ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Францчууд шатахууны үнийг эсэргүүцэн 36 мянгуулаа гудамжинд жагслаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-04

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнийг дахин нэмэхээр болсон тухайгаа мэдэгдсэний дараа тус улсын иргэд эдүгээ Европ дахь хамгийн том эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлээд байна. Жагсаалын бэлгэдэл нь шар хантааз. Франц даяар 36 мянга гаруй жагсагчид шатахууны үнийг эсэргүүцэн шар хантааз өмсөн гудамжинд жагссан бөгөөд тэд өөрсдийгөө “шар хантаазтангууд” хэмээн нэрлэжээ. 

Шатахууны үнийн эсрэг жагсаалд шар хантаазыг сонгосон нь Францын жолооч нар машиндаа фосфортдог шар ногоон өнгийн аюулгүйн хантаазыг заавал авч явах ёстой байдагтай холбоотой аж. 

Шар хантаазтанууд эхэндээ тайван жагсаал хийж байсан ч, сүүлийн өдрүүдэд ширүүсч, мөргөл­дөөн гарахад хүргэжээ. Жагсаал эдүгээ гуравдахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өнгөрөгч бямба гарагт гэхэд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаа нартай мөргөлдсөн бөгөөд жагсагчдын эсрэг цагдаа нар усан буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ. 

Тэд “Бид бослого гаргах эрхтэй”, “Макрон огцор”, “Шар хантаазтангууд ялах болно” хэмээн хашгирч байжээ. Жагсаалын цар хүрээ нэмэгдэж, шар хантаазтангуудын бухимдал дээд цэгтээ хүрсэний дараа Ерөнхийлөгч Э.Макрон Ерөнхий сайдаа өрөөндөө яаралтай дуудан уулзаж, жагсагчдын төлөөлөлтэй уулзахыг даалгасан байна. 
Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Эдуард Филипп 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин татвар нэмэх арга хэмжээг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргаснаа зарлажээ. 

Жагсаалд Франц даяар 36 мянган хүн нэгдсэн юм. Тэгвэл тэдгээрийн 5000 нь Парист машин шатаах гэх мэтээр эмх замбараагүй байдал үүсгэн цагдаа нартай мөргөлдсөний дараа 412 нь баривчлагджээ. Энэ мөргөлдөөн 1968 оноос хойш Парист болсон хамгийн их хохиролтой эсэргүүцлийн хөдөлгөөнд тооцогдож байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр хэдэн зуун сая евротой дүйх гэнэ. “Radio One Europe”-ын мэдээлж буйгаар мөргөлдөөний үеэр цагдаа нар жагсагчдын тараахын тулд 12 мянган канистр нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байх бөгөөд хамгийн багадаа 80 хүн гэмтэж бэртжээ. 
Шатахууны үнийн нэмэгд­лийн ганц францчууд эсэргүүцэж буй юм биш. Тус улсаас өмнө Итали, Бельгид ч арваннэгдүгээр сард эсэргүүцлийн жагсаал болж байсан юм. Манай улсад ч мөн болсон билээ. Гэхдээ Францынх хамгийн өргөн цар хүрээтэй болж байна. 

Тус улсад энэ жил дизел түлшний татварыг нэмсэний дараа үнэ нь 16 хувиар нэмэгджээ. Тодруулбал, дунджаар литр нь 1.24 еврогийн үнэтэй байсан дизель түлш 1.48 болж нэмэгджээ. Макроны Засгийн газар дизел түлшний хэрэглээг бууруулах, аль болох байгальд ээлтэй цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж буй. Энэ хүрээнд автомашины яндангаас гарах утааг бууруулахын тулд шатахууны татварыг нэмэх арга хэмжээ авсан юм. Эсэргүүцлийн жагсаал цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна. Өчигдөр гэхэд түргэн тусламжийн машины жолооч нар парламентын танхимын өмнө цугларан жагсчээ. Юутай ч, Францын эрх баригчид жагсагчдын шаардлагыг хүлээн авч, татвар нэмэх шийдвэрийнхээ хэрэгжилтийг түр хугацаанд хойшлуулах шийдвэрийг өчигдөр гаргалаа.  

 

Францчуудын дийлэнх нь эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж байна

Францчуудын дийлэнх нь буюу 72 хувь нь шатахуу­ны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэж буй “шар хантаазтнууд” хөдөлгөөнийг дэмжиж буйг олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ. “RTL” телевизийн захиалгаар “Harris Interactive” судалгааны төвөөс явуулсан уг санал асуулгын дүнг даваа гарагт нийтэлсэн байна. “Хэдийгээр энэ сарын 1-нд болсон олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа Францын олон хотод ялангуяа Парис хотод эмх замбараагүй байдалд хүрч, хүчирхийл­лийн давлагааг дахин үргэлжлүүлсэн ч ард иргэд тус хөдөлгөөнийг урьдын адил дэмжсэн хэвээр байгаа болохыг” судлаачид онцлон тэмдэглэжээ. Судлаачдын хэлснээр, нийгэм “шар хантаазтнуудыг ойлгож бас дэмжиж байна”, гэхдээ эсэргүүцлийн ажиллагааны үеэр хүчирхийлэл газар авч байгааг эсэргүүцэж байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогсдын 85 хувь нь жагсаал цуглаанаас үүдэлтэй эмх замбараагүй байдлыг буруушаасан байна. Санал асуулгыг энэ сарын 2-нд 18-аас дээш насны 1016 хүний дунд интернэтээр явуулжээ.