ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Дэмбэрэл: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох гэж яарах хэрэггүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-28

-Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалсан орчныг бий болгож байж зээлийн хүүг бууруулах асуудлыг ярих ёстой-


Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлтэй  ярилцлаа. 

-Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох тухай яриад байгаа. Бүр хуулийн төсөл ч өргөн барьсан.  Ийм хууль гаргаад зээлийн  хүү буурах болов уу?

-Хоёр байр суурь бий. Бусад улс оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог учраас Монгол Улс энэ жишгийг дагах ёстой гэж үздэг хэсэг байгаа. Монгол Улс зээлийн хүү өндөр 20 орны нэгд багтдаг учраас зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчилъя гэж ирээд ярьдаг л даа. Зээлийн хүүг хуульчилж тогтоогоод үр дүн өгөөгүй, хүссэнээс эсрэг үр дүн гардаг гэсэн тайлбар бас дуулддаг. Орлого багатай хэсэг, жижиг бизнест олгож байсан зээл ийм шалтгаанаар хамгийн ашигтай бүс нутаг руу шилждэг. Тэр байтугай газар зүйн хувьд ч шилжих нь бий. Зарим бүс нутгийн хувьд санхүүжүүлж байсан зээлээ хумьдаг гэх мэт үр дагавар үүсдэг. Ийм учраас өөр байдлаар буюу зөөлөн хүчний аргаар шийдэх ёстой. 

-Зээлийн хүүний дээд хязгаарыг хуульчилсан улсууд байна уу?

-Зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоосон улс орнууд байна. Энэ улсуудыг харахаар шууд хууль гаргаад тогтоочихдоггүй юм байна л даа. Зөвлөмжийн шинж чанартай тогтоох уу, хуульчлах уу, хэзээ яаж ямар хэлбэрээр тогтоох вэ гэх мэт янз бүрээр үздэг тогтолцоонууд бий. Монголбанк зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчин бий болгох олон улсын туршлагыг судалсан. Судлаад үзэхээр зээлийн хүүг шууд тогтоох нь үр дүнгээ өгдөггүй нь батлагдлаа. Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкны сүүлийн үеийн судалгаанаас харахад, улс орнууд тодорхой цаг хугацаанд зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоосон ч муу үр дагавар нь зонхилж байна.  Хөгжилтэй орнуудаас Японыг жишээ татъя. Японд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосны дараа мужуудаас зээлийн үйл ажиллагаа зугатах үзэгдэл ажиглагдсан. Тухайн мужийн тодорхой зорилтот хэрэглэгчдэд олгож байсан зээлийн хэмжээ нь багассан байдаг. Европын холбооны хувьд 24 орноос 10 гаруй нь  хэрэглээний зээлийн зарим төрөлд тогтоосон туршлага байна. АНУ-ын тухайд муж болгонд өөр өөр. Зарим мужид зээлийн хүүг хатуу тогтоосноосоо буцаж эхэлсэн байх жишээний.

Маргалдаж байгаа талуудын хамгийн гол ярих зүйл нь зээлийн хүүний асуудал биш л дээ. Монгол Улсын бодит байдлыг судлаад үзэхээр банкны төлбөр тооцоо болон банкны  холбогдох хуулиудад, иргэний хуульдаа зээлийн гэрээ, түүнтэй холбогдож үүсч гарах харилцааг тодорхой болгох хэрэгтэй. Сүүлийн үед санхүүгийн хэрэглэгч гэсэн томъёолол хүчтэй гарч ирж байгаа. Бид бүгдээрээ санхүүгийн хэрэглэгчид. Ямар нэгэн төлбөр тооцоо, зээлийн гэрээ харилцаанд орсноор бид санхүүгийн хэрэглэгч болдог юм. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг шиг санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомж, эрх зүйн орчин Монгол Улсад маш бага. Монголбанк ноднин жилээс л санхүүгийн хэрэглэгч гэсэн нэр томъёо гаргаж ирлээ. Төв банк санхүүгийн хэрэглэгчийн боловсролд түлхүү анхаарч байна.  Иргэний хуулийг судлаад үзэхээр аливаа гэрээ хэлцэл талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байдаг. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь эдийн засгийн утгаараа эрэлт ба нийлүүлэлт гэсэн үг. Зээл өгөх, авах талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тэнцэж байж зээлийн хүү зохистой төвшинд тогтоно. Энэ хүсэл зоригийг нийцүүлэхийн тулд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бий болох учиртай. 

-Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр Монголбанк ажиллаж эхэлсэн үү?

-Хуулийн төслийг нь боловсруулаад дуучихсан. Намрын чуулганаар Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль хэлэлцүүлэгт орно. Дахиад хэлэхэд,  зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох гэж яарахаас илүү санхүүгийн хэрэглэгчийг хамгаалсан орчныг бий болгох хэрэгтэй. Зээл хадгаламжийн хүүгийн зөрүү буурах макро эдийн засгийн бодлогыг ч анзаарах учиртай.  Микро талаас зээлийн хүүг өндөр болгодог хадгаламж, банкны үйл ажиллагааны зардал, эрсдлийн сан гэх мэт асуудал бий. Гол бүрэлдэхүүн хэсгүүд нь энэ л дээ. Банкны үйл ажиллагааны зардал дээр гэхэд л блокчейн буюу санхүүгийн технологи хүчтэй яригдаад эхэллээ. Арилжааны банкууд зардлаа бууруулах сонирхлоор энэ технологийг хэрэглэж эхэлсэн.  Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо 2013 онд гаргасан зээлийн хүүг бодох журам зэргээ өргөжүүлж “Санхүүгийн хэрэглэгчийн гарын авлага”-ыг боловсруулаад дуусч байна. Банк төдийгүй банк бус санхүүгийн байгууллагын зайлшгүй мөрдөх баримт бичиг болно. Европын холбооны улсад гэхэд зээл авахын тулд хэрэглэгчдээ бодох хугацаа өгдөг. Тодорхой хугацааны дараа зээлээсээ татгалзах хүртэл эрхийг нь нээгээд өгчихсөн байдаг. Бид ч гэсэн санхүүгийн хэрэглэгчдэд эргэцүүлэн бодох хугацааг хуулийн хүрээнд нээж өгөх гэж байна. 

-Зээлийн хүүг бууруулах стартеги батлагдсан. Эндээс анзаарахад зээлийн хүү урт хугацаандаа бага багаар буурах л боломжтой гэсэн ойлголт төрсөн. Ер нь зээл, хадгаламжийн хүүгийн зөрүүг ойртуулах чиглэлээр хэр үр дүн гарч байна вэ?

-Энэ бол стратегийн чиглэлүүд. УИХ-ын гишүүд “Өө 2023 онд юм уу, таваас долоохон хувиар уу” гэж голонгуй ярьж байна л даа. 1990 оноос өнөөг хүртэлх зээлийн болон хадгаламжийн хүү хоорондын зөрүүг анзаараарай. Ерээд оны эхэнд үед 100 гаруй хувиар хэмжигдэж байсан. Харин одоо зээл, хадгаламжийн хүүгийн зөрүү 6.3 байна. Энэ зөрүүг л буулгах асуудал шүү дээ. Хадгаламж дээр “10 гаруйхан мянган хадгаламж эзэмшигч байна. Бүгдийг нь будаа болго, хадгаламжийнхаа хүүг багасга” гэсэн яриа хөөрөө бий. Үнэн үү гэвэл үнэн. Жингийн туухай дээр тавиад харахаар 890 мянган хүн зээлтэй, 15 мянган хүн нийт хадгаламжийн 60-аас дээш хувийг эзэмшдэг. Энэ рүү нь дайрчихъя гэсэн сэдлийг өдөөхөөр үзүүлэлт. Хадгалмжийн хүүнд “16-хан мянган хүний эрх ашиг ямар хамаа байсан юм” гэж хандаж болдоггүй. Томоохон хадгаламж эзэмшигчид хуримтлалыг өсгөх зорилгын нэлээд чухал хэсэг нь. Өөрөөр хэлбэл,  тэд банкны эх үүсвэрийг бүрдүүлж өгдөг. 

-Том хадгаламж эзэмшигчдээ шахаад эхэлбэл банкны эх үүсвэр рүү л дайрч байгаа хэлбэр юм байна. Банкны эх үүсвэр багасвал зээл хумигдана, зээл хумигдах хэрээр эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж ойлгож болох нь ээ?

-Ер нь тийм л дээ. Үүний оронд хадгаламжийн хүүг бууруулах арга хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй. Бодлогын хүүнээс гадна өөр арга хэрэгслүүд бий. Жишээ нь заавал байлгах ёстой нөөцийн шаардлагаа бууруулж эхэлж байна. Өөрөөр хэлбэл банкны нэг хэсэг мөнгийг төв банкин дээр хадгалдаг харьцааныхаа хувь хэмжээг багасгаж эхэлсэн. Сүүлийн үед хэрэглээний зээл давамгайллаа гэж их ярьж байгаа. Саяхан хэрэглээний зээл дээр тухайн өрхийн орлого зээлийн зохистой харьцааг 70 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Иймэрхүү зохицуулалт хийгдэж байна. Цаашдаа ч хийгдэнэ. 

-Та УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн барьсан хуулийн төсөлтэй танилцсан уу?

-С.Эрдэнэ гишүүн уншаагүй байж битгий юм ярь гэж телевизээр хэлнэ лээ. Тийм учраас би уншаагүй байж олон юм ярихгүй. Гэхдээ би ерөнхий концепцийг нь мэднэ. С.Эрдэнийн яриад байгаа, миний хэлээд суугаа асуудлуудад уулзах цэг байх боломжтой. Өөрөөр хэлбэл шууд хатуу тогтоохгүйгээр зөвлөмжийн шинж чанартай тогтоох гарц бий. Энэ бол зөвхөн банкуудын асуудал биш. Үүнийг харин С.Эрдэнэ их зөв ажигласан байсан. Банк бус санхүүгийн байгууллагууд, ломбардуудад анхаарах асуудал бий. Би УИХ-ын гишүүн байхдаа ломбардын асуудлыг зохицуулах гээд чадаагүй. Ломбардууд СЗХ-ны эрхлэх ажлын хүрээнд байх ёстой. Учир нь ломбардын үйл ажиллагаа бол иргэн хүнд үзүүлж байгаа санхүүгийн  үйлчилгээ. Санхүүгийн үйлчилгээ бодлогын хувьд аль нэг санхүүгийн байгууллагад харъяалагдах шаардлагатай. С.Эрдэнийн яриад байгаа мөнгө хүүлэлт ломбарданд бий. 

-Ер нь олон улсад мөнгө хүүлэлтийн асуудлыг хэрхэн шийдсэн байдаг юм бол. Тодорхой жишээнүүд дурдаач?

-Мөнгө хүүлэлтийн хүүний таазыг тогтоосон хуулиуд олон бий. Чехийн хууль тогтоомжид мөнгө хүүлэлтийг өндөр хүүтэй зээл гэж үзэж сайн ёс суртахуун дээр суурилж,  иргэний хуулийн гэрээний хэсэгтээ маш нарийн тодорхойлж өгсөн. Европын холбоо болон бусад улс орнуудын зээлийн хэт өндөр хүү, мөнгө хүүлэлтийн чанартай зээлийн үйл ажиллагааг анзаарахаар бүр эртний “good moral” буюу “сайн ёс суртахуун” гэсэн ойлголттой холбогддог. Капиталист нийгэм ёс суртахуунаар амьдардаг. Хуулиас гадна ёс суртахууны хуулин дор захирагддаг. Хууль нь хүчтэй эдгээр улсад Монгол шиг  мөнгө хүүлэлт эртнээс байсан. Монголд ч эртнээс байсан зүйл. Даашинхүүгийн пүүсийн өрийн бичгийг шатааж явсан түүх бидэнд бий. Өөрөөр хэлбэл,  Европын улсууд сайн ёс суртахуун дээр суурилсан хуулийн зөөлөн хүчийг ашигладаг. Жишээ нь Английн банкны холбоо санаачлаад Хариуцлагатай зээлийн зарчим гэж гаргасан байдаг. Тэр зарчмаараа ёс зүйн код гаргаж, түүнийг нь банкууд нь хүлээн зөвшөөрсөн байдаг. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хүчтэй зөрчсөн, хохироосон кейсүүд гарвал гарын үсэг зурсан банкийг нь онилдог. Бүр тодруулж хэлбэл ёс зүйн кодод гарын үсэг зурсаныг нь болиулдаг.  Нэрлэн ичээх гэсэн ойлголт байдаг юм. Ёс зүйн кодод гарын үсэг зуруулахаас татгалзуулах нь тухайн банкны хувьд дээд зэргийн ичгүүр байдаг. Монголын банкны холбоо үүнийг хийх ёстой. 

-Банкууд энэ чиглэлийн ажил хийж эхэлсэн болов уу?

-Эхнээсээ тогтвортой санхүүжилт, ногоон зээл гэх мэтээр хийж байна л даа. “Голомт” банк  гэхэд л зээлийн хүү бууруулах стратегийг санаачиллаа. “Хас” банк зээлийн хүүдээ тодорхой хязгаар тавьж, тэр хязгаараасаа  хэтрүүлэхгүй гэж  байна. Банкууд хариуцлагатай зээлийн зарчмыг өөрсдөө санаачлаад хэрэгжүүлэх боломжтой. Миний сонссоноор энэ талд анхаараад тодорхой ажлууд эхэлсэн сураг байсан шүү. Зээлийн хүүг бууруулах санааг ажил болгоё гэвэл  энэ мэт бодлого, хандлага, санаачлагаар хандах хэрэгтэй. Тэгж байж үр дүнгээ өгнө. 

-Зээлийн хүүг ойрын хугацаанд мэдрэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломж хэр байгаа вэ?

-Миний хэлсэн шиг арга замаар явбал зээлийн хүүг ойрын хугацаанд бодитойгоор, дорвитойгоор бууруулах боломжтой. 

-Таны түрүүн хэлсэн сайн ёс суртахууны тухай ойлголт манай улсын хууль тогтоомжид бий юу?

-Иргэний хуульд нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж болохгүй гэсэн Дээд шүүхийн тайлбартай ойлголт байна. Сайн ёс суртахуун гэсэн ойлголттой агаар нэг л дээ.