ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотын даргын суудал Б.Мөнхбаатарт шилжих үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-04

Нийслэлийн Засаг дарга С.Батболд  өнгөрсөн долоо хоногт албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарга­сан. Тэрбээр хүсэлтдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойлголцож, хамтран ажиллах боломжгүйгээ дурдаж, ирэх долоо хоногт буюу 10 гэхэд ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн байдаг.  Гэвч НИТХ-аар өнөөдөр Хотын дарга С.Батболдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэхээр тогтсон байна. Хотын дарга С.Батболд Нийслэлийн 2019 оны төсвийг баталсны дараа ажлаа өгөхөөр тооцсон бол намын удирдлагынх нь  зүгээс  төсөв батлагдахаас өмнө хэлэлцэх нь зүйтэй гэсэн чиг барьж буй аж. Мөн дараагийн Хотын дарга хэн байх вэ гэдэг таамаг хэдийнэ өрнөж эхлэв.

Тухайлбал, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын зүгээс Нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатарыг энэ суудалд нэр дэвшүүлж байгаа гэх мэдээлэл байна. Б.Мөнхбаатар нь  “Эрдэнэс Оюутолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан бөгөөд энэ оны аравдугаар сард чөлөөлөгдөж байлаа. Тэрбээр, МУИС-ийн Улс төр судлалын ангид суралцаж төгссөн. Харин Их сургуулиа төгсөөд Нийслэлийн намын хороонд ажиллаж байгаад удалгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын  орлогч дарга болж байжээ.

Үүнийхээ дараа БСШУЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байв. 2004-2006 онд Зүүн Лондонгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирээд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хотын хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын үүрэгт албан тушаалд ажиллаж байсан туршлагатай юм.