ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Та сүүгээ уусан уу” уулзалт 20 дахь удаагаа боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-17

"Та сүүгээ уусан уу?" сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын индэр-уулзалт өнөөдөр 20 дахь удаагаа боллоо. Энэ удаагийн индэр-уулзалт ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхэд хийж буй ажил, санал санаачилгууд, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд техникийн зохицуулалтын нэмэлт өөрчлөлт, цэвэр өсгөврийн хөрөнгө үйлдвэрлэх боломж, сүүний эрчимжсэн аж ахуйд тавих ерөнхий шаардлага, түүхий эд нийлүүлэлтийн систем, сүүний урамшуулал олгох тогтолцоо зэрэг асуудалд төвлөрөн ярилцаж, харилцан санал бодлоо солилцлоо. Индэр-уулзалтад малчид, фермер, мэргэжлийн холбоод, ХХААХҮЯ-ны төлөөлөл оролцсон юм.

Глобал коммунитс ОУБ нь салбарын оролцогчдын саналыг тогтмол солилцож, хамтран ажиллах санаачилгуудыг нэмэгдүүлэхийн тулд "Та сүүгээ уусан уу" мэдээллийн индэр уулзалтыг 2012 оноос зохион байгуулж эхэлсэн. Тус уулзалтыг зохион байгуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк, ХААИС, Монголын хүнсчдийн холбоо, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын сүүний нэгдсэн холбоо зэрэг байгууллага санаачилгатай оролцож, хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Мах, сүүний анхдугаар аян"-ы хүрээнд ХХААХҮЯ, Глобал коммунитс ОУБ хамтран Дэлхийн сүүний өдөр, Азийн сүүний холбооны удирдах зөвлөхүүдийн уулзалтыг зохион байгуулсан бөгөөд сүүний салбарын нэгдмэл байдлыг бэхжүүлэхээр ажиллаж байгаа юм. 

Сүүний давуу тал нь хүн амын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой, үнэ, өртгийн хувьд иргэдэд хүртээмжтэй, шим тэжээлийн хувьд бусад хүнснээс онцгой шим тэжээлтэй. Эрүүл мэндийн талаас нь, Д, А, В12 зэрэг аминдэмээр баялаг, кальци, фосфор, төмөр, магни, кали зэрэг эрдэс, омега 3, 5 зэрэг үл орлогдох өөх тосоор баялаг. Хүүхдийн өсөлт хөгжилт талаас бие махбодид маш сайн шингэдэг, яс шүдийг бэхжүүлдэг. Улаанбаатар хотын хүн амын шингэн сүүний хэрэгцээг бүрэн хангах боломж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

"Та сүүгээ уусан уу" индэр-уулзалтаар 2012 оноос хойш сүүний урамшууллын асуудлыг хөндөж эхэлсэн. Үндэсний үйлдвэрт сүүгээ тушаасан малчид, фермерт урамшуулал олгосноор тэдний ашиг орлого нэмэгдээд зогсохгүй үйлдвэрүүд хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой. Нөгөөтэйгүүр сүүний чанар, стандартыг хангуулах, мөшгих тогтолцоог нэвтрүүлэх, хамтын ажиллагааг хангах, шингэн сүүний өртгийг багасгах, түүхий эдийн улирлын болон импортын хамаарал бууруулах ач холбогдолтой гэж мэргэжлийн холбоо хэллээ. 

Энэ үеэр сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, уг аж ахуйд хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор "Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйд тавигдах ерөнхий шаардлага" стандартын талаар танилцуулсан. Уг стандартыг сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж болон сүү боловсруулах үйлдвэр, хэрэглэгч, хяналтын байгууллагууд дагаж мөрдөх юм. Сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй гэж өмчилсөн эсвэл эзэмшиж ашиглаж буй газарт сүүний фермийн үйл ажиллагаа эрхэлж, сүүг жилийн турш тасралтгүй үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж буй ашгийн төлөө ажиллаж байгаа аж ахуй гээд барилга байгууламж, малын тэжээллэг, арчилгаа, маллагаа, малын эрүүл мэнд, эрүүл ахуй, хог хаягдалд тавих ерөнхий шаардлагуудыг стандартад дурджээ.

Сүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл, "Дижитал медик" компани хамтран түүхий эд нийлүүлэлтийн системийн хөгжүүлэлтийг хийжээ. Систем их энгийн бөгөөд бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноог хэрэглэгч уншуулахад гарал үүсэл, мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан үнээний сүү эсэхийг харна. Энэ нь эцсийн хэрэглэгчид чиглэснээс гадна үйлдвэрүүд дотоод үйл ажиллагаагаа хянах боломжийг давхар олгож байгаа юм.