ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Ган-Эрдэнэ: ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйд шууд гарна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-06

Ирэх оноос ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйд, шууд гардаг болох талаар мэдээлсэн билээ. Энэ талаар Болорвсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэээс тодрууллаа. 

-ЭЕШ-ын дүн шалгалт өгсөн даруйдаа гардаг болно гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-2019 онд ЭЕШ-ыг шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой шилэн технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 21 аймаг, есөн дүүргийн элсэгчид шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болох юм. Өнгөрсөн жил бид Орхон аймаг болон Ховд аймагт энэ аргыг туршилтын журмаар нэвтрүүлсэн. Үр дүн нь маш сайн байсан. Сурагчид, эцэг эх, багш нарын сэтгэл ханамж маш өндөр байсан юм. Шалгалтын дүнд эргэлзсэн ямар нэг гомдол, сөрөг зүйл гараагүй. Тиймээс ирэх жилээс улсын хэмжээнд зохион байгуулахарр бэлтгэл ажлаа хангаад байна. Шалгалт өгсөн хүүхдийн хажууд нь дүн нь гарна гэсэн үг. Өмнө нь шалгалтын материалыг бүх аймгаас таталт хийгээд засахад 14 хонодог зарцуулдаг байсан. Энэ хугацаанд хөдөө орон нутгийн хүүхдүүд дүнгээ хүлээнэ гэдэг маш хүнд асуудал. Олон нийтийн дунд шалгалтын дүнд эргэлзэх явдал ч их байдаг. Жилд 10 мянга орчим сурагч сумын төвөөс аймгийн төвд ирж шалгалт өгдөг. Шалгалтаа өгчихөөд буцаж сум руугаа яваад, 14 хоногийн дараа дүнгээ сонсох гэж дахин аймгийн төв орох шаардлагатай болно. Энэхүү шилэн технологийг нэвтрүүлснээр нэг тэрбум орчим төгрөг иргэдийн халааснаас хэмнэгдэх тооцоо байгаа. Шалгалтаа өгөөд, дүнгээ сонссоны дараа шууд хувиараа сонгоно гэсэн үг. 

-Шалгалтаа өгөнгүүт, дүнгээ хараад хувиараа сонгоод гарна гэсэн үг үү?
-Үгүй. ЭЕШ нийт таван өдөр, 10 хичээлээр зохион байгуулна. Эхний өдөр физикийн шалгалт өгсөн бол, шалгалтын цаг дуусмагц шалгалтын материалыг тусгай машин засна. АНУ-д үйлдвэрлэсэн машин боловч программ хангамжыг нь монгол залуус хийсэн. Тусгай бэлтгэсэн танхимд, анги ангиараа очиж, шалгалтын материалаа машинд хийн дүнгээ авна. Өөрөөр хэлбэл, дараагийн шалгалтаа өгөхөөсөө өмнө дүнгээ мэдээд гарна гэсэн үг. Таван өдрийн шалгалт дууссаны дараа гурван өдрийг өргөдөл, гомдол хүлээж авах өдөр болгон зохион байгуулах юм. Энэ хугацаанд хүүхдээс өргөдөл, гомдол ирвэл шийдвэрлэнэ. Үүний дараа хувиар сонголт эхэлнэ. Нэг өдөрт дунджаар хоёр хичээлийн шалгалт өгнө. Шалгалт эхэлснээс хойш ес дэх өдөр хувиар сонголт эхэлнэ гэсэн үг. 

-Энэ технологи хэр найдвартай вэ. Олон улсад яг энэ аргыг хэрэглэж байгаа улс байдаг уу?
-100 хувь найдвартай гэж ойлгож болно. Шалгалтын дүнгээ шууд мэдсэнээр хувиар сонголтод цаг гарч ирж байгаа юм. Хэдэн оноо авснаа мэдэж байгаа учраас сонголт хийхэд илүү дөхөм болох давуу талтай. Энэ аргыг олон улсад хэрэглэж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Ер нь анхных гэж ойлгож байгаа. 

-ЭЕШ-ын одоогийн аргачлалд эргэлзээ, сөрөг тал хэр гардаг вэ?
-Гомдол бага гардаг. Хамгийн гол нь шалгуулагчдын чирэгдлийг багасгах, шударга зарчмыг тогтооход илүү түлхэц болох арга гэж харж байгаа.  

-Шалгалтын материалыг машинд уншуулна гэж байна. Энэ машинд ямар нэг байдлаар эргэлзээ гарах боломжтой юу. 100 хувь найдвартай гэж ойлгож болох уу?
-Машинд ямар нэг байдлаар нөлөөлөх, өөрчлөлт гарах ямар ч боломжгүй. Тухайн машин хэний материалыг уншиж байгааг мэдэхгүй шүү дээ. Машин зөвхөн баганан кодыг унших учраас ямар нэг эргэлзээ гарахгүй. 100 хувь итгэлтэй байж болно. Шалгалтын материалыг машинд уншуулангуут оноо болон, тухайн шалгуулагч хэддүгээрт жагсаж байгаа нь дэлгэцэнд гарч ирнэ. 

-Машинаар дүн нь гарах учраас хяналтын ажлын хэсэг гэж байхгүй болно гэсэн үг үү? 
-Хяналт байна. Тухайн жилийн материалыг санамсаргүй аргаар таван материалыг авч, тулгалтын шалгалтын ажлыг хийдэг. Энэ тулгалтын ажлыг хийгээд явна. Машин алдаатай уншина гэсэн ойлголт байхгүй. Харин тухайн хүүхэд материалдаа кодоо зөрүүлж наах зэрэг техник алдаа гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас өргөдөл гомдол хүлээж авах гурван өдрийг гаргаж өгч байгаа юм.