Л.Сосорбарам, Б.Хорлоодой финалдаж, 5 бөх хүрлийн төлөө барилдахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-30

Хонгконгийн нээлттэй тэмцээний эхний өдрийн хэсгийн барилдаанууд өндөрлөлөө. Манайхаас 7 бөх медалийн төлөө шалгарч үлдээд байна. Ямар ч байсан нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэх нь ойлгомжтой болоод байна.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан Б.Хорлоодой, Л.Сосорбарам нар хагас шигшээд тус бүрийн учраагаа  ялж, финалд шалгарлаа. Ингэснээр манайх нэг алт, нэг мөнгөн медаль хүртэх нь ойлгомжтой боллоо. Тэгвэл эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан Г.Чойжилсүрэн, Н.Хадбаатар нар хүрлийн төлөө барилдахаар боллоо. 

Г.Чойжилсүрэн хагас шигшээд Тажикстаны бөх Сомон Махмадбековт ялагдсан. Харин Н.Хадбаатар торгуулийн тойрогт Солонгосын бөх Ли Ин Кулыг ялж, медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэн юм. 

Бусад бөхчүүдийн тухайд 60 кг-д барилдсан Д.Билгүүн торгуулийн тойрогт Хятадын Зан Хай Яныг ялж, хүрлийн төлөө Энэтхэгийн Вижая Кумартай барилдахаар боллоо. Тэгвэл 66-д барилдсан Д.Төмөрхүлэг  хэсгийн аваргын төлөө Хятадын бөх Ван Чаог ялж чадсангүй. Гэхдээ торгуулийн тойрогт АНУ-ын бөх Эл Идриссиг буулгаж авч, хүрлийн төлөө Польшийн Патриктай хүч үзэхээр болов. 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Ц.Сүнжидмаа хагас шигшээд Хятадын бөх Ши Су Жуанд ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх хүрэл медалийн төлөө Австрийн Сусанни Лечнертэй барилдана.  

Ийнхүү өнөөдөр манайхаас 14 бөх барилдаж, 7 нь медалийн төлөө шалгарч үлдээд байна.