ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Nikkei.com: ЖДҮХС-гийн дуулиан Монголын улс төрийг ганхуулж эхэллээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-19

Японы эдийн засгийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага болох “Nikkei.com” сайтад Монголд өрнөж буй улс төрийн бужигнаан, ЖДҮХС-гийн талаар мэдээлэл нийтлэгджээ. Уг мэдээллийг “Тэд бидний тухай” буландаа орчуулан хүргэж байна. 

Жижиг дунд үйлдвэрлэл­ийг дэмжих сангийн дуулианд нэр холбогдсон албан тушаалтнуудыг шалгахыг шаардан хэдэн зуун жагсагчид хасах хэмийн хүйтнийг ч үл ажран Төрийн ордны өмнө жагслаа. “Би энд ард түмнээсээ хулгай хийсэн хулгайчдын эсрэг тэмцэхээр ирсэн. Тэд хуулийн өмнө очтол би тэмцэх болно” хэмээн тус жагсаалд оролцох 60 гаруй насны  худалдагч Ө.Мөнхцэцэг хэлэв. 

Засгийн газраас зээл авч, бизнесээ өргөжүүлж чадалгүй олон жилийг үр ашиггүй өнгөрөөсөндөө бухимдан уг жагсаалд оролцож байгаа нь энэ аж. Арилжааны банкууд бизнес эрхлэгчдэд 20 хувийн хүүтэй зээл олгодог бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нь гурван хувийн хүүтэй зээл олгодог байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын гурван сайд өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ бизнесийг дэмжиж, ЖДҮХС-гаас бага  хүүтэй зээл авч,  ашиг орлогоо нэмэгдүүлсэн байх бөгөөд түүнийгээ зөвтгөсөн мэдэгдэл хийсний дараа 2018 оны хамгийн том улс төрийн жагсаал Төрийн ордны өмнө эхэлсэн юм. Уг дуулианд 10 гаруй хууль сахиулагч мөн хууль сахиулахын өндөр албан тушаалтнууд  нэр холбогджээ. 

Одоогоор ЖДҮХС-гийн тэргүүн баривчлагдаж, сангийн үйл ажиллагааг хянах ёстой хэдий ч өөрсдөө ашиг хүртсэн сайд, ерөнхий аудитор нар албан тушаалаасаа огцроод байна.  Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас мэдэгдсэнээр, сангууд­ын дуулиан шийдэгдэх хүртэл 3500 гаруй компани татвар төлөхгүй гэдгээ мэдэгджээ. 
Үүнээс гадна МХАҮТ-аас  санхүүгийн систем дэх ил тод байдлыг хангаж, нийтийн санхүүгийн зарцуулалт, хуваари­лалтыг шударга хүртээмж­тэй болгох үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан байна. Тэд мэдэгдэлдээ “Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын эдийн засагт хямралын дараах нөхцөл үүссэн. Гэсэн хэдий ч, төрийн өндөр албан тушаалтнууд бизнесийг дэмжих ёстой сангуудын хөрөнгийг өөрсдийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан ямар ч хяналтгүйгээр завшиж байна” хэмээн дурьджээ. 

Британийн Колумбийн их сургуулийн Азийн судалгааны институтийн профессор Жулиан Дьеркесийн тэмдэглэснээр,  жагсаалын цар хүрээ улам тэлж магадгүй гэнэ. Тэрбээр өөрийн блоктоо “Хэрвээ эрх мэдэлтэн, холбогдох байгууллагууд авлига­тай холбоотой олон нийтийн уур бухимдлыг үл тоовол өөрчлөлтийг шаардсан маш том эсэргүүцэлтэй тулгарах болно” гэж бичжээ. Түүхий эдийн үнийн уналтын дараа санхүүгийн хямралд өртсөн Монгол Улс өнгөрсөн жилээс Олон улсын валютын сангийн 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр­ийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний зэрэгцээ улстөрчид хөрш БНХАУ-ын худалдаа, санхүүгийн дэмжлэгээс хэт хамааралтай байхаас зайлсхийхийг эрмэлздэг юм. 

ЖДҮХС-гийн дуулиан Сөрөг хүчин болох Ардчилсан намын Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын Засгийн газар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хоорондын Үндсэн хуулийн мухардлыг улам хурцатгасан. Х.Баттулга Ардын нам олонхийг эзлэх УИХ, парламентын Засгийн газрыг тараахыг шаардаж байгаа бол У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг зээлээ эргүүлэн төлж, ард түмнээс уучлалт гуйхыг шаардаж байгаа юм. Гэтэл, тус дуулиан Ардын намынхныг хагаралдуулж, зарим гишүүд нь өөрсдийн кабинетын эсрэг санал өгөхийг уриалах болов. Сайд асан, улстөрч Ц.Цолмон “Маш олон бизнес эрхлэгчид улс төрийн нөлөөллөө ашиглан ЖДҮХС-гийн мөнгийг завшсаны балгаар нийгэм авлигад идэгдэж, илүү бохир болж байна. У.Хүрэлсүх шиг хүчирхэг улстөрч шударга ёсыг тогтоохын тулд тэмцэх ёстой. Харин МАН улс төрийн тогтвортой байдлаа хангах шаардлагатай гэж бодож байна”  гэж ярив.  
Мөн “Бүрэлдэхүүн нь нэг, эсвэл хоёр жил тутамд өөрчлөгддөг тогтворгүй Засгийн газартай байвал гадны хөрөнгө оруулалт сайжрахгүй” гэж нэмж хэллээ.