгрөгөөр, ямар нэмэгдэл хийх вэ гэдгийг тухайн үед тогтооно. 

-Хувь тэнцүүлсэн гэдэг нь ямар тэтгэвэр юм бол?

-Энэ нь ажиллах ёстой жилдээ хангалттай хүрээгүй, цөөн жил нийгмийн даат­галын шимтгэл төлсөн зэрэг шалтгаантай хүмүүст хамаатай юм. одоо мөрдөж байгаа хуулийн дагуу 20.3 жил нийгмийн даатгал төлсөн хүн бүрэн тэтгэвэр авах эрхтэй. Гэтэл үүнд хүрээгүй тохиолдолд нийгмийн даатгал төлсөн жилдээ хувь тэнцүүлж тэтгэвэр авахыг хэлж байгаа юм. Гэхдээ 10-аас дээi жил байж хувь тэнцүүлэх боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин бүрэн тэтгэвэр бол 20.3 байж эрх нь үүснэ. Он гараад бүрэн болон хувь тэнцүүлсэн тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

-Тэтгэврийг нэмэхдээ ижил хэмжээний мөнгөөр нэмдэг үү. Эсвэл авдаг тэтгэврийнх нь тодорхой хувиар нэмдэг юм болов уу?

-Сүүлийн үед ихэвчлэн абсолют дүнгээр нэмж байгаа. Бүх хүмүүсийн тэтгэврийг адилхан 27 мянган төгрөгөөр нэмдэг ч юм уу, ийм аргыг хэрэглэх нь илүү шударга зарчим гэж үзэж байгаа. Тэтгэврийн тодорхой хувиар нэмнэ гэвэл иргэн бүр тогтоолгосон тэтгэврийнхээ хэмжээнээс хамаараад харилцан адилгүй, тэгш бус нэмэгдэх тул ингэж шийдвэрлэж байна. 

-Малчдын ажилласан жилд 1990-2000 оны хооронд 10 жилийг нэмж олгосон юм билээ. Гэтэл 1992 он хүртэл улсад ажилласан хүн 10 жилийнхээ наймыг нь л авах боломжтой юм уу. 10 жилээ аваад, 50 настай тэтгэвэрт гарах байсан иргэн найман жил авах бол 52 настай тэтгэвэрт гарна гэсэн үг үү?

-Тийм ээ. Малчид нэг­дүгээрт 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой. Хамгийн гол зүйл нь энэ байгаа юм. Үүнээс 12.5 жилийг нь малчнаар ажиллаж байх хугацаандаа төлсөн байх ёстой. Зарим хүн насаараа мал малласан ч огт даатгал төлж байгаагүй бол нийгмийн даатгалаас тэтгэвэр авах боломжгүй. Зөвхөн халамжаас л тэтгэвэр авах боломжтой. Тэгвэл 20 жил даатгал төлсөн байлаа ч малчнаар ажилласан байх ёстой 12.5 жил нь дутвал мөн тэтгэвэр авах боломжгүй. Хуульд энэ заагийг маш тодорхой заасан байгаа. Тиймээс энэ нь малчдыг нийгмийн даатгалын шимтгэлээ сайн төлөх хэрэгтэй гэдэг дохиог өгч байна гэсэн үг. Малчнаар 12.5 жил ажиллаад, нийгмийн даатгалын шимтгэлээ 20 жил төлсөн хүн ямар ч асуудалгүй тэтгэвэрт гарна. Энэ онд 10 гаруй мянган иргэн шинээр тэтгэвэрт гарах ёстойгоос одоогоор 6000 иргэн тэтгэврээ тогтоолгоод байна. 

-Иргэд дутсан жилээ гүйцээж, нийгмийн даат­галын шимтгэлээ төлж байж тэтгэвэртээ гарах боломжтой болно гэж ойлголоо?

-Тийм ээ. Хоёр жил дутсан бол  тухайн хоёр жил нийгмийн даатгалын шимтгэл төлж байж тэтгэвэртээ гарна гэсэн үг. 

-Нийгмийн даатгалыг нөхөн төлөх хууль хэзээ­нээс хэрэгжих юм бол. Жил дутсан иргэд маш их хүлээлттэй байна?

-Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даат­галын шимтгэлийг нөхөн төлөх тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн хэрэгжилт 2019 оны нэгдүгээр сарын 01 байсан боловч 2019 оны төсөв дагуулж баталсан хуульд уг хуулийн хэрэгжилтийг 2020 он болгож хойшлуулсан байгаа. Төсөл бүрэн эцэс­лэгдээгүй байгаа.