ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Сугир: Сүүлийн 3 жилд “Гашуун сухайт”-ын замд 42 хүн ам насаа алдсан

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд “Гашуун сухайт” боомтын болон нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, гэмт хэргийн гаралтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хилээр гарч байгаа машиныхаа тоо хэмжээтэй уялдуулж нүүрсний уурхайнууд ачилтаа хийдэггүй. Өдөр, шөнөгүй л ачаад байдаг. Гэтэл машинууд нь хилээр гарч чаддаггүй.  Үүнээс болж замын түгжрэл үүссэн. Энэ их дарааллаас болж тэнд 12-13 мянган жолооч өлсөхдөө өлсч, цангахдаа цангаж, бухимдаж, эрүүл мэндээрээ хохирч байна.  Зарим үед дараалалд удаан зогссон жолооч нар тэвчээр алдаж, засмал замаас гарч, шороон замаар явдаг. Маш олон жолооч шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа. Шороон замаар маш олон хүнд даацын машин явахаар тэр орчмын байгаль орчин сүйдэж, малын бэлчээргүй болж байна.

Малчид асар их хохирч байна. Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болчихлоо.  Энэ нөхцөл байдлыг уурхайнууд, төр засгийнхан анхааралдаа авах цаг болсон. Дээрээ төр нь үймэж байх зуур уурхайчид, тээвэрчид, малчдын дунд мөргөлдөөн ч гарахыг үгүй гэх газаргүй болчихсон.  Тийм нөхцөл байдал бий болохоор өмнө төр засаг цаг алдалгүй гаргах ёстой шийдвэрээ гаргаж, шийдвэрлэх шаардлагатай байна. 

Сүүлийн 3 жилийн хугацаанд зөвхөн “Тавантолгой”-гоос “Цагаан хад”, “Ганц модны боомт” хүртэлх энэ замд осол аваараас болж 42 хүн амь насаа алдсан. 51 хүн хүнд бэртлээ. Энэ 100-гаад хүний ард хэдэн айлын амьдрал сүйрч, хэчнээн хүүхэд өнчирч байгааг хэлэхэд хэцүү байна.  Энэ оны аравдугаар сарын байдлаар “Гашуун сухайт”-ын замд 464 зам тээврийн осол гарсан. Эдгээр ослын 58.4 хувь буюу 269 нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж гарч. Тэнд мэргэжлийн жолоочийн үнэмлэх авсан нэртэй чадваргүй жолооч маш олон байна. 18, 19 настай хүүхэд хүртэл мэргэшсэн жолоочийн үнэмлэх авчихсан тээвэр хийж байна шүү дээ. Үүнээс шалтгаалж осол аваар маш их гарч байгааг холбогдох мэргэжлийн байгууллагууд  анхаарах шаардлагатай байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 22 тохиолдол гарсан. Бүрэн бус тээврийн хэрэгслээс болж гарсан осол аваар 102 байна. Нүүрсний тээвэрлэлтэд гарч байгаа машины бүрэн бүтэн эсэхийг шалгадаг компани, аж ахуйн нэгж цөөхөн байгаа. Байцаагч нар ч ховор байна.  Уурхайнууд машины бүрэн бүтэн байдалд анхаардаггүй.  “Гашуун сухайт” авто замд машины бүрэн бүтэн байдлыг шалгах эрх байдаггүй. Авто тээврийн үндэсний төвд байдаг. Тэр нь 4, 5-хан байцаагчтай учир шалгаж хүрэлцдэггүй.  Ингээд осол гарах нөхцөл байдал бий болоод байна.

Мөн бусад тээврийн хэрэгсэлд шахуулснаас болж 20 осол гарсан бол гүйцэж түрүүлэх үйлдэл хийж, урсгал сөрсөнөөс 61 аваар гарч. Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд 190 хүн өртөж, 95 хүн толгойдоо гэмтэл авсан байна. Гэмтэл авсан 190 хүний 46 нь 1-19 насны хүүхэд, залуучууд. 118 20-49 насны эд хөдөлмөрлөх насны иргэд байлаа. Тийм учраас зам тээврийн ослыг бууруулах, “Цагаан хад” чиглэлийн тээврийг зохицуулахад онцгой анхаарах хэрэгтэй байна” хэмээн ярилаа.