ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гүйдэлтэй яамд

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-06

Ардын нам 2016 оны сонгуульд ялснаас хойш Засгийн газрын хоёр яам гүйдэлтэй болоод амжив. Эхнийх нь мэдээж БСШУС-ын яам. Сонгуулиар 65 суудал авч дийлэнх олонх болсон МАН мөрийн хөтөлбөрт орсон “Мэргэжлийн засгийн газар байгуулна”, “Давхар дээлтэй засаг байгуулахгүй” гэдэг хоёр амлалт зөвхөн цөөнх байхдаа л хэлж болох амлалт төдий үг байсан нь нотлогдов. Өнөөх дээлээ давхарлахыг нь давхарлаж, мэргэжлийн бус хүмүүсийг яамдын сайдаар томилж засгаа байгуулав. Гэхдээ биелүүлж чадахгүй нь ойлгомжтой болсон хэдий ч яаж зүгээр байх вэ гэсэн шиг ядаж л “Мэргэжлийн” гэх тодотголтой, үг орсон засаг байгуулсан юм. Энэ цагаас эхлэн БСШУС-ын яам, сайд хэмээн гуншин зүүсэн хүмүүсийн гүйдэг газар, гүйдэлтэй байр төдий болж хувирсан билээ. Анхны гүйж ирээд, гүйгээд буцсан гүйдэл бол Ж.Батсуурь  байлаа. Өмнөх дөрвөн жил нь Дорноговь аймгаас сонгогдон УИХ-д сууж байсан тэрбээр намынхандаа “жийгдэж” тойроггүй үлдсэн билээ.

Харин нам олонх болохоор сайдын суудлаар шагнана хэмээн тохироо хийсний хүчинд ийнхүү сайд болсон бөлгөө. Гэвч М.Энхболдын амласан сайдын суудалд тухтай ч сууж амжилгүй хөөгдөөд, хаанаас ирсэн тэр зүгтээ гүйгээд явсан юмдаг, зайлуул. Зүгээр л сайдын суудал өгсөн болж жүжиглээд, буцаагаад буулгаад авахаа аль хэдийнээ тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан Ж.Мөнхбат мэдэлгүй яах билээ. Шалтаг нь “Засгийн газрын зүгээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан” хэмээн онцоллоо. Яг энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж таарсан тул энэ үйлдлээ зөвтгөхийн тулд МАН-ын удирдлагууд ийнхүү тайлбарлаж байлаа. “Нэгдүгээрт, манай засаг ажлын хариуцлага алдсан хүмүүстээ хариуцлага тооцож чаддаг засаг юм. Хоёрдугаарт, бодоод байсан чинь Ж.Батсуурь бол боловсролын сайд хийхээр боловсролтой хүн биш аж.

Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүн биш юм байна. Бид одоо яг мэргэжлийн хүн тавина” хэмээн сонгуульд зориулсан албаны үг хэлж байлаа. Тийнхүү мэргэжлийн засгийн газрын “боловсролын хоёр дахь сайд”-аар насаараа боловсрол, шинжлэх ухааны байгууллагад ажилласан Г.Чулуунбаатар гэх эрдэмтнийг томилов. Мэдээж дээр дурдсан шиг сонгуульд зориулж уг томилгоог хийсэн боловч харамсалтай нь жилийн өмнө УИХ-д 65 суудал авч байсан нам гэхэд худлаа их ярьсныхаа төлөө тус сонгуулиар навс ялагдав. Эрдэмтэн Г.Чулуунбаатарын хэрэг ч гарсангүй. Ийнхүү МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нь мордохын хазгай болж, “дарь нь дээр нь давс” гэдэг шиг засгаа унагахын эхлэл боллоо. У.Хүрэлсүх нам дотроо сэлэм эргүүлж, бишээ хор хутгаж Ж.Эрдэнэбатын толгойлсон “мэргэжлийн” хэмээх тодотголтой засгийг унагаад амжив. Мэдээж үүнийгээ дагаад БСШУС-ын сайдаар дөнгөж томилогдоод байсан Г.Чулуунбаатар мөн л боловсролын яамны байраар гүйж ороод гүйгээд гарсан гүйдэл болж хувирав, хөөрхий. Ердөө гурван сар сайдын суудал халаасан бөгөөд нэг балны бэх ч дуусгаж амжсангүй.

“Мэргэжлийн” хэмээх тодотголтой засгийг унагаж, намаа тэхий дундуур нь сэлэмдсэн У.Хүрэлсүх “Ардын” хэмээх тодотголтой засаг шинээр байгуулахдаа өнөөх үйлтэй “боловсролын яам”-ыг Ц.Цогзолмаа хэмээх бүсгүйд атгуулав. Өмнө нь эрчүүд гүйж байсан коридороор өнөө эмэгтэй хүн гүйхээр болсон нь энэ. Эхний сайдынхаа нэрийг цээжилж амжаагүй байхад нь дараагийн сайд нь ийнхүү морилов. Ямар сайндаа л яамны ажилчид нь шинээр ирсэн сайдынхаа нэрийг цээжлэхийн тулд ойролцоо утгатай “Цул заль маа” гэж цээжлэх билээ дээ. Харамсалтай нь өнөөдөр энэ нэр “Цуг зайл мой” болон хувирсан нь тоогүй. Өөрөө “Ардын засгийн газар”-ынхаа танхимд сууж байж, “манай засаг огцор” хэмээн орилж байж шангаа хүртээд буй нь энэ. Өөрийнхөө суусан мөчрийг өөрөө хөрөөдөж, суусан завиа цоолсон хүн ингэхээс ч өөр яах билээ. Яг үнэндээ дэргэдэх төрийн нарийнаа зайлуулж чадахгүй хэвтэж, Ерөнхий сайдаа зайлуулж яахан чадаа аж, тэрбээр. Тиймээс ийнхүү өөрөө зайллаа.

Эдүгээ Ардын засгийн хоёр дахь, ардын намын 2016 оноос хойш  томилогдох дөрөв дэх “боловсролын сайд”-аа хүлээж байна. Хэн ирж боловсролын яамны коридороор гүйдэл хийхийг харин таашгүй нь. Цаашид ч энэ яамны коридороор сайд нэртэй хэдэн гүйдэл гүйхийг мэдэхгүй нь ээ. Иргэд бид энэ байдлаас залхсандаа өнөөдөр “давхар дээлгүй, мэргэжлийн” гэх мэт дээд зэргийн шаардлага тавихаа болиод ядаж мал биш хүн тавиасаа гэдэг энгийн нэгэн хүсэлтэй боллоо, хөөрхий. Яг боловсролын яамтай адил гүйдэлтэй газар Зам, тээврийн хөгжлийн яам билээ. Анхлан Ж.Эрдэнэбатын байгуулсан Засгийн газрын ЗТХ-ийн сайдаар Д.Ганбатыг томилов. Ядаж л “давхар дээл” өмсөөгүй цөөхөн сайдын нэг байсан юм, тэрбээр.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар унахтай зэрэгцэн Д.Ганбат гүйгээд явахтай зэрэгцэн “сахал” хочит Ж.Бат-эрдэнэ гүйгээд ирэв. Уг нь өмнө нь энэ яаманд төрийн нарийн хийж байсан туршлагатай хүн хэмээн магтаж залсан боловч, хүссэн зүйл нь хүзүүгээр нь татсан билээ. Учир нь газрын дарга нараа солих аян нь дуусаж амжаагүй байхад нэг газрын дарга нь нөгөө даргынхаа аминд хүрч, жинхэнэ гүйдэл гэдэг зүйл ямар байдгийг бодитоор үзүүлэхээр болов. Зам, тээврийн салбарт туж үзэгдэх болсон авлига хээл хахууль, осол аваар, гэмт хэргүүд газар авснаас болж өөрөө өргөдлөө өгөөд гүйгээд л явчихав. Зөрөөд хоёр дахь удаагаа УИХ-д суугаа Я.Содбаатар сайдаар гүйгээд ирлээ. Гүйдлийг аргалах гэж лам багшаараа сангаа ч тавиулж ч амжаагүй байхад нь ЖДҮ-ийн сангаас зээл авсан асуудал нь газар авч, түүхэнд хамгийн богино настай сайд хэмээн бичигдэхээр боллоо. Ердөө л сар гаруйхан сайдын суудалд сууж, яамны коридороор гүйжээ. Хүрээний бузрыг тоочвол далай гэдэг шиг энэ хоёр яамны болохгүй бүтэхгүйг тоочвол жинхэнээсээ далай шиг их билээ. Зөвхөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эдгээр яамаар ирээд буцсан сайд нарыг тоолоход ийм байна.

Уг нь ач холбогдлоороо ч хамгийн чухал, хамгийн их хөрөнгө мөнгө эргэлддэг энэ хоёр яаманд байдал ийм л байна. Төрийн ажлыг хамгийн их нугалах ёстой хоёр яамны сайдын суудал хувь хүний намтарт нь тодотгол оруулах төдий алба болсон нь харамсалтай. Энэ маягаараа эл хоёр яамаар цаашид, 2020 он хүртэл хэн гэдэг хэдэн сайд гүйдэл болоод гарахыг хэлж хэн ч мэддэггүй ээ.