ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг 40 гишүүн хамгаалж үлдлээ

O.Admin
2018-12-02

Тэмдэглэсэн: Б.ӨНӨРТОГТОХ 
Н.ПУНЦАГБОЛД

УИХ-ын ээлжит чуулган өнгөрөгч баасан гарагт хуралдаж, Д.Хаянхярваа нарын 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан юм. Хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд удирдахаас татгалзсан бөгөөд Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж буйгаа гишүүд мэдэгдэж, улмаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдааныг даргалав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хурлыг Л.Энх-Амгалангаар удирдуулаад яах юм. Нэг нь Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурчихсан гээд хурал удирдахаас татгалзаад суучихлаа. Гэтэл өөр нэг гарын үсэг зурсан хүн хурал удирдах нь хэр ёс зүйтэй юм” хэмээлээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын зүгээс ёс зүйн алдаа гаргасан, ЖДҮХС-гаас зээл авсан улстөрчдийг чуулганы хуралдаанд суух эрхгүй гэх санал гаргасан ч хуралдаан үргэлжиллээ. Ерөнхий сайдаас гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Та нар ЖДҮ гэсэн хаяг зүүгээд Засгийн газрыг огцруулбал яавч зөв болохгүй. ЖДҮ бол 60 тэрбумын нотлох баримт. 60 тэрбум ЖДҮ-гээр бүрэн нотлогдож байгаа, тоо баримттайгаа. ЖДҮ-гүй цэвэрхэн бүлэглэл ЖДҮ-тэй бохир бүлэглэлийг унагааж байгаа гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Та нар 65-уулаа хариуцлага хүлээх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Л.Энх-Амгалан дарга танд энэ хурлыг даргалах эрх байхгүй. Та наад суудлаасаа буу. Я.Санжмятав дарга даргалах ёстой.

УИХ-ын Ж.Мөнхбат: Ард түмэн ичиж үхэх гэж байна. Шившигтэй юм болж байна. Ерөнхий сайдыг огцруулах хамгийн гол үндэслэл бол ЖДҮ-ийн хулгай мөн. Албан тушаал тур хугацааных, ард түмний эрх ашиг мөнхийх юм. Ж.Энхбаяр аа, ЖДҮХС-гаас мөнгө авчихаад өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж байхад хамгаалаад юу яриад байгаа юм бэ. Чи яагаад камер харахаараа худлаа ярьдаг юм бэ. Энэ наймаа хэрээс хэтэрч байна. Л.Болдын “Богд” банкаар бонд гаргана, ипотекийн зээл гаргана гэж байгаа.  Монголын төр наймаа болчихсон юм уу.  Өчигдөр хэдэн гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан байна лээ. Ийм шившгийн хөндийн түүхээ зогсооё. Төрийн хүний зарчим, ухаан, ёс зүй гаргаач. Юунд нь амь тавин үхэн хатан зүтгээд байгаа юм.
УИХ-ын гишүүн, Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Энэ их хуралд ашиг сонирхлын зөрчилгүй хүн гэж байна уу. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ч ашиг сонирхлын зөрчилтэй. Би ч зөрчилтэй. Ашиг сонирхлын зөрчил гэдэг бол тодорхой сайдын асуудал яригдах бол тэр сайд гараад явах ёстой. Үүнийг хэлж байгаа юм. Л.Энх-Амгалангаар хурал удирдуулах шаардлагатай. Энэ хурлын дараа Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүн уулзсан нь дээр байх. Та нарыг төрийг тараах биш төрийг тайван байлга гэж суулгасан шүү. 

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт: Та бүхэн хуралдаанд ёс зүйн хэм хэмжээг баримтлаасай. Бие биеэ гүтгэж, доромжилж байна. Эргээд уулзах улаан нүүртэй шүү, хэлэлцэх асуудал, бодлогын асуудалдаа төвлөрч яриарай гэдгийг гишүүддээ хэлье. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:  Гишүүд үг хэлж, асуулт асуухдаа бие биенийхээ гэр бүл, үр хүүхэд, бизнес дайрахгүй байхыг хүсье. Нэгийгээ үг хэлж байхад дайрах, чичлэхгүй баймаар байна. Манай улс олон гадны олон оронтой дипломат харилцаатай, тусламж, дэмжлэг авдаг. Тэгвэл гадны улсуудтай холбоотой асуудлыг бодолтой ярихыг УИХ-ын дэд даргын хувьд сануулъя.  Өнөөдрийн хуралдаанаар хэн нэг гишүүнийг хөөх тухай асуудал ярьж болохгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад нэгийгээ ЖДҮ-чин, концессчин, хулгайч, луйварчин гэж дуудахгүй байхыг хүсье.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зарим хүн шүүхийн шийдвэр гараагүй байхад нэгийгээ ЖДҮ-чин гэж дуудахгүй байя гэлээ. Энэ хүмүүсийг шалгаж, шийтгэх ёстой. Хариуцлага тооцох ёстой сайдууд байсаар байтал тооцохгүй байна. Тиймээс би Ерөнхий сайдаас асууя. Танай танхимд хариуцлага тооцох сайд байгаа юу.  Байвал хэн, хэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хариуцлагын тухай ярьж байгаатай санал нэг байгаа. О.Баасанхүү гишүүний саналыг ч сайтар сонсож байна. Хариуцлага тооцохгүй биш тооцож байгаа.  Хоёр сайд, дэд сайдууд, төрийн албан хаагчидтай хариуцлага тооцсон. Дээрээс нь улс төрийн, намын хариуцлага тооцох асуудал бий. Ерөнхий сайд болохдоо хариуцлагыг сайжруулж, улс орны эдийн засгийг сайжруулах хоёр л зорилго тавьсан. Эдийн засаг тодорхой хэмжээнд сайжирч байна. Мөн хариуцлага тооцох хүмүүстэйгээ хариуцлагаа тооцоод явж байгаа. Шүүхийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдвол хариуцлагаа тооцно.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэрвээ гэмт буруутай нь шүүхээр тогтоогдчихвол тэр хүмүүс чинь шоронд орчихно. Шоронд орсон хойно нь яаж хариуцлага тооцох юм.  Нэгэнт шүүхийн хариуцлага тооцчихно шүү дээ. Би зөвхөн ЖДҮ яриагүй. Олон асуудал байна. Шатахуун, ам.доллар, утаа гээд олон зохицуулах асуудал байгаа.  Гэтэл энэ бүхэнд анхаарлаа хандуулахгүй байгаа. Сангийн сайддаа яагаад хариуцлага тооцохгүй байна. ЖДҮ авчихсан гэдгээ хүлээчихсэн сайдуудаа яагаад танхимдаа байлгаад байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Г.Занданшатар дарга бүх сайд нарыг оруул. Чиглэл чиглэлээрээ асуултад хариулаад яваг. Ам.доллар, шатахууны өсөлт гээд олон асуудал ард түмэн санаа зовж байгаа. Гэхдээ ам.долларыг бид хэвлэдэггүй. Америкт хэвлэдэг. Шатахууныг бид үйлдвэрлэдэггүй, Оросоос авдаг. Тийм болохоор үнэ нь өсөөд байна. О.Баасанхүү гишүүн та ч гэсэн манай Засгийн газрын танхимд байсан бол ам.долларын ханшийг бууруулж чадахгүй. Шатахууны үнийг бууруулахын тулд өөрсдөө үйлдвэрлэдэг болохын төлөө тэмцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Таны төрийг цэвэрлэнэ гэдэг үг чинь надад таалагдаж байна. Би намын сонирхлоороо явбал Засгийн газрыг чинь унагамаар байгаа. Гэхдээ төрийг цэвэрлэхийн төлөө дэмжмээр байна. Гурван сая ард түмэн таныг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. 30 гэр бүл эсэргүүцэж байгааг ч мэдэж байна. Шударга ёс ялаасай, Монгол ялаасай. Таныг дэмжиж байгаа шүү.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдөр бүх зүйл ил боллоо. Бие биенийхээ муу муухайг уудалчихсан. Бүгд дотуур хувцсаа тайлаад шидчихлээ. Өнөөдөр ч илүү их дэлгэгдэх байх.  Ж.Мөнхбат гэдэг уран цэцэн ярьдаг, бусдыг намнадаг нэг хүн байна.  Шударга бусын хонгилынхны даалгаврыг биелүүлж байгаа юм байлгүй дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахад яг ийм маягаар явж байсан. Олон хүнийг барьж хорьсон, зарим нь амь насаа алдсан. Та нар яг ийм бохир арга хэрэглэж байна.  Ж.Мөнхбат аа, чи битгий ингэж хүн рүү, гэр бүл, ойр дотны хүмүүс рүү дайр. Би чамтай шүүхдэлцэнэ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ж.Мөнхбат гишүүн түрүүнд үг хэлэхдээ хүнийг гүтгэсэн. Мэдээллээ сайн нягтлахгүй бол болохгүй шүү. Намайг Сангийн сайдаар ажиллахаар очиход арилжааны банкууд төрийн мөнгийг авчихсан байсан. Зургаан хувийн хүүтэй авч хадгалчихаад 13 хувийн хүүтэй зээлж байсан. Одоо төрийн мөнгөнөөс арилжааны банкууд савраа татсан. Цэгцэлсэн. Тийм болохоор бидэн рүү дайрч байх шиг байна. Бид цаашид ч ажлаа хийнэ, цэгцэлнэ. Сангийн яам “Богд” банк руу ипотекийн зээлийг өгдөг гэж яриад байх шиг байна. Сангийн яам нэг ч төгрөг “Богд” банкинд өгөөгүй. Монголбанк хуваарилж өгдөг. Сангийн яамнаас нэг л бичиг ипотекийн зээлтэй холбоотой явуулсан. Тэр нь хөдөөд ипотекийг дэмж гэсэн. Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар сууж байгаа цагт хулгайчдыг төрийн мөнгө рүү оруулахгүй шүү. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:  У.Хүрэлсүх анх гарч ирэхдээ Монгол Улсад 30-аад жил хүлээж байгаа шударга ёсыг тогтооно гэж зоригтой хэлж гарч ирсэн. Ингэж хэлж гарч ирсэн анхны Ерөнхий сайд. Өнөөдөр бид ардчилсан биш анархист нийгмийг байгуулсан. Өнөөдөр уул уурхай л Монголыг авч явж байна. Намайг “Ц.Гарамжав Монгол Улсын бүх өрийг тавьсан. Баахан мөнгө авчихсан” гэж гүтгэсэн. Шинэ гишүүн байсан болохоор няцаалт яаж хийх учраа олоогүй. Одоо бага багаар учраа олж эхэлсэн. Харин ч шударга үнэнчээр хөдөлмөрлөж яваа учраас бардам байх ёстой юм байна. Шударга ёсыг тогтоох гэж байгаа Засгийн газрыг яагаад унагах гээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Ц.Гарамжав гишүүний араас үг хэлж байгаадаа баяртай байна. Сайхан үг хэллээ. Гэхдээ Сэлэнгийн ард түмэн надаар дамжуулж танд хэлээрэй гэсэн. Таны алтны уурхайгаас болоод ард иргэд шороотой ус ууж байна. Би судлаад үзсэн, асуудалтай байна лээ. Хэлсэн үг шигээ байгаарай. Тэгээд би нэг асуудлыг сануулъя. Гадаад харилцааны асуудалд анхааралтай хандаарай. Ярихдаа зөв яриарай. Хэдэн баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид рүүгээ дайраад байхаа боль. Тэр бүхэн чинь гадаад орчинд мэдээлэл болж очиж, валютын ханшинд нөлөөлдөг юм шүү. Ерөнхий сайдад хандаж нэг үг хэлье. Таны огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэрвээ та огцрохгүй үлдвэл Сангийн сайдаа соль. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрыг огцруулна гэдэг парламентын засаглалтай оронд байдаг л асуудал. Би С.Батболдыг намын дарга, Ерөнхий сайд байхад нь огцруулах бичигт гарын үсэг зурсан. Өрөөнд нь ороод огцор гэж хэлээд сууж байсан. Буруу байгаагүй нь мэдэгдсэн. Тэр үед огцроогүй учраас бид 2012 онд 20 гаруйхан суудал авсан биз дээ. Дараа нь Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг гээд огцруулсан. Бүгд л огцроод явж байсан. Гэтэл өнөөдөр жигтэйхэн сүр болоод байх юм. Парламентын засаглалтай орон учраас олонхиороо ажлаа хийгээд яв гэвэл цаашид ажиллаад л яв. Өнгөрсөн жил Засгийн газрыг огцруулахад үнэмлэхүй ялалт байгуулсан МАН дундуураа тасарсан. Улмаар Ерөнхий сайдыг томилоход манай намын тал нь орж ирээгүй. Би орж ирээд “У.Хүрэлсүх ээ, 4000 орчим уул уурхайн зөвшөөрлөө цэгцлээрэй. Асуудлаа шийдээрэй” гээд хэлж байсан. Жил гаруйн хугацаа өнгөрлөө. Урагшаа ахисан юм алга.  

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Бие биеэ идсэн ууснаар нь дуудаж, баахан л нэгийгээ гөвлөө. УИХ Засгийн газраар ажлыг нь хийлгэх боломж өг. Нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн ажил хэдэн хувьтай байна. Бид шатахуун боловсруулаад явж чадах нь уу. Ирэх зун өмхийгөөсөө салж чадах уу. Тэгэхийн тулд УИХ-аас ямар дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг асууя. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улстөржилтөөс болоод Засгийн газар 14 хоногийнхоо ажлыг алдлаа. Баруун аймгуудад гамшиг болж байна. Өвөлжилтийн бэлтгэлээ хангах гээд ажил бий. ХХААХҮ-ийн сайдаа томилж чадаагүй байгаа. Гэтэл улстөржөөд л байна. Засгийн газар гурван зүйлд анхаарч байгаа. Иргэдээ эрүүл хүнсээр хангах. Энэ бол бүх хүмүүсийн мөрөөдөл байх. Хоёрдугаарт, улс орноо эрчим хүчээр хангах. Гаднаас эрчим хүч авмааргүй байгаа юм. Тавантолгойн цахилгаан станцаа баримаар байна. 10 аймагт дулааны станц барьж байгуулмаар байгаа юм. Гэтэл бүгдийг нь унагадаг. Үүний илрэл нь өнөөдөр Засгийн газрыг унагахаар дайрч байгаа нь. Гуравдугаарт, дотооддоо нефтийн үйлдвэр барих. 60 жилийн мөрөөдөл. Энэ ажил гайгүй сайн явж байгаа. Гэтэл нефтийн үйлдвэрийг бариулахгүй гэж зүтгэдэг далдын хар хүч бий. Түүний зарим нь энэ танхимд сууж байна. Тэд дотроо битгий баригдаасай гэж залбирч байгаа. 

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: ТББХ, Ёс зүйн дэд хорооны талаар асуулт байна. УИХ-ын чуулган, ёс зүйн дэд хороо өчигдөр хуралдах ёстой байтал хуралдсангүй. ТББХ, Ёс зүйн дэд хороонд гурав хоногийн өмнө би шаардлага хүргүүлсэн. 2018 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн УИХ-ын гишүүд рүү хэвлэлээр, улс төрийн зорилгоор дайрч эхэлсэн. Энэ асуудлыг шалгаж өгөхийг 26-ны өдөр хуулийн байгууллагад хандсан. Гэтэл Ёс зүйн дэд хороог хуралдуулахгүй гацааж байгаа нь УИХ-ын дэгийн тухай хуулийн 5-6 заалтыг зөрчсөн. УИХ-ын дарга нь өөрөө чуулганыг нэг өдөр гацаасан. Ёс зүйн хороо яг журмаараа хуралдсан уу. С.Бямбацогт гишүүн та санаачилж, Ёс зүйн дэд хороог хуралдуулахаар болсон. Ашиг сонирхлын зөрчил байсан уу. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Бүх гишүүд нэр төрөө сэргээлгэх талаар ярьвал дэг алдагдана. Дэгээрээ л явъя.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ерөнхий сайдаас асуух хоёр асуулт байна. ЖДҮХС-гаас зээл авна гэдэг байж болох асуудал. Гэхдээ 2018 онд танай Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар зээл авсан. Энэ бол арай өөр асуудал шүү. Та Ерөнхий сайд болохдоо “Надаас хууль бус зүйл битгий шаардаарай” гэж байсан. Хууль бус үйлдэл гарчихаад байна. Сайд нар чинь зээл авсан. Өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Адаглаад зээлээ эргүүлж төлж байгаа чинь авснаа нотолж байгаа хэрэг биш үү.  Ашиг сонирхлын зөрчил нь ил болсон сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг байдаггүй юм уу. Сайд нар бүгд адилхан хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Дэд сайд, агентлагын газрын дарга байсан хүмүүс. Гэтэл энд ирж кноп дарахгүй хүмүүст хариуцлага тооцчихлоо. Хоёр дахь асуулт. 30 гэр бүл гэж хэн юм. Нэрийг нь сонсмоор байна. Би мөн үү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 30 гэр бүлийн нэг та мөн. Ярьвал би цааш нь зөндөө юм ярина. Зөвхөн МАК компани гэхэд 36 лиценз авсан. Цагаан суварга байна. Цагаан суварга бол танай гэр бүлийн өмч биш. Монголын ард түмний өмч. Харин Цагаан суваргыг би буцааж авна гэж хэлье. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшинэ гэж байх уу. Гэтэл ганц ч лицензгүй гурван сая ард иргэд байгаа. 30 гэр бүлийн нэг нь Н.Номтойбаяр та. ЖДҮХС-д Засгийн газраас шалгалт оруулсан. Та нар ч гаргаад тавьчихсан юм биш. Засгийн газар өөрөө шалгасан. Н.Номтойбаяр үнэхээр шударга ёс ярих гээд байвал Цагаан суваргын ордыг ард түмэнд буцаагаад өгчих. 36 лицензээ өг. Хэрвээ У.Хүрэлсүх Ерөнхий сайд байвал бидний байгуулсан пирамид нурах нь гэж айж байгаа. Ард түмэн энэ хүмүүсийг сайн хараад аваарай. МАК компани хандив өргөсөн юм билээ. Хулгай хийсэн мөнгөнөөсөө ч өгсөн юм уу, би яаж мэдэх юм. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ерөнхий сайдын хариулт тодорхой байна. Та ашиг сонирхлын хуулийг хангахгүй юм байна гэдэг нь ойлгомжтой боллоо. Цагаан суваргыг ямар хууль зөрчиж авсан юм. 36 ч байна уу, 360 ч байна уу, лицензийг хууль бусаар авсан уу гэдгийг нарийн хэл л дээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  Би У.Хүрэлсүх даргатай олон жилийн өмнөөс ах, дүүгийн харилцаатай байсан. Хэзээ нэгэн цагт би энэ хүний төлөө гудамжинд тэмцэж чадна. Харин өнөөдөр Засгийн газар болохгүй байгаа учраас би огцор гэсэн. Намайг талбай дээр жагсаал хий гэсэн. Би шүүр бариад, зураг шатаагаад, поошиг нүдээд жагсч байсан. Одоо түүндээ харамсаж явдаг. Түүний дараа 2012 онд нам ялагдсан. Дарга нар Австрали явчихсан. Одоо бас нам доторх дотоод ардчиллыг дарж байна. Хэрвээ 2020 онд нам ялагдвал гадаад явах уу, та. 2016 онд Хэнтийд нэр дэвшээд, нэг суудал ав гэсэн. Гэтэл дөрвөн жил ажиллаагүй учраас хэцүү гэсэн. Д.Гантулгыг орондоо нэр дэвшүүлсэн. Одоо та нөхөн сонгуульд нэр дэвших үү. Та намынхаа нөхдийн авчирсан суудлын ачаар дарга гээд ширээ шаагаад сууж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хариулахад ч хөгийн юм даа. Намын түүх ярьвал зөндөө юм ярина. Чи намайг Австралиас авчирсан юм биш. Би чамайг Солонгосоос авчирсан. Хүний ачийг санаж яваарай. Намаас хөөх асуудал байхгүй. Чи дандаа буруу мэдээлэл өгдөг. Манай зөвлөхийг зодчихлоо гээд байсан үеэлүүдтэйгээ муудалцсан л юм билээ.  Намаас хөөх асуудлыг дарга шийдэхгүй. Хяналтын хороо шийднэ. Харин намаас хөөх хүмүүсийн нэрийг би ил тод ард түмэнд зарлана. Манай нам бол Ардын нам болохоос биш авлигачдын нам биш шүү. Би ялж, ялагдаж үзсэн хүн. Миний сонгуульд нэр дэвших үгүйг намын олон түмэн, Бага хуралд шийднэ. Сонгуулиас айдаг жижиг хүн биш. Зөндөө олон удаа сонгуульд оролцлоо. Дүү хүү, аятайхан байгаарай, өөрийгөө мэдэж яриарай. Чи баялаг түүхтэй хүн шүү. Чиний талаар ярих юм байгаа шүү. Ах хүний хувьд тэсээд байгаа шүү. Эвгүй асуулт асуувал, эвгүй хариулт өгнө. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг:  Би У.Хүрэлсүх даргаас нэг зүйл асууя. Нефтийн үйлдвэрийг бариулахгүй байгаа хүмүүс байна, Содбилэгээ гэж байнгын хороон дээр асуусан. Би Монгол Улс нефтийн үйлдвэртэй болоосой гэж хамгийн удаан ажилласан хүн. Танд хаанаасаа тийм мэдээлэл ирээд байгаа юм бэ. Үндэсний нефтийн компаниуд руу дайрч болж байгаа юм уу. Үнэ тогтоохдоо Засгийн газартайгаа нийлж тогтоодог. Ямар нэг монополь байхгүй. 20 гаруй компани өрсөлдөж байгаа. Хариуцлагын асуудал ярихаар гишүүд рүү халиад байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Өмгөөлж хамгаалсан юм байхгүй. Зохион байгуулалттай тараагаагүй. Би хэрвээ зээл авчихсан бол ажлаа өгнө.  Би та нарыг юм хийж байгааг мэдэж байгаа. О.Содбилэг ээ, та нар хангалттай баяжсан. Амаараа мөнгө чинь гартал баяжсан байгаа. Жаахан алдагдалтай ч болов ажиллаад шатахууныхаа үнийг бууруулчихаач дээ. Би ийм л юм яриад байна. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ЖДҮХС-г мэдэж байсан уу гэж О.Содбилэг асуугаад байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮХС-д мөнгө тавиагүй юм. Хоёр жил мөнгө тавиагүй. Тэгээд шалгалт хийж үзсэн.  Гэтэл арилжааны банкаар мөнгө олгодог болгочихсон байсан. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг оновчтой хэлбэрээр олгох ёстой гэж үзсэн. Ингээд л хоёр жил мөнгө тавихгүй оруулж ирсэн. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс болсон М.Энхболд та ажлаа өг
...Ийнхүү гишүүдийн зарим нь үг хэлж, зарим нь асуулт асууж, Ерөнхий сайд хариулснаар үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш чуулган 15:00 цагаас үргэлжлүүлэн хуралдав. Хуралдаан эхэлсэн даруйд УИХ-ын гишүүд үг хэлэхээр болсон. Улмаар хуралдаанд оролцож байсан 73 гишүүн үг хэлэхээр санал өгсөн ч системийн алдаанаас үүдэж, 53 гишүүн үг хэлэхээр бүртгэлд орж ирсэн юм. Үдээс хойш чуулганаар гишүүдийн хэлсэн үгийг тоймлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Би таныг хүндэлж явсан. Гэвч таны дээрэнгүй байдлыг ойлгоход хэцүү байна. Жагсаалт гаргаад гишүүдээс ард түмний хөрөнгийг нэхье. Их цэвэрлэгээ явуулах хэрэгтэй. 2020 оны сонгуульд ард түмэн дүн тавих байх.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Манай намын олон гишүүн надад ганцхан зүйлийг захиж байгаа. 1990 оноос хойш энэ намд явсан хүний хувьд МАНАН-тай амь насаа үл хайхран тэмцээрэй гэж захисан. Би энэ захиасыг л биелүүлэх гэж ажиллаж байна. Шударга ёсны төлөө хоёр, гуравхан тоосго сугалахад Засгийн газрыг огцруулах хүртэл яригдаж байна. Ард түмэн байдлыг ойлгож байгаа. Ганцхан хоногийн дотор надад 2500 гаруй мессеж ирж, намайг дэмжиж байна. Надад алдаа дутагдал байж болох ч эх орноо гэсэн чин үнэнч сэтгэл бий. Эх орон гэдэг ямар үнэ цэнтэй вэ гэдгийг арми надад мэдрүүлсэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт: Бид нэг жилийн өмнө У.Хүрэлсүх сайд Шадар сайд нь байсан Засгийн газрыг унагааж байсан. Та өмнөх Засгийн газраа унагаахдаа хэлж байсан үг чинь ард түмний сэтгэлд хүрч байсан юм. Та улс төрд болж байгаа бүх булхайг мэдэж байгаа хүн. Ерөнхий сайд болохдоо амиа алдахаас айхгүй, ард түмний итгэлийг алдахаас айж байна гэж байсан. Гэтэл өнөөдөр та төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнууд ард түмнээс хулгайлж, луйвардсан үедээ хэлдэг улиг болсон үгийг хэлж байна. Тиймээс л бидний дунд зөрчил гарсан юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:  Би үндэснийхээ эв нэгдлийг нэгдүгээрт тавина. Шударга ёс тогтоохын төлөө одоогоос нэг жилийн өмнө хэлж байсан үгээ одоо ч хэлнэ. Би Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцсоор ирсэн. Хариуцлага тооцох гэхээр битгий эсэргүүцээд бай. Эсэргүүцээд байгаа юм шиг надад сонсогдож байна. Намайг цэргийн хүн байсан учраас дарангуйлагч гэж бодоод байх шиг байна. Би дарангуйлагч биш шүү. Бидний өнгөрсөн 27 жил алдаа онтоотой байсан. Үе үеийн Засгийн газар алдаатай л байсан. Би шударгаар бизнес эрхэлж байгаа иргэдээ үргэлж дэмжинэ. Шударга ёсны төлөө цаашдаа ч тэмцэнэ. Улам чангарна. Ямар ч олигархиас айхгүй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Бид Үндсэн хууль хэлэлцээд сууж байх ёстой. Гэтэл энэ танхимд хөгжил биш хэрүүл ярьдаг боллоо. Хэрүүлийн бузар шүглэчихсэн юм уу даа. Энэ танхимаас шал өөр шийдвэр гармаар байна. Хөгжлийг яаж урагшлуулах юм. Ард түмний өмчийг идээд уучихсан байгаа концесс, Хөгжлийн банк, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ярих ёстой. Төрийн гурван өндөрлөг ҮАБЗ-ийнхөө талд байна уу, эсвэл эсрэг байна уу. Бодох л ёстой асуудал. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: МАН-ын гишүүний хувьд, олон жил төрд бэлтгэгдсэн улстөрчидтэй хамт бэлтгэгдэж явсны хувьд өнөөдрийн улс төрийн дүр зургийг хараад эмгэнэж, ичиж байна. Ингэтлээ доройтож явсан түүх бидэнд байгаагүй шүү. Энэ 27 хүн баба, олигархи гэж ярьж байна. Энэ үгээ татаж аваасай гэж бодож байна. Хэлэлцэж л байдаг юм. Арай ч үүндээ хүртлээ шившгээ дэлгэж байгаагүй юм. Таны Засгийн газрын үед шударга бусын хонгил илүү биежиж байна. Дэргэдээсээ хариуцлагагүйн зудаа ярихгүй яасан юм бэ. Та УИХ-ын гишүүдийг хууль бусаар дарамтлах, гэмт хэрэгт орооцолдсон мэтээр бичүүлж байгаа. Би Монгол-Кувейтын 1.2 сая ам.долларыг чинь идээгүй. Танай Засгийн газар ТББ-д шилжүүлсэн юм билээ. Харин мөнгө төлж, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат хоёр идсэн гэж харлуулсан. Хууль хяналтын байгууллагад хандана. Үүнийгээ залруулаарай. Эмгэнэлтэй байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийг эхлүүлж байна гэж байгаа. Албан тушаал таны нүдийг сохолчихож.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хаант улсын тухай нэг кино байдаг. Нэг хөл нь хөдлөхөөр аалзны тор тэр чигээр хөдөлж системээ хамгаалдаг. Монгол төр М.Энхболд, Т.Бадамжунай нар оролцсон, Ц.Элбэгдоржийн эхлүүлсэн хонгилд орсон. Энэ бүхэн нарийн зохион байгуулалттай явж байгаа шүү. Нүүрсний мөргөцөг алга болсон. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь яаж шийдэгдэв. Энэ бүхэн АТГ-т очихоор усанд хаясан чулуу шиг замхардаг. Бүтэн жил хуралдаагүй Ёсзүйн дэд хороо өчигдөр гэнэтхэн хуралдах гэж санаархлаа. Миний хамгийн их хүндэлдэг С.Бямбацогт тэргүүнд нь гүйж явсан. Намайг мэдэгдэл хийсний дараа УИХ-ын Тамгын газрын дарга, АТГ зэрэг мэдэгдэл хийж байгаа юм. Яг л эцэг аалзаа хамгаалдаг систем шиг.  МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс болсон М.Энхболд та ажлаа өг. Танд энэ суудалд суух эрх байхгүй шүү.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Та асуултад бүдэрсэн. Та эр зориггүй юм байна. Хариулж ч чадаагүй. ЖДҮ-чин сайд нараа зайлуулж, Хадгаламж банкны асуудлаа шийдчихээд шударга ёс ярь. Тэгвэл би таныг сонсох бүртээ баярлана. Тэрнээс нааш та битгий шударга ёс яриарай. Та бид хоёрын дараагийн уулзах газар шүүх. Та өөрөө ирээрэй. Маш их гутаан доромжлогдлоо. Бүгдийг нь төрийн өмчдөө ав. Латин Америк шиг тогтолцоотой болмоор юм байна. Маш хариуцлагагүй үг хэлсэн шүү, та. АН-ынхан хүртэл гутарлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Асуудал шийдэх ёстой хүмүүс нь өөрсдөө асуудал болчихлоо. Мань мэт юу болоод байгааг ч мэдэхгүй явж байна. Ард түмэн хэрүүлийн бузраас цээрлэдэг. Хэрүүлээ зогсоож, тулгамдсан асуудлаа ярьмаар байна. Намын эв нэгдлийг сахин биелүүлэхийн тулд улс төрийн алхам хийхэд бэлэн байна. М.Энхболд руу дэндүү их дайрлаа. Өнөөдөр таараад би цочсон, бас айлаа. Энэ хүний бие муу байна шүү дээ. Хувь хүн рүү дайрсан улс төрөө одоо зогсооё. Хэн нэгний амийг авсан зүйл болох вий дээ. Яаж сонгогчидтойгоо уулзах вэ гэж халшрах юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хүн бүхэн тусгаар тогтнолыг хамгаална гэж хуульдаа тусгасан. Энэ Засгийн газар энэ асуудалд ингэж хандаж чадахгүй байгаа. Чаддаг байсан бол гадны нэг тусгай байгууллага манай улсын нутаг дэвсгэрээс хулгай хийх гэж оролдохгүй байсан. Ерөнхий сайд парламентад хүндэтгэлгүй хандаж байгаа. Эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бүгд хуульд захирагдана шүү гэж тусгасан. Даанч манай Засгийн газар хуулиа хэрэгжүүлээгүй, үүргээ ч биелүүлээгүй. Бүлгийг хагалсан хүн Д.Хаянхярваа биш ээ. Та өөрөө. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаснаар та өөрөө хагарлыг эхлүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбат гуай намайг гүтгэлээ. Заамарт 300 орчим ААН, хууль бусаар 200 гаруй хүн алт олборлож байна. Өнгөрсөн хугацаанд манай компанитай холбоотой гүтгэлэг маш их явсан. Үүнийг та явуулсан юм уу гэж бодлоо. “Монполимет”-ийг тайван байлга, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат аа. Дубайн гэрээг хийхэд Ж.Эрдэнэбат та байсан. Та яагаад аварч болоогүй юм. Албан тушаалыг авсан бол өгч чаддаг байх хэрэгтэй. Үүрэг хүлээж, албан тушаал авдаг болохоос биш ямарваа нэг юманд ашиглах зэвсэг болгох ёсгүй. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийнхээ нэрийг сэргээгээч. Ерөнхий сайдыг томилогдоход л би хэлж байлаа. Гэтэл олигархиуд, луйварчид гэж тэднийг эсэргүүцэж эхэллээ. Хэчнээн хүнийг тэд ажлын байртай болгов. Энэ бүхнийг мэддэг төрийн хүн байна уу. Олигархи гэж хэнийг хэлээд байгаагаа яриач. 30 гэр бүл Ерөнхийлөгч ярьж эхэлсэн. Одоо Ерөнхий сайд ярьж эхэллээ. Энэ гэр бүлээ нэрлэж өгөөч. Бурхан Гончигсүм минь. Орсон бол би баяртай байна. Битгий ийм битүү юм яриад бай. Ил тод бай. Би хөдөөний хүн учраас хүрээний юмыг сайн мэдэхгүй байна. 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: Бидний 20 гаруй жил барууны кино үзэж мөрөөдсөн амьдрал биеллээ олохгүй байна. Өнгөрсөн жилүүдэд гарсан дуулиант хэргүүдийн ард цэг тавьж чадаагүй. Бид социалист системийн хангамж дээр суурилсан капиталист амьдралыг хүсээд байгаа юм. Яриад байгаа шударга ёс, зарчмыг үйлдэл болгон дээр нь шийдээгүй учраас нийгэм талцалд хүрлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:  2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон. Тухайн үед шударга ёсыг нэхэж байсан гишүүд яагаад өнөөдөр өөр зүйл ярих болов. Парламентын засаглалтай үед засаг унах байдаг л асуудал гэж ярьж байсан хүмүүс өнөөдөр тогтвортой байдал яриад байх юм. Их хурлын танхим хошин шогийн талбар болжээ гэж биднийг шоолж байна. Би жирийн л нэг багшийн хүүхэд. Хэн нэгний даалгавраар үг хэлдэг хүн биш. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа би бүх баялаг бүтээгчидтэй уулзаж байсан. Тусгайлан уулзаж, тэднийг дэмжихээ илэрхийлж байлаа. Гэтэл өнөөдөр тэднийг нухчин дарах асуудал явж байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: У.Хүрэлсүх, М.Энхболд дарга нарт хэдэн үг хэлье гэснээ залгилаа. Түүнтэй адил Ерөнхий сайд нь үгээ залгиж сураарай. Шинэ байна уу, эсвэл одоогийн Засгийн газар ажлаа хийгээл явна. Мөн ч айхтар зүйл болж байна даа. Муухай харах ёсгүй хүмүүс хүртэл хагаралдаж. Айхтар сүрхий талцал явж байна. Энэ бол сайны ёр биш шүү. Энэ хуралд ямар их хүн ирж байна вэ. Яасан ч их зүйл бэлдсэн юм. Бузар муухайгаар нэгнээ доромжлоход бид ямар их цаг зарцуулж байна вэ. Яг үүн шигээ та нар ажлаа хийгээч. Эрч хүч болгоноо элдвийн муу муухай хар энергид зарж байна. Ард түмнийхээ төлөө ингэж ажиллаач.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Та намаа цэвэрлэ. Ерөнхий сайдын ажлаа өгчих. 950 саяар зээл авчихлаа. Сүүлийн үед айдаст автуулсан юм яриад байх юм. Мафи нь хаана байгаа юм. Гэмт хэргийн шинжтэй юм яриад байгаа шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Шударга ёсыг ард түмэн хүсч байгаа. Ард түмэн ямар ч зүйлд шударга ёс байхгүй учраас бухимдаж байна. Энэ хэрүүлийг ард түмэн үл тоож, битгий үзээсэй. Монголын нийгэм улс төрөөс үл хамаардаг болно. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Эв найртай бай. Ажлаа сайн хийгээд, хуралдаа ирж, амлалтаа биелүүл. Биеэ өмөөрсөн л болох байх. Ахмадууд, сонгогчид чинь бидэнд хандаж байна. Гуйж үзсэн шүү. Ганц ганцаараа явбал түргэн явна, олуулаа явбал хол явна гэдэг үг бий. Эв нэгдлээ чухалчлаач гэж гуйя. 

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Ард түмнийг янз бүрээр турхирч, нийгмийн эмх замбараагүй байдлыг ярьж байна. Амь насаа өгөхөд бэлэн болсон л гэнэ. Ингэх хэрэг байгаа юм уу. Асуудал шийд гэж бидэнд 65 суудал өгсөн. Талцаж хэрэлд гэж явуулаагүй юм шүү. Ард түмэн хөшигний цаана явж байгаа улс төрийн асуудлыг сайн мэдэхгүй байгаа. Хаашаа гаргахаа мэдэхгүй учраас талцал хагарал руу явж байна уу гэж харж байна. Харамсаж байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: Гишүүд үг хэлэхдээ ард түмэн битгий үз, өндөр ирцтэй хуралдаж байгаа нь буруу л гэх юм. Энийг бид хүссэн биз дээ. Парламентын тогтолцооны гайхамшиг энэ юм. Ийм зүйлийн төлөө бид явсан биз дээ. Бид ард түмнийг төлөөлж энд сууж байгаа шүү. Монголын ард түмнийг өөрийн боол болгохын тулд шударга бусын хонгил олон жил ажилласан. Яг тэр хүч өнөөдөр Засгийн газрыг огцруулах гэж улайрч байна.  Муу муухай бүгдийг ард түмэн эндээс олж хараад сонголтоо хийнэ. Ерөнхий сайдын энэ амлалтыг би сонсоод дэмжих ёстой гэж шийдсэн. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бид үнэн нүүрээ харуулж байна. Сүүлдээ хэлэх үг олдохгүй болсон. Бид Үндсэн хуулиараа үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Үнэмлэхүй олонхи хэрэлдэж, хэлэлцэж нийгмийг талцуулж байгаад харамсаж байна. Үнэмлэхүй олонхид би УИХ бол шүүх байгууллага биш гэдгийг хэлсэн. Хувь хүний хоорондын харилцаа руу орвол юу ч биш болно гэдгийг хэлсэн. Өөрсдийгөө нэг харъя. Ард түмнээ нэг хар. Яг юу болчихов. Нэг л зүйлийг хэлье. Төрийг түшиж чадах ухаан байхгүй бол төрөөс зайлцгаая. Энэ танхимд хэн нэгнийг доромжилж, гүтгэн гутааж байгааг хараад нүд хорсож байна. Их хурал тарвал би хамгийн түрүүнд явна. Ард түмнийг амар тайван байлгая. Улс орныг хариуцлагагүй байдалд оруулчихаад шударга үнэний төлөө битгий ингэж худлаа ярь. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:  Ариун цагаан хөдөлмөрөөр бизнес хийж, баялаг бүтээж байгаа хүмүүсийг харлуулахгүй байхыг хүсэж байна. Н.Учрал аавдаа зээл хөөцөлдөөд л явж байна гэж юу байх вэ дээ. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Ах нар одоо жаахан ухаантай, эв нэгдэлтэй байцгаая. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Гишүүний бүрэн эрх бол сонгогчдын эрхийн асуудал учраас би саналаа өгнө. ЗТХ-ийн сайдын хувьд би алдаа гаргаагүй. Алдаа гаргасан бол хариуцлагаа хүлээнэ. Би 20 жил төрд явахдаа хээл хахууль авч, уул ус ухаж яваагүй. Энэ 76 дотор үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс, бондоос зээлтэй хүмүүс байгаа. Бүгдээрээ зээлээ төлцгөө. Худлаа шударга дүрд тоглоод байх юм. Хамгийн их зээлтэй хүмүүс хамгийн чанга дуугарч байна. Би хоёр сар хангалттай хусууллаа. Ямар их мөнгөтэй юм. Одоо үүнийгээ больчихож болдоггүй юм уу. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ парламентын 41 нь анх удаа сонгогдсон гишүүд байгаа. Эд их сайн парламентчид болох байх. Эсвэл жигтэйхэн хор найруулсан хүмүүс болох байх. Засгийн газрын асуудал бол албан тушаалтайгаа зууралдсан зүйл биш. Олон нийт муу ажиллаж байна гэж дүгнэж байгаа бол ажлаа өгөх л ёстой. Харин үйлдвэрээ барь, утаанаас салга гэж байгаа бол тэр ажлаа л хийнэ. Нийгмийн сүлжээг ажиглахад ард түмэн дэмжиж байгаа. 

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Төр цэвэрших үйл явц үргэлжилж байна. Үүнийг буруу муухай зүйл гэж бодохгүй байна. Харин цэвэрлэгээ гэж сүр дууриан болгож ярих нь тохиромжгүй. УИХ төрөө цэвэршүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх гэж байна. Би төрөө олигархиас цэвэрлэхийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Манайхан их ч уран ярьдаг болжээ. Засгийн газрыг юу ч хийгээгүй гээд байгаа. Хийсэн юм байгаа. Хийх юм ч байгаа. Ерөнхий сайд заримдаа түргэдээд байх юм. Тэгэхдээ юм хийе гэсэн сэтгэлтэй нь ажиглагдаж байна. Улсаа, том эрх ашгаа л бодъё. Одоо хэдүүлээ ажилсан шиг ажиллая. Эвлэвэл эвлэе. Чадахгүй бол дараагийн сонгуульд хэдүүлээ нэр дэвшихээ больё. Хэлэх үгээ үлдээж, маргааш үлдэх орон зайгаа үлдээе. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг болов.Ямар их гүтгэлэг явсан бэ. Сонгогдох болохоороо үнсэлцээд л, энд орж ирэхээрээ алалцаад. Үнэхээр миний ойлгож байгаагаар гуравдугаар ээлж хоолонд ормоор байх шиг байна. Цөөвөр чоно шиг өлөлзөөд л. Төр тогтвортой байх ёстой. Ерөнхий сайдад хэлэхэд Жавхлан ингэлээ гээд Засгийн газрын толгойг илэхгүй. Та нарыг зүгээр хөөж явуулахгүй. Байлгаж байгаад хариуцлагыг чинь хүлээлгэнэ. За ер нь бол та нарыг байлгаж байгаад хариуцлагыг тооцсон нь дээр байх. Дахиж өөр ээлж хооллоод яах юм. Бөхийн өргөөг онгойлгооч та нар. Би сонгогчдоо олноор нь цуглуулаад уулзаж чадахгүй байна. Өнөө орой та нарыг яаж эвлэлддэгийг харъя. Монгол төрийг битгий доромжлоод байгаарай. 

УИХ-ын дарга М.Энхболд: УИХ-ын нэр хүнд унаж байна. УИХ муу байж болно. Гэхдээ УИХ-ыг тарааж болохгүй. Гишүүд муу байж болно. Түүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Мөн гишүүдийг хот хөдөөгийн, бизнестэй, бизнесгүй эрүүл өвчтэйгөөр нь хэлж болохгүй. Ор үндэсгүй зүйлээр олон нийтийг буруу зөрүү ойлголтод хүргэдэг зүйлээ болимоор байна. Би тэр ЖДҮХС-гийн зээлийг дансанд чинь аваачиж хийгээгүй. Би хууль хяналтын байгууллагыг дарамтлаад байдаг хүн биш. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Би үгээ хэлнэ. Үнэхээр гайхаж байна. Дотроо 60 тэрбумын хэрэгтэй. ЖДҮ-ийн хэрэг яригдлаа. Хариуцлага хүлээсэн хүн алга. Хэдэн