ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонгинохайрхан дүүрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сарын аяныг эхлүүллээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-01

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар болон тус дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төв хамтран “Асуудал, шийдэл” зангиагүй уулзалтыг “Бид чадна” уриан дор өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Зангиагүй уулзалтад тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд оролцож, уулзалтад ирсэн дүүргийн удирдлагуудад тулгамдсан асуудлаа уламжилж, санал бодлоо хэлэв. “Хүртээмжтэй орчин, загвар дүүрэг” аяны хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү уулзалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүл, асран хамгаалагчдад тулгардаг асуудлыг эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн удирдлагуудад хүргэх зорилготойг зохион байгуулагчид онцолж байв.  

Уг арга хэмжээнд тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Хөдөлмөр халамжийн хэлтсийн, нийгмийн халамжийн албаны дарга н.Энхтуул, Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Бадамханд нар оролцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тулгамдсан асуудлуудыг сонсон, иргэдтэй санал бодлоо солилцов. Энэ үеэр тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Сонгинохайрхан дүүргээс “Хүртээмжтэй орчин, загвар дүүрэг” сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлыг холбогдох хэлтсүүд зохион байгуулна. Эхний хороод ажлаа зохион байгуулаад эхэлчихсэн. Аяны хүрээнд хороо бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгуулах юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дүүргийн 14 дүгээр төвийн хоёр давхарт очиж  группээ сунгуулах гэж багагүй хүндрэл гардаг. Энэ байдлыг өөрчилж, Нийгмийн даатгалын хуучин байрны хажуу талын нэгдүгээр давхарын байрыг засварлаж байна. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэд группээ сунгуулахаас гадна, сургалтууддаа хамрагдах боломжтой болох юм” хэмээлээ.