ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ: АН бүлэггүй болох байсан ч бид байр сууринаасаа ухрахгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-02

АН-ын бүлэг өнөөдөр өглөө ээлжит хурлаа хийж, намын бодлого шийдвэрийн эсрэг ажилласан гишүүддээ хариуцлага тооцохоо мэдэгдсэн билээ. Түүний дараа АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Гурван гишүүн гурвуулаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзэж, кноп дарсан. Гэтэл нэгийг нь намаас хасаад, хоёрынх нь нэр дэвших эрхийг хасч байгаа нь ямар учиртай юм бэ. Ялгавартай хандаж байгаа юм биш үү?

-Д.Болд, Д.Мурат нарын гишүүд намын шийдвэрээс зөрж товчлуура дарсан. Харин Ж.Батзандан гишүүн намын эв нэгдэл, дотоод асуудалтай холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр эсрэг ярилцлага өгч, байр суурь илэрхийлсэн. Энэ тохиолдолд намаас шууд хасах үндсэн дүрмийн заалттай. Ж.Батзандан хоёр удаа намын эв нэгдлийн эсрэг, дотоод асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хандсан гэдгээр нь. Мөн эсрэг санал өгсөн гэдэг хоёр үйлдлээр нь намын гишүүнчлэлээс хасах шийтгэл ногдуулж байгаа юм. Нөгөө хоёрт нь намын шийдвэрийн эсрэг байр суурь баримталсан гэдгээр нь нэр дэвших эрхийг нь 4 жилээр хасч байна. Ийм ялгаатай шийдвэр. Хүнийг гэм буруутай үйлдэл хийхэд нь тохирсон шийтгэл ногдуулж байх нь шударга зарчим.

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг 2014 онд огцруулахад Д.Эрдэнэбат гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Тухайн үедээ бүлгийн шийдвэрийн эсрэг гэж яригдаж байсан. Тэр үед яагаад хариуцлага тооцоогүй юм бэ?

-Тухайн үеийн асуудлыг энд яриад байх шаардлага байхгүй. Ж.Батзандан гишүүний яриаг би өглөө үзсэн. Тэр ярилцлагадаа янз бүрийн л юм ярьж байна билээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад хэн ч оролцоогүй. Ганцхан хүн гарын үсэг зурсан нь Ж.Батзандан өөрөө. Надад баримт нь байна. Ардын намын гишүүдийн дунд ганцхан Ж.Батзандангийн гарын үсэг байгаа. Өөр хүний гарын үсэг байхгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж улаан цагаан худлаа ярьж болохгүй. Ж.Эрдэнэбатын гарын үсгийг Д.Эрдэнэбат гэж андуурсан юм байлгүй дээ.  Аливаа үйл явдлыг нотлох баримтаар баталж, асуудалд хандах ёстой.  Нэг үйлдэл хийчихээд, түүнийгээ хаацайлахын тулд өмнөх хойдохыг ухаж сөхөөд, худлаа яриад байх нь ёс зүйн хувьд сайн зүйл биш.

-УИХ-ын гишүүн бол тухай тойргийн сонгогчдын төлөөлөл. Гэтэл өөрийнхөө шийдвэрийг гаргасны төлөө намаас хасна гэдэг төрийн дээр нам гарсны хамгийн тод жишээ боллоо.  Энэ талаар та юу хэлэх вэ?

-Намыг, төрийг үгүйсгээд яриад байгаа хүмүүсийг би гайхдаг. Намгүй төр гэдэг пиар сүүлийн үед нийгэмд их хүчтэй гарч ирэх болсон. Намгүй төр байгуулчихсан улс дэлхийд хаана байна, жишээ хэлээд өгөөч. Тийм улс байхгүй. Намгүй гэвэл ганцхан л засаг байдаг юм. Хаант засаглал. Нэг хүний дарангуйлалд орсон улс орнуудад л намгүй төр байдаг юм.  Хэрвээ парламентыг ардчиллын баталгаа гэж харж байгаа бол түүнийг бүрдүүлдэг субъект нь намууд байдаг юм.  Намууд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөр дэвшүүлж оролцдог. Тэр үр дүнгээрээ суудал авдаг. Энэ хүмүүс Ардчилсан намын нэрийн өмнөөс УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Тийм учраас АН улс төрийн шийдвэрээ гаргасан. Энэ гишүүд АН-ын Үндсэн дүрмийг хүлээн зөвшөөрч, намын гишүүн гэж явж байгаа. Хэрвээ дүрмээ биелүүлэхгүй гэж байгаа бол тэр хүнд эрх нь нээлттэй. Намаас гарлаа гэж гараад, гишүүнийхээ эрхийг эдлээд явах бүрэн боломжтой.  Үүнийг нь АН боогоогүй шүү дээ. Аливаа байгууллагын дотоод журам гэж байдаг даа. Дотоод журмаа удаа дараа зөрчөөд байгаа хүнийг байгууллагууд яадаг юм. Хариуцлага тооцдог, болохгүй бол халдаг биз дээ. Хүний эрх, эрх чөлөө гээд дураар нь дургиулаад байх уу. Аливаа зүйлд тодорхой хэмжээний хязгаар гэж бий.  Тиймээс Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Үндсэн дүрмийнхээ хүрээнд л ажиллаж байна. Ардчилал гэдэг анархизм биш.  Бусдын эрхийг хүндэтгэж, өөрийнхөө эрхийг хязгаарлах нь өөрөө ардчилсан зарчим. 

-Танай намын гишүүд кнопоо үнэлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?

-Янз бүрийн асуудал яриад байгаа. Нотлогдох эсэх нь цаг хугацааны л асуудал. Жишээ нь, Ж.Батзандангийн ах нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын зөвлөх хийж байгаа нь үнэн үү, үнэн. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байгаад огцорсон. Гэтэл эргээд Засгийн газрын тэргүүнийхээ зөвлөхөөр ажиллаж байх жишээтэй. Ёс зүйн хувьд сайхан харагдахгүй л байгаа юм.  Ж.Батзандангийн өөр нэг ах нь Хөххотын дэд консулаар саяхан томилогдсон нь бас үнэн. Ж.Батзандангийн эхнэр нь бас нүүрсний тээвэр хийдэг нь үнэн шүү дээ. Тээврийн компанитай. Л.Болд гишүүн “Богд” банктай нь үнэн. Гэхдээ энэ бүгдийг ашиг сонирхолтой зөрчилтэй холбож, яриа тохироо хийсэн эсэхийг би мэдэхгүй. Хийсэн байхыг бас үгүйсгэхгүй. Цаг хугацаа харуулах байх.

-МАН-ын хагарал 9-хөн гишүүнтэй АН-д халдварлалаа. Дотроо эв зүйгээ олж болоогүй юм уу.  Энд нам гэхээсээ илүү нэг эрх ашгийн төлөөх “дайн” гэж харагдаад байна?

-Нам хоёр хуваагдаж байгаа юм байхгүй. Бидэнд булаацалдаад байх эрх мэдэл, албан тушаал байхгүй. Ашиг сонирхол ч алга. Харин хувь хүний ёс зүй, суртахууны асуудал л яригдаж байна. Энэ гурван гишүүн өөрсдийнхөө хэлээд байгаа шиг байдлаар байр сууриа өөрчилсөн байж магадгүй. Нам дотор ямар ч хагарал байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье.

-УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нар намаасаа гарна гэвэл АН бүлэггүй болох уу?

-Тэр хоёр гишүүний хувьд нээлттэй. Тухайн хүн хүсэлтээ гаргаад явбал асуудалгүй. Тэглээ гээд АН бүлэггүй болох байсан ч бид байр сууринаасаа ухрахгүй.