ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

TheDiplomat: АНУ-Монгол ба гуравдагч хөршийн худалдааны хууль

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-20

“The Diplomat” сэтгүүл нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын улс төр, геополитикийн талаар судалгаа, шинжилгээтэй  мэдээ мэдээллийг бэлтгэдэг. Тэгвэл уг сэтгүүлд манай улсын, тэр дундаа гуравдагч хөршийн бодлого, Гуравдагч хөршийн худалдааны хуулийн тухай мэдээлэл нийтлэгдсэн байна. Нийтлэлийг уншигчиддаа орчуулан хүргэе. 

Монгол Улс дэлхийн бусад улс оронтой эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхдээ  мөнхийн хөрш болох ОХУ, БНХАУ гэсэн  хоёр гүрэнтэй зөрчилдөхгүйн тулд гуравдагч хөршийн бодлогыг баримталдаг. 2017 онд АНУ, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон бөгөөд 1987 оноос хойш өнгөрсөн 31 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа эдийн засгаас эхлээд соёл, батлан хамгаалах салбарт ч өргөжин тэлжээ. 

Харин эдүгээ АНУ, Монгол хоёр улс худалдааны салбарт хамтрахаар ажиллаж байгаа юм. Тодруулбал, 2018 оны долдугаар сарын 26-нд АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Тед Ёхо бусад есөн гишүүний хамт АНУ-Монголын худалдааны хуулийг Конгресст өргөн барьсан. Тэдний өргөн барьсан хууль нь ноолуур, сүлжмэл эдлэл шиг зарим импортын барааг гаалийн татвараас чөлөөлөх замаар Монгол-АНУ-ын худалдааг дэмжих зорилготой юм. Мөн Монголын экспортыг нэмэгдүүлэн зах зээлийг төрөлжүүлж, Монголын эдийн засгийн хөгжлийн ерөнхий төвшинд чухал ач холбогдолтой. 

Тэгвэл үүний дараа буюу 2018 оны долдугаар сарын 30-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж, дэмжиж буй хүмүүст талархал илэрхийлсэн байдаг. Хууль Монголын эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдгийн хамгийн тод жишээ нь өндөр чанарын ноолуур, бусад нэхмэл, сүлжмэл эцсийн бүтээгдэхүүний экспорт юм. Монгол бол БНХАУ-ын дараа орох дэлхийн хоёр дахь том ноолуур үйлдвэрлэгч орон. 

Харин Хятад Монголын түүхий ноолуур, сүлжмэл материалын  гол худалдан авагч бөгөөд худалдан авсан түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж, дэлхийн  зах зээлд гаргахдаа “Хятадад үйлдвэрлэв” гэх шошго наадаг юм.  

Ерөнхийлөгч Х.Баттулга ч “Зөвхөн 2017 онд гэхэд Монгол Улс  дэлхийн ноолуурын зах зээлийн бараг 50 хувь буюу 9400 тонн түүхий ноолуур бэлтгэснээс ердөө 1100 тонныг нь л дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Харин үлдсэн 8300 тонн ноолуурын дийлэнхийг  түүхий хэлбэрээр нь нэмүү өртөг шингээлгүйгээр Хятад руу экспортолсон байна” хэмээн онцолсон удаатай. Хэрэв тус хууль батлагдвал Монгол БНХАУ шиг дундын зуучлагчийг алгасаж, эцсийн бүтээгдэхүүнээ АНУ руу татваргүйгээр экспортлох боломж бүрдэнэ. Түүнчлэн, хууль нь АНУ, Япон, Монгол Улсын эдийн засгийн гурван талт үйл ажиллагааг дэмжих юм. Монгол 2015 онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж байв. 

Монголын гуравдагч хөршийн худалдааны хууль АНУ, Монголын аль аль талын харилцаанд эерэг өөрчлөлт авчирна. Хууль одоогоор АНУ-ын хууль тогтоох процессын дагуу хэлэлцэгдэж буй бөгөөд Төлөөлөгчдийн танхимын 12 гишүүний дэмжлэг аваад байна. 

2018 оны аравдугаар сарын 23-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх АНУ-ын Төрийн департментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхлэх газарт ажлын айлчлал хийж, хоёр улсын харилцааг бэхжүүлэх асуудлаар санал солилцжээ.  Харин уг айлчлалын дараа Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхлэх газар албан ёсны хуудастаа “Монгол бол Ази, Номхон далайн бүс нутгийн гол түнш” хэмээн тэмдэглэсэн байдаг. Геополитикийн үүднээс авч үзвэл, АНУ Ази, Номхон далайн бүс нутаг дахь байр сууриа бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа сайжруулах ардчилсан орныг эрэлхийлж буй. 

Нөгөөтэйгүүр, Монголын бүс нутаг дахь идэвхтэй үйл ажиллагаа нь цаг үеэ олсон, үр ашигтай, эдийн засгийн ач холбогдолтой байгаа юм. Энэ нь Монголын Гадаад бодлогын зорилтуудыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг олгож байна.         

Түүнчлэн, А.Гансүх Монголын Засгийн газар Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдана гэдэгт ихээхэн найдаж буйгаа айлчлалын үеэр дурьджээ. АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд асан Жонатан Аддлетон “Миний бодлоор хуулийг батлавал Монгол, АНУ-ын аль алинд нь эерэг алхам болно. Малын гаралтай бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлвөл, тухайн бүтээгдэхүүн АНУ-ын дотоодын үйлдвэрийн бусад бүтээгдэхүүнтэй шууд өрсөлдөөн үүсгэхгүйн дээр Монголын эдийн засаг, экспортыг төрөлжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна” гэж манай сэтгүүлд ярилцлага өгөх үедээ онцолсон юм. Эцэст нь, хэрэв Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг АНУ-ын хууль тогтоогчид батласан тохиолдолд Монголын экспортын мухардмал байдал, АНУ-БНХАУ-ын худалдааны алдагдлыг шийдвэрлэхээс гадна дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд Монголын эдийн засгийн байр суурийг өргөжүүлэх юм.