ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нярайд шаардлагатай аппаратыг хувийн эмнэлэгтээ ашиглаж байжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-05

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан энэ сарын 7-ны өдөр цагдаагийн байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмж алга болсон тухай дуудлага өгчээ.  Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагчид мөрдөн шалгах ажиллагаа зохион байгуулсан байна.

Шалгалтаар “Өргөө” амаржих газрын алдагдсан гэх тоног төхөөрөмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч О өөрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогджээ. Хэрэгт холбогдогч О нь хувийн эмнэлэгтээ нярайн тасагт хэрэглэж байсан дѳнгѳж тѳрсѳн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж, хэрэглэлүүдийг дур мэдэн ашиглаж байсан байна. Тэрбээр "хувийн эмнэлэгтээ нярайн фото аппарат, нярайн тэргэнцэр зэргийг хэрэглэж байсан нь үнэн. Гэхдээ би дарга нартаа хэлж зөвшөөрөл авсан. Буцааж өгсөн" гэж мэдүүлжээ.

Мѳрдѳн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт хохирогчоор тус эмнэлгийн санхүү аж ахуйн албаны дарга Н.Батдавааг тогтоосон. Хэрэг шалгагдаж эхэлснээс хойш тус эмнэлгийн удирдлагын шийдвэрээр О-ийн албан тушаалыг бууруулж тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж цалинг нь хасчээ. Сэжигтэн О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Энэхүү хэргийн мѳрдѳн шалгалтын ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байна.