ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Саранчимэг: Нэгдүгээр сарын сүүлээр өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-03

Арванхоёрдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар УЦУОШГ-ын Ерөнхий технологич, инженер Ч.Саранчимэгээс тодрууллаа.

-Арванхоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий мэдээ гарсан уу. Энэ сард цаг агаар ямар байх вэ?
-Сарын дундаж тэмператур Монгол орны ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байна. Гэхдээ зарим нутгаар дунджаас бага зэрэг хүйтэн байх төлөвтэй байгаа. Баруун аймгуудын өмнөд болон хойд тал, Хөвсгөлийн хойд тал, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас хүйтэн байна. Харин цасны хувьд нутгийн зүүн хэсэг буюу Баян-Өлгий, Увсын зарим газар, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр дунджаас ахиу цас орно. Дорноговь, Говьсүмбэр, Дундговийн зарим нутгаар дунджаас бага цас орж, дулаахан байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээ бодвол цас орой орлоо. 

-Зудын эрсдлийн мэдээ гарсан уу. Энэ жил аль, аль аймгуудад зуд болох эрсдэлтэй байгаа вэ?
-Зудын эрсдлийн мэдээ арваннэгдүгээр сарын 20-ны өдөр гарсан. Энэ мэдээгээр одоо цастай байгаа Ховдын урд хэсэг, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завханы хойд хэсэг, Хөвсгөл, Архангайн зарим сумдаар зудын эрсдэл өндөр гарсан. Өөрөөр хэлбэл, нутгийн 20 орчим хувь нь зудын эрсдэлтэй байна гэсэн үг. Гэхдээ энэ мэдээ энэ сарын байдал ямар байхаас шалтгаалаад өөрчлөгдөнө. Нэгдүгээр сард одоогоор цас багатай байгаа төвийн бүс нутаг, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгуудын нутгаар ахиу цас орох төлөвтэй байгаа. Температурын хувьд цас ахиу орох газруудаар уур амьсгалын дунджаас бага зэрэг хүйтэн, цас бага байх газраар бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр цас ахиу орох нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа. Энэ жил цас оройтож орсон хэдий ч цаг агаарын цочмог хүйтрэлт өмнөх жилүүдээсээ эрт болж байна. Ер нь сүүлийн жилүүдэд цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт маш их хэлбэлзэлтэй болсон. 

-Ойрын өдрүүдэд 49 градус хүртэл хүйтэрнэ гэсэн мэдээлэл байна. Ойрын цаг агаарын байдал ямар байх вэ?
-Энэ сарын 01-нээс баруун аймгуудын болон төвийн нутгаар цас орж цасан шуурга шуурлаа. Хүйтний эрч өчигдрөөс нийт нутгаар огцом чангарч байна. Энэ сарын 04, 05-ны үед нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга болох төлөвтэй байна. Мөн 05-наас 08-ны өдрийг хүртэл хүйтний эрч чангарна. Энэ сарын эхний арав хоног хүйтний эрч огцом чангарах төлөвтэй байгаа. Харин 09-ны өдрөөс эхлээд нийт нутгаар хүйтний эрч суларна. Сарын сүүлээр эргээд хүйтний эрч чангарна гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Манай орны хамгийн хүйтэн байдаг нутаг буюу Дархадын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 46-49 хэм, өдөртөө 31-36 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна. Онон, Хэрлэн, Улз, Орхон голын сав нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтайн өвөр нутаг болон говийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Цаг, агаарын урьдчилсан төлвөөр сарын дунд үе болон гуравдугаар арав хоногт энэ температур 2-3 хэмээр дээш, доош хэлбэлзэх төлөвтэй байгаа. 

-Арванхоёрдугаар сар дөнгөж эхэлж байна. Ес эхлэхээр одоо байгаагаас хүйтэрнэ гэж ойлгож болох уу?
-Ямар ч байж болно. Одоогоор үүнийг урьдчилж хэлэх боломжгүй байна. Хамгийн багадаа ес эхлэхээс долоо хоногийн өмнө урьдчилсан мэдээ гарна.