ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Нямдорж: М.Энхболд оо, нэг хүний эрх ашгаас дор УИХ гэж байхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-12-06

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна. 

 

Чуулганы ирц арайхийж бүрдэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Тухайлбал,  ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг томилох эсэх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон ЗТХ-ийн сайд Я.Содбаатар нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх ёстой байв. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх байсан ч чуулганы хуралдааны ирц хүрэхгүй УИХ-ын дарга гишүүд, сайд нарыг танхимд орж ирэхийг зарлаж, бүтэн цаг хүлээлээ. Ингээд чуулганы хуралдаан 11:00 цагт эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Захиргааны ерөнхий хууль батлагдах нь маш зөв. Бид 2002 онд маргааныг шийдвэрлэх хуулийг гаргаж, 2004 онд шүүхийг нь байгуулчихсан. Захиргааны ерөнхий хуулийг батлах нь зөв юм. Дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй. Хэсэгчилж болохгүй” гэсэн горимын санал гаргаж, гишүүдийн олонх нь дэмжлээ. 

 

УИХ-ын дөрвөн гишүүн М.Энхболд даргыг эсэргүүцэж, суулт зарлалаа 

Түүний дараа ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч “УИХ-ын  даргыг огцрох ёстой. Хурал даргалах ёс зүйн эрхгүй огцор”  гэсэн бичгийг Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар барьж, эсэргүүцлээ илэрхийллээ. Хуралдааныг цааш үргэлжлүүлэх нөхцөл байдал хүндхэн болсон учир ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “М.Энхболд дарга аа, эсэргүүцэл зарласан  гишүүдтэйгээ уулзаж ярилц л даа. Энэ хооронд Л.Энх-Амгалан гишүүн чуулганы үйл ажиллагааг үргэлжлүүлж байя. Та нар уулзаад ярилц. Аль аль талаасаа уян хатан хан­дац­гаа л даа. Асуудлыг ойл­гол­цож шийдэх сурах хэрэг­тэй. Хоёр талаасаа чан­гаа­гаад байвал юу ч явахгүй” хэмээн хэлж, УИХ-ын дарга суулт зарласан гишүү­дийг хүлээн авч уулзахаар явсан юм. 

 

Ж.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат бланкаа гаргаад ир, бүгдээрээ тарцгаая

Энэ хооронд чуулганы хурал­дааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирд­лаа. Энэ үеэр зарим гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монголын төр эмгэнэлт драмын төрөл рүүгээ орлоо. Өвөл  болж, цас унаж хөдөө, гадаагүй асуудал их бий. Энэ хүнд цаг үед салбар нь сайдгүй ажиллаж байна. Ч.Улаан гишүүнийг УЗ, бүлэг дээрээ ч дэмжсэн. Томилох гэхээр Ерөнхий сайд, сайд нар нь орж  ирэхгүй гурван долоо хоног болж байна. Засгийн газрын гишүүд командаар УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байна. Хамгийн чухал салбар энэ хүмүүст хамаагүй болчихсон юм байна. Ийм болохоор би Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэж хэлээд байгаа юм. Танхимыг нь элэг бүтэн болгоод өгье гээд 40 гишүүн чуулгандаа орж ирээд хүлээгээд байхад Засгийн газрын гишүүд нь сайд нь орж ирэхгүй юм. Шударга ёсыг яриад байгаа гишүүд миний бланк дээр гарын үсгээ зураад, УИХ-ыг тараая. Энэ 76 байсан байгаагүй цаана нь 76 аавын хүү, ээжийн охид байгаа шүү дээ. Дарвалаад байгаарай та нар” гэж бухимдав. Харин  УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал орж ирлээ. Засгийн бүтэц бүрэлдэхүүнээ маш яаралтай томилох шаардлагатай. Асуудалд хуулийн дагуу хандах хэрэгтэй. Үнэхээр УИХ-ын дарга хууль зөрчсөн юм бол үндэслэлээ гарга л даа. УИХ тавтиргүй гишүүдийн тоглоом биш.  Хэдүүлээ таръя. Ж.Мөнхбат бланкаа гаргаад ир. Бүгдээрээ тарцгаая. Ард түмнээрээ дүнгээ тавиулж  хэдүүлээ хоншоороо үзэцгээе” гэж басамжлав. 

 

Алтны нөөц ашигласны татварыг таван  хувь болгох санал гарав

Чуулганаар  Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлц­лээ. Хэлэлцэх асуу­дал­тай холбог­дуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбиш­дагва “Чухал хуулийн төсөл хэлэл­цэж бай­хад алтны ашиг сонир­хол­той гишүүд нь гараад алга болчих юм.   Энэ хуулийн төсөл маш чухал. Байгаль орчин, уул уурхайн, улсын төсөвт оруулах хөрөнгө санхүү талаасаа маш чухал асуудал. Алтны хулгайтай та ганцаараа тэмцээд дийлэхгүй.  Бид алтаа хянаж чадахаа байчихсан. Алтны лобби гэдэг агуу юм билээ. Дийлдэггүй юм.  Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгоно гэдэг дэндүү жоохон. 20 тонн алтны 60 гаруй хувийг иргэд тушаасан байгаа юм. Судалгаанаас харахад, иргэдийн тушааж байгаа  алтны тоон үзүүлэлт өсөлттэй байгаа нь ААН-үүд иргэдийн нэрээр тушааж ААН-ийн орлогын албан татвараас зайлс   хийгээд байна. Би хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ алтны нөөц ашигласны татварыг таван  хувь болгох саналыг гаргаж байна” гэлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Санал нэг байна. Алт тойрсон асуудлууд тэмцээд барахгүй гэдэгтэй ч санал нийлж байна. Холбогдох бүх байгууллагуудын уялдааг хангасан хуулийн төсөл өргөн барихад бэлэн болж байгаа.

Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгох гэдгийг  эдийн засгийн үр өгөөжөөс нь сайтар судалж байж оруулж ирсэн” гэсэн юм. Үдээс хойших хуралдаанаар тус хуулийн төслийг үргэжлүүлэн хэлэлцэх ёстой байсан ч мөн чуулганы ирц хүрэхгүй, хуралдаа ирсэн гишүүд бухимдлаа. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “ “Засгийн газар л гээд байх юм. УИХ өөрөө ямар байдалд орчихсон байгаагаа харахгүй байна уу. УИХ-ын дарга аа, гишүүдийн чинь 50-иас дээш хувь нь эсэргүүцээд байна. Гэтэл Засгийн газар гээд дайраад байх юм. Нэг хүний эрх ашгаас дор УИХ гэж байдаг юм уу. Гишүүдийн 50-иас дээш хувь нь эсэргүүцээд гараад явчихсан байхад яаж удирдах гээд байгаа юм.  Би танд хэлсэн шүү дээ. Би цагтаа энэ УИХ-ын даргын чинь ажлыг өгч л явсан. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй. Ж.Мөнхбат аа, чи битгий цамнаад бай.  УИХ-ын сонгууль явуулахад зардал гарна. Та нар энэ улсыг Украйн болгох гээд байгаа юм уу. Тийм санаатай байвал би чадлаараа тэмцэнэ. М.Энхболд дарга аа, та энэ бүхнээ сайтар бод.  30 гаруйхан гишүүнтэй УИХ яаж шийдвэр гаргаж, хуралдаж явах юм” гэж зандрав. Ингээд өчигдрийн чуулган УИХ-ын даргыг эсэргүүцсэн бойкотоор үргэлжилж, хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудалгүй өндөрлөлөө.