ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их-20 ба АНУ, Хятадын зөвшилцөл

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-05

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод хоёр өдрийн турш үргэлжилж, өнгөрөгч ням гарагт өндөрлөсөн “Их 20”-ын 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт “Шударга, тогтвортой хөгжлийг бий болгох нь” уриан дор  зохион байгуулагдлаа.  Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 20 орны удирдагчид ирээдүйд бий болох ажлын байр, хөгжлийн дэд бүтэц, санхүүгийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт хийгээд олон улсын худалдааны асуудлыг хэлэлцэж, эцэст нь хамтарсан тунхаглал гаргасан. 

Тэрхүү тунхагт Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх, эдийн засгийн өсөлтийг хангахын тулд улс төрийн бүхий л арга хэрэгслийг ашиглаж, дүрвэгсдийн асуудал болон тэдэнд тусламж үзүүлэхэд Их-20 бүлгийн орнууд хамтран ажиллахаас эхлээд хэт даврагчдыг санхүүжүүлэх явдлыг таслан зогсоохын тулд интернэт орчинд терроризмтай тэмцэх талаар тусгаж, уулзалтад оролцогчид санал нэгтэйгээр баталжээ. 

Үүнээс гадна өнгөрсөн жил Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнээс “хэтэрхий их мөнгө салхинд хийсгэсэн” гэх шалтгааны улмаас гарахаа мэдэгдэж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ч тус тунхаглалд гарын үсэг зурсан нь гэрээгээр хүлээсэн үүргээ цаашид биелүүлнэ гэсэн баталгаа боллоо. Гэхдээ Аргентинд баталсан хамтарсан тунхаглалын агуулгыг зарим шинжээчид урьд жилүүдийнхийг бодвол харьцангуй сул хэмээн дүгнэж байна. Хэдий тийм ч, АНУ-Хятадын худалдааны дайны сөргөлдөөнтэй холбоотойгоор хамтарсан тунхаглал ч үгүй өндөрлөсөн АПЕК-ийн дээд хэмжээний уулзалттай харьцуулахад энэ удаагийн уулзалт сул агуулгатай ч гэсэн хамтарсан баримт бичгийг  баталснаараа онцлог болсон юм. Түүнчлэн, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын гурван талт уулзалт энэ үеэр болов. Уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин санаачилсан бөгөөд Евразийн гурван их гүрний удирдагчид 2006 оноос хойш 12 жилийн дараа дахин нэг ширээний ард суужээ. Уулзалтаар Евразийн бүс нутагт өрнөж буй үйл явц, аюулгүй байдал, улс орнуудын хоорондын бүтээлч харилцааны талаар санал солилцсон байна. 

 

АНУ Хятадад 90 хоногийн хугацаа өгөв

Анх АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн жилийн эхээр БНХАУ-аас Нэгдсэн улс руу экспортлох зарим нэр төрлийн бараанд гаалийн өндөр татвар ногдуулах шийдвэр гаргасан. Тэгвэл тус улсын эл гадаад худалдааны хатуу бодлогын хариу болгож БНХАУ ч АНУ-ын гурван тэрбум ам.доллартай дүйх импортын бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан билээ. Ингэснээр дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хооронд худалдааны дайн албан ёсоор эхэлсэн гэж хэлж болно. Тиймээс ч эдгээр хоёр орны удирдагч Их-20-иор уулзах эсэх нь анхаарал татаж байсан юм. Тэгвэл дээд хэмжээний уулзалт дууссаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хамтдаа ажил хэрэгч оройн зоог барьж, хэлэлцээ хийсний эцэст нэг нэгнийхээ импортод шинээр ногдуулахаар зэхэж байсан гаалийн татваруудаа 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дахиад Хятадын 200 тэрбум ам.долларын бараанд татвар ногдуулах шийдвэр Аргентины уулзалтын дараа 90 хоногоор сунгагдсан хэрэг. Өөрөөр хэлбэл, АНУ БНХАУ-ын талд оюуны өмчийн хулгай гэх мэт зөрчлүүдээ арилгах гурван сар орчим хугацааг өгсөн гэсэн үг юм. Харин Д.Трампын эл буултын хариу болгож Хятадын тал АНУ-ын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авна гэдгээ амласан байна. Ямартай ч, АНУ БНХАУ-д 90 хоногийн хугацаа өгсөн. Харин энэ хугацаанд БНХАУ шийдвэртэй алхам хийхгүй бол АНУ-ын Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг одоо байгаа 10 хувиас 25 хувь болгон өсгөх шийдвэр хэрэгжих бололтой. 

 

Ши Жиньпин, Доналд Трамп нарын уулзалтын дараа

АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзаж, худалдааны асуудалд зөвшилцөлд хүрч, худалдааны дайны галыг түр хугацаанд намжаасны дараа санхүүгийн зарим шинжээчид уулзалтыг үнэлж эхэлсэн. Тодруулбал, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой хэмээн дүгнэж байсан юм. Тэгвэл үнэхээр уулзалтын дараагаас Азийн хөрөнгийн зах зээлийн томоохон индексүүдийн үнэлгээ өсч эхэлсэн байна. Тухайлбал, Хонконгийн "Hang Seng" болон Хятадын "Shanghai Composite" индексүүд хоёр хувийн өсөлттэй гарсан бол Японы "Nikkei" нэг хувийн өсөлт харуулжээ. Хоёр улсын Ерөнхийлөгчид өнгөрөгч оны дөрөвдүгээр сард  Флорида дахь Америкийн Ерөнхийлөгчийн өргөөнд, мөн оны арваннэгдүгээр сард Бээжинд уулзаж байсан билээ. 

 

А.Меркель, Э.Макрон нарын “азгүйтэл”

“Их-20” бүлгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар тун ч азгүй, одгүй байлаа. Учир нь гэвэл А.Меркель  онгоцтойгоо осолдох дөхөж, буцаж газардахаасаа өмнө далайд 120 тонн керосиноо асган байж, Кёльн хотод ослын буулт хийн мэнд үлджээ. Өөрт тохиолдож болзошгүй аймшигт явдлын дараа Меркель зочид буудалд хоноглож, маргааш нь Аргентинд хүрэлцэн ирсэн. Ингэснээр тэрбээр эхний өдрийн уулзалтад оролцож чадаагүй юм. Харин Францын Ерөнхийлөгчийн тухайд тун ичгэвтэр зүйл тохиолджээ. Түүнийг гэргий Брижит Жонсоны хамт онгоцны буудалд газардахад нь хэн ч тоосонгүй. Төрийн тэргүүний хувьд уулзалт зохион байгуулагч талын албаныхан хүндэтгэлтэйгээр угтан авна гэсэн төсөөлөлтэй байсан нь мэдээж. Гэвч, Францын удирдагчдыг шар хантааз өмссөн цэвэрлэгч л угтан авчээ. 

Түүнчлэн, “Их-20” уулзалтаар нүүр тулан уулзаж, зарим асуудлаар санал солилцоно хэмээн төлөвлөж байсан Д.Трамп, В.Путин нарын уулзалт гэнэт л цуцлагдав. Хэдий өмнө нь төлөвлөгдсөн байсан ч, АНУ-ын тэргүүн гэнэтхэн л хоёр улсын удирдагчдын уулзалт цуцлагдсан хэмээн твиттертээ жиргэжээ. Үүгээр барахгүй АНУ, ОХУ-ын тэргүүнүүд гар барьж мэндлээгүй гэх. Мөн Аргентины Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлж байхад АНУ-ын Ерөнхийлөгч орчуулгыг нь голж, чихэвчээ шидсэн гэх мэдээлэл ч байгаа юм. 

“Их 20”-ын тухай товч дурьдахад, энэ нь дэлхийн 19 улс ба Европын Холбооны албан ёсны бус нэгдэл юм. Тус нэгдэлд дэлхийн хүн амын гуравны хоёр, дэлхийн ДНБ-ний 85 хувь, дэлхийн худалдааны 75 хувь хамаарч байна. Ирэх жил Их-20 Японы Осака хотноо чуулна.