ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрийдлээр залилах хэрэг ихэсчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-28

Сүүлийн үед Солонгос, Японд хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон тус яамны ажилчдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлэх, хуурч мэхлэн  мөнгө авах зэрэг залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас сэрэмжлүүллээ.

БНСУ-д ажиллах хүч илгээх ажлыг Монголын талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Солонгосын талаас тус улсын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар хариуцан зохион байгуулдаг аж. Харин хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага хийдэггүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Япон улсад Монгол Улсын иргэдийг ур чадварын дадлагажигчаар илгээх ажлыг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар дамжуулан зохион байгуулдаг байна. Тусгай зөвшөөрөл бүхий зуучлагч байгууллага таныг Японд хүлээж авах компанийн ярилцлагад оруулан болзол хангаж чадвал эрүүл мэндийн үзлэгт хамруулж тэнцсэн тохиолдолд Японы талаас оршин суух зөвшөөрлийг тухайн компани авч ирүүлдэн ажээ.

Үүний дараа Японы ЭСЯ-наас виз хүснэ. Энэ олон шатны ажил зуучлагч байгууллагаас бүрэн хамаардаг тул сайтар лавлаж тодруулах нь зүйтэй аж. Түүнчлэн ХНХЯ-наас олгосон зуучлах зөвшөөрлийн гэрчилгээг үзүүлж, манай хэлний сургалтад хамрагдаж, зуучлалын хураамж, барьцаа төлбөр төлчихвөл шууд явуулна хэмээн амлах, сурталчлах замаар иргэдийг хохироож болзошгүйг онцгой анхаарна уу. Тусгай зөвшөөрөлтэй байгууллагад иргэдээс ур чадварын дадлагажигчаар зуучлагдахаас нь өмнө урьдчилан зуучлалын хураамж, төлбөр, барьцаа мөнгө авахыг хориглодог байна. Тиймээс зуучлалын үйл ажиллагаа, зуучлалын хураамж, барьцаа төлбөртэй холбоотой санал, гомдол үүсвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, цагдаа, хууль хяналтын байгууллагад яаралтай хандахыг зөвлөлөө.