ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Петро Матад”-ын хувьцаа 24 хувиар уналаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-27

Монголын тэргүүн баячуудын нэг “Петровис”-ын  Ж.Оюунгэрэлийн хамаарал бүхий олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны компани болох “Петро Матад Лимитед” компанийн тухай Их Британийн эдийн засгийн мэдээ мэдээллийн “proactiveinvestors” сайт мэдээлжээ. 

Тус мэдээллийг уншигчиддаа орчуулан хүргэе. Үүнд “Хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Петро Матад Лимитед” компани “Wild horse” талбайд газрын тос илрүүлэх хайгуулын ажил хийсэн ч, энэ нь бүтэлгүйтсэн. Тэгвэл уг бүтэлгүйтлийн дараа компанийн хувьцааны ханш даваа гарагт 40 гаруй хувиар огцом уналаа. Тус компани хөрөнгийн зах зээлд хийсэн мэдэгдэлдээ Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг дахь газрын тосны хайгуулын талбайд 1490 метрийн гүн цооног өрөмдсөн гэдгээ дурьдсан юм. Гэвч, өрөм газрын элсэн гадаргад хүрсэн бөгөөд урьдчилан тооцоолж байсан шиг ямар ч газрын тос илрээгүй байна. Үүнээс гадна өнгөрөгч есдүгээр сард “Snow Leopard” талбайд хийсэн хайгуулын ажил ч олигтой үр дүнд хүрээгүй юм. Одоогоор тэд “Snow leopard” болон “Wild Horse” газрын тосны хайгуулын талбайн мэдээллийг шинжилж, ойр орчмын нөөцийг үнэлэх ажлыг хийж буй аж. Петро Матадын гүйцэтгэх захирал Майк Бак “Wild Horse I талбайд хийсэн хайгуулын өрөмдлөгийн үр дүнд сэтгэл дундуур байна. Гэхдээ талбай хэт том байсан. Бид одоо IV блокийн бусад талбайн хайгуулын ажлын үр дүнг харна. Мөн цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн Баацагааны сав газрын  нөөцөд дахин үнэлгээ хийх болно” гэж ярив.  

“Wild Horse” хайгуулын талбайд компани өвлийн эхэн үе хүртэл өрөмдлөг хийнэ. Улмаар 2019 оны төлөвлөгөө батлагдах хүртэл хайгуулын багийнхан Монголын өвлийг түр хугацаанд амарч өнгөрүүлэх юм. 

Харин Петро Матадын мэдээлж буйгаар үр дүн гараагүй “Wild Horse” талбайд хайгуул хийх цаг хугацаа болон төсвийг аль хэдийнэ батласан бөгөөд ирэх жил тус талбайд хийгдэх хайгуулын ажлын 25 сая ам.доллараар бүрэн санхүүжүүлэх гэнэ. Бак “Бид 2019 онд өрөмдлөгийн хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлнэ. Одоо бид тэргүүлэх чиглэл, зорилгоо тодорхойлж байна” хэмээн нэмж хэлэв. 

Түүнчлэн, “Бид V блогт газрын тосны асар их нөөцтэй гурав, дөрвөн талбайд хайгуул хийхээд судалж байна” гэжээ. Гэвч Петро Матадын хувьцаа даваа гарагийн өглөө 40.4 хувиар огцом уналаа” гэсэн байна. 

“Петро Матад Лимитед” нь 2008 оны тавдугаар сарын 01-ний өдөр Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлсэн нь олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголын эзэмшил давамгайлсан хамгийн анхны компани болсон аж.