ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гишүүд УИХ-ыг тараах санал гаргаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-05

УИХ-ын чуулган Төрийн ордонд үргэлжилж байна.  Өглөө чуулган 40 гишүүний ирцтэй эхэлсэн ч асуудлаа хэлэлцэж чадахгүй гацаж байгаа юм. Уг нь ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэх байсан. Хурлын дундуур УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нар эсэргүүцлийн бичиг барьж зогсч байгаа юм. 

Тиймээс УИХ-ын гишүүд үг хэлж, горимын санал гаргаж байна. Үг хэлсэн гишүүн бүр УИХ-ыг тараах санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  Монголын төр эмгэлэнт драм болж гүйцлээ. Өнөөдөр 300 гаруй мянган малчдын чинь нөхцөл байдал хүндэрч байна. Цас орж, цасан шуурга шуурч байгаа. Гэтэл салбар нь эзэнгүй байна. Сайд нь огцроод явчихсан. Ч.Улаан гишүүнийг байнгын хороод дээр 100 хувь дэмжээд явсан. Ерөнхий сайд ХХААХҮЯ-ны удирдлага, сайдыг томилоод өгөөч гэсэн. Томилоод өгье гэхээр гацаадаг. Гурван долоо хоног боллоо.  Сая О.Баасанхүү гишүүн таръя гэж байна. Миний бланк дээр Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ гишүүд үнэхээр тийм шударга юм бол гарын үсгээ зурчих.

Сайдыг нь томилоод өгье гээд өглөөнөөс хойш 40 гишүүн суулаа. Ерөнхий сайд, бусад сайд нар нь орж ирдэггүй. Энэ улс чинь МАН-ын тоглоом юм уу. Үүнээсээ ичээч. Засгийн газар өөрсдөө саналаа өгөөд огцрооч. Бүгдээрээ миний бланк дээр гарын үсгээ зураад, огцоръё. Ард түмнээрээ дүнгээ тавиулъя.  Монголын төр энэ 76-гаар дутах юм уу. Ард нь монгол түмэнд энд суулгах 76 аавын хүү, ээжийн охин байгаа байлгүй. Битгий та нар Монголын төрийн дээр өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийг тавиад байгаарай. Даварцгаагаад байгаарай та нар, хохь чинь шүү.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хэлэлцэх асуудлын дараалал батлагдсан. Ч.Улаан гишүүнийг сайдаар томилох гэтэл болсонгүй. Тийм болохоор дараагийн асуудлаа хэлэлцээд явъя.  Өглөө би 9:50 цагт орж ирсэн. Түүнээс хойш гишүүд уван цуван ирсээр байгаад ирц бүрдсэн. 40 гишүүнтэй УИХ-ын ирц бүрдсэн. Одоо танхимд хангалттай олон гишүүн байна. Тиймээс дараагийн асуудлаа хэлэлцээд явъя.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Би Засгийн газрыг огцруулах асуудал ярилцахад хэлж байсан. Хэдэн өдөр сайн, муугаа хангалттай ярилцлаа. Засгийн газар огцрохгүй үлдсэн. Одоо ажлаа хийе.  Гадаа хасах 40 градус хүрч байхад салбарын яам нь сайдгүй байна. Хурдан томилох хэрэгтэй. Нөгөө талаар энд зогсч байгаа 4 гишүүний буруу ч бас биш. Ирц бүрдүүлж байгаа хүмүүс нь бодолцоорой. Өнгөрсөн зун нээлттэй сонсгол хийе гэхэд гишүүд гарын үсэг зураагүй.  Прокуророос зөвшөөрөлгүй өгөхгүй байгаа, нууц гээд. Би өөрөө нээлттэй сонсгол хийх гарын үсэг цуглуулна.  Тэр 60 тэрбумын асуудлаар хэдэн хүн мөнгө өгч ажилтай болсон юм гэдгийг нь нарийн тогтоох хэрэгтэй. Би тийм саналтай байна. Гэхдээ үүний өмнө сайдаа томилоод, Засгийн газраа ажил хийх боломжоор нь хангаад өгчихмөөр байна шүү дээ.  Ч.Улаан Монгол Улсын бүх хөрөнгө мөнгийг тэвэрч явж чадсан юм чинь Хөдөө аж ахуйн салбарыг аваад явчих байлгүй дээ.  Нээлттэй сонсголын асуудлыг би цаашид ярина. Хууль зөрчсөн нээлттэй сонсгол  хийж болохгүй. Тийм болохоор иргэнийхээ танхимд очоод хийе. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:  Саяхан Засгийн газар огцруулах асуудлыг ярилцсан. Тогтвортой ажиллах нь зүйтэй гэж үзээд, огцруулаагүй. Одоо ХХААХҮЯ-ны асуудлыг хэлэлцэх гэж байна. Араас нь хоёр яамны асуудлыг ярих байх. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хийх ёстой шүү. Гэтэл яагаад ингэж гацаагаад байгаа юм. УИХ-ын даргыг огцруулах гэж байгаа бол хуулийн дагуу ажиллах ёстой. Хууль, эрх зүйн үндэслэлийг нь гаргаад өгчих. Тэгвэл хэдүүлээ хэлэлцэе.  Тавьтаргүй хэдэн гишүүний тоглоом биш шүү энэ. Одоо 60 тэрбумын асуудлаа ярьсан дээр. Тэгэхгүй бол олон хүний нэр татагдаж орж байна. Ерөнхий сайд хэлсэн “Яг хэрэгжсэн эсэхийг нь мэдэхгүй байна” гэж.  Тийм болохоор үнэхээр хэрэгжсэн үү, хэн хэн албан тушаалд очсон бэ гэдгийг нь ярих цаг болсон. Тэгээд Ж.Мөнхбат гишүүн бланк дээрээ гарын үсгээ цуглуулчих. Тийм л хоншоортой юм бол тарцгаая бүгдээрээ. 

УИХ-ын гишүү Д.Оюунхорол: Би эрэгтэй гишүүдэд хандаж үг хэлье.  Үндсэн хуулийн бус үйлдэл хийж байгаа, цаас бариад зогсч байгаа дөрвөн гишүүнд хандаж хэлье.  Энэ хууль бус үйлдлээ зогсоо.  Ж.Батзандан гишүүн сая хэлж байна, том МАНАН-тай тэмцэж байна гэж. Та дөрөв жинхэнэ манантчихсан зогсч байна, одоо.  Бидэнд хууль зөрчсөн асуудал байгаа бол хуулийн хүрээнд ярь. Монголын ард түмэн бидэнд 65 суудал өгсөн. Ард түмний амьдралыг өөд нь татаасай гэж сонгосон байх. Гэтэл ард түмний амьдрал улам дордлоо. Хоёрдугаарт, УИХ-ын чуулганаар 60 тэрбумын асуудлаар нээлттэй ярилцаасай гэж хүсч байна. Хэн, хэн мөнгө аваад, албан тушаалд очсон юм. Ах, дүү, төрөл садан, нутаг ус гэдэг шалтгаанаар хэн нь хэнийг албан тушаалд тавьсан юм гэдгийг ярих цаг болсон.  Өнөөдөр УИХ-ын чуулганыг Засгийн газрын гишүүд бойкотолж байна. Үнэхээр “Давхар дээл”-ээ даахгүй бол тайл. Цаашид ингэж бойкот хийнэ гэвэл УИХ таръя. Эсвэл Засгийн газрын гишүүд “Давхар дээл”-ээ тайл.