ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

400 гаруй хүний аминд хүрсэн “Үхлийн галт уул” дахин оргиллоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-21

Гватемалын аялал жуулчлалаараа хамгийн алдартай хотуудын нэг болох Антигуагаас баруун зүгт ердөө 16 км-т, нийслэл Гватемал хотоос 35 км-ын зайд байрлах Фуэго галт уул таван сарын дараа дахин идэвхжиж, 4000 орчим ард иргэдэд аюул заналхийлж эхэллээ. Фуэго галт уул байнга идэвхтэй байдгаараа зартай. Тодруулбал, бага зэрэг хий, үнс 10-20 минутын давталттай оргилж байдаг ч, томоохон дэлбэрэлтүүд ховор тохиолддог байсан гэдэг.

 Гэвч, энэ жил таван удаа хүчтэй дэлбэрэлт болсон байх бөгөөд үүнээс хоёр нь ард иргэдийн амь насанд аюул учруулах хэмжээнд байжээ. Нэг дэх нь, өнгөрөгч зургадугаар сард болсон бол хоёр дахь нь энэ удаагийнх юм.

Галт уул даваа гарагт дэлбэрсний дараа 4000 орчим иргэнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор хүн гэмтэж, бэртсэн гэх мэдээлэл байхгүй байна.

Ерөнхийдөө ням гарагаас эхлэн галт ууланд цаг тутамд, их бага хэмжээний дэлбэрэлт болж байсан бөгөөд даваа гарагт галт уулын тогооноос 500 метр орчмын өндөрт халуун лаав цацагдаж, халуун лаавын урсгал газрын гадаргууд их хэмжээгээр гарч ирснээр эргэн тойрондоо үнс нурангийг бий болгожээ. Халуун лааваас гадна нүүрстөрөгч, хүхрийн давхар исэл, хлорт устөрөгч болон үнс их хэмжээгээр агаар мандалд цацагдаж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Учир нь агаарт тархсан хортой бодисууд нь борооны дуслуудад ууссанаар хүчиллэг бороог оруулдаг аж.

Эдүгээ “Үхлийн галт уул” хэмээн нэрлэгдэж буй Фуэго ууланд  өнгөрсөн зургадугаар сард асар хүчтэй дэлбэрэлт болсны дараа 400 гаруй хүн амиа алдаж, сураггүй алга болсон юм. Тухайн үед галт уулаас оргилсон утаа, үнс нурам 10 км-т баганалан суунаглаж байсан бөгөөд 3000 гаруй хүн орон гэрээ орхин аюулгүй газар бараадаж, 1.7 сая гаруй хүн эрүүл мэнд, эдийн засгаараа хохирч байв.

Үүний дараа тус улсын  иргэд Засгий газрын агентлагуудыг буруутгаж эхэлсэн байдаг. Харин энэ удаа Засгийн газрын агентлагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авч, галт уул оргилохоос өмнө иргэдийг нүүлгэн шилжүүлж амжжээ.