ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлийн хэмжээнд 1311 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-05

ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ хамтран өнөөдөр Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.  2018 оны арваннэгдүгээр сарын 26-аас 12 дугаар сарын 02-ыг дуусталх долоо хоногт улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 5.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.2 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 0,9 хувиар бага байна.

Хүн амын дунд томуугийн вирус эргэлтэд ороогүй харин амьсгалын замын синцитиаль вирус, риновирус зонхилон давхар эргэлтэд байгаа аж. Харин  Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 4.4 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо мөн үетэй ижил түвшинд, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар их, сүүлийн 3 жилийн дунджаас 2.8 хувиар бага байгаа ажээ.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 334 зөөврийн орыг нэмж зохицуулалт хийсэн ба одоогийн байдлаар 1311 хүүхэд (үүнээс 1059 нь амьсгалын замын халдварт өвчтэй) хэвтэн эмчлүүлж байна.

Томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүдэд 7 хоног тутам хуваарийн дагуу ажиллаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж байна. Хүүхдийн орны тоог нэмэхэд анхаарч нэмэлт ор дэлгэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх зэргээр зохицуулалт хийх болон шаардагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаад байгаа аж.

 Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртсгасан цагаар ажиллуулах, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн түргэний зөвлөгөө өгөх утсыг 24 цагаар ажиллуулж байна.  Улсын хэмжээнд 125 мянган  хүн тун томуугийн вакциныг татан авч нийслэлийн 160 цэцэрлэгийн 2-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, эрүүл мэндийн ажилтныг дархлаажуулжээ.