ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Наранхүү өөрийгөө “эрдэнэс”-ийн сантай зүйрлэв

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн мэдээлэл олон нийтэд хүрээд байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн дүү Б.Одончимэг өөрийн “Сингапурхэльткейр сентр” ХХК-даа 800 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан нотлогдсон юм. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Ах нь зээлийг нь төлөөд өгчихнө. Нэмээд хоёр тэрбум төгрөг өгье. Наад төслөө хий. Монгол Улсад 2-3 тэрбум төгрөгийн ашиг оруулчих юм байна. Ах нь дэмжээд хүүгүй мөнгө өгье гээд хэлчихсэн. Тиймээс тайван байцгаа. Айлаас ирэхээр авдраа ух гэдэг шиг хажуудаа ямар эрдэнэ байгааг хүн төдийлөн анзаардаггүй.

Өөрийнхөө дүү болохоор “Чи чадах юмуу” гэсэн нүдээр аливаа зүйлийг хардаг. Тиймээс хийх гэж байгаа зүйлийг нь анхааралтай үзлээ. Хүн хажуудахаа анзаарч байх  хэрэгтэй юм билээ” гэсэн тайлбарыг өгч, өөрийгөө эрдэнэтэй зүйрлэв. Мөнгөтэй,  төгрөгтэй хүн өөрийгөө эрдэнэсийн сантай зүйрлэх нь аргагүй биз. Мөн  800 сая  эсвэл найман тэрбум төгрөг түүнд юу ч биш байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ жирийн иргэдийн үйлдвэрлэл байгуулах мөнгөнөөс эрх мэдэл, танил талаараа авчхаад дараа нь  ганц хоёрхон сая төгрөгийн асуудал шийдэж байгаа аятай авирлаж буй нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Тиймээс үе удмаараа төрийн мөнгө рүү ханцуй дүрж, “хулгай” хийхээ болих хэрэгтэй.