ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Трамп, Ши Жиньпин нар “Их-20”-иор нүүр тулна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-11-28

Аргентины нийслэл Буэнос Айрэс хотод маргааш 13 дахь удаагийн “Их-20” бүлгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болох билээ. Тэгвэл уг уулзалтын үеэр эдүгээ худалдааны “дайн” зарлаад буй АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд нүүр тулж, худалдаа эдийн засгийн талаар хоёр талт уулзалт хийхээр болжээ. Тэд энэ үеэр ямар ойлголцолд хүрч, ямар асуудлыг хэлэлцэх нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Тэрбээр энэ айлчлалын үеэр Буэнос Айрэс хотод болох Их-20-ын бүлгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Түүнийг тэргүүн хатагтай Пэн Лиюань, ХКН-ын УТТ-ны гишүүн, ХКН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны хэрэг эрхлэх газрын дарга Дин Шюешян, ХКН-ын Төв хорооны УТТ-ны гишүүн, ХКН-ын гадаад хэргийн ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жечы, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И, Бүх Хятадын УТЗЗ-ийн орлогч дарга, Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дарга Хэ Лифэн нар дагалдан яваа юм байна. 

Их-20-ын уулзалт хоёр өдрийн турш үргэлжилнэ. АНУ-ын Цагаан ордноос мэдээлж буйгаар энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нартай хоёр талт уулзалт хийхээр төлөвлөжээ. 

Мэдэгдэлд дурьдсанаар, АНУ, Хятадын төрийн тэргүүнүүдийн хэлэлцэх гол асуудал нь хоёр улсын худалдааны харилцаа, хамтын ажиллагаа байх гэнэ. Тэд одоо тулгараад буй АНУ, Хятадын худалдааны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцохоос гадна ирэх жилийн нэгдүгээр сараас 200 тэрбум ам.доллартай тэнцэхүйц импортын бараа бүтээгдэхүүний татварыг одоогийн 10 хувиас 25 хувь болгон нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх эсэх талаар ярилцах аж. Энэ талаар АНУ-ын Цагаан ордны Эдийн засгийн зөвлөх Ларри Кудров “Хятадын тал оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хулгайлах асуудлаа шийдэх зэргээр хэд хэдэн нөхцлийг биелүүлсэн тохиолдолд хоёр тал тохиролцоонд хүрэх боломжтой. Бид Хятадаас хариу хүлээж байна” гэж ярьжээ. Түүнчлэн, Доналд Трамп ч хэвлэлд ярилцлага өгөхдөө Хятадын хариу арга хэмжээ хангалтгүй байвал татварыг нэмэх арга хэмжээнээсээ буцахгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа хэмээсэн байв. Тиймээс “Их-20” бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтад хоёр улсын төрийн тэргүүн дээрх асуудалд хэрхэн санал нэгдэх нь анхаарал татаж байна. 

Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадаас тус улс руу нийлүүлж буй 100 гаруй нэр төрлийн бараанд 25 хувийн татвар ногдуулах баримт бичигт өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд гарын үсэг зурсан. Тэгвэл үүнээс 10 хоногийн дараа БНХАУ мөн АНУ-ын 128 нэр төрлийн бараанд 15-25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны хооронд “худалдааны дайн”-ыг эхлүүлсэн юм. АНУ-ын эрх баригчдын хувьд Хятадын бараанд татвар ногдуулах болсон шалтгаанаа Америкийн компаниудын оюуны өмчийг хятадууд хулгайлж ирсэнтэй холбон тайлбарладаг. Дашрамд дурьдахад, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Их-20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахаар төлөвлөсөн хэдий ч, тус уулзалт цуцлагдах магадгүй гэнэ. Учир нь Керчийн хоолойд онцгой байдал үүсч, Украин дайны бэлэн байдалд шилжсэнээр АНУ-ын төрийн тэргүүн эл шийдвэрийг гаргажээ. Тэрбээр “Би В.Путинтай хийх уулзалтаа цуцалж магадгүй. Надад түүний түрэмгий байдал тайлагдахгүй байна. Европт ч таалагдах учиргүй” гэжээ. Гэхдээ Керчийн хоолойд болсон явдлын талааар хангалттай нотлох баримт гарч ирсэн тохиолдолд ОХУ-тай яриа хэлэлцээр хийхгүй юм байна.