ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

6 дүүргийн 111 байршилд дахин барилга барихыг хориглолоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-06

Нийслэлийн “Газрын реформ”-ын хүрээнд нийтийн эзэмшлийн болон сургууль, цэцэрлэгийн талбайд талбайд хууль бусаар олгогдсон газруудыг хуулийн дагуу цуцалж, ногоон байгууламж, амралт зугаалга, спорт цогцолбор байгуулах ажил үргэлжилж байна.

Тэгвэл өчирдөг хотын дарга  дахин нэгэн захирамж гаргасан байна. Тодруулбал,  Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-ийн 2.14-т заасан хүн амын тооцоот нягтрал 1 га газарт 450 байх хязгаарыг давсан нийслэлийн 6 дүүргийн 111 байршил, 1044 га газарт цаашид инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргажээ.

Энэхүү шийдвэрийн дагуу Баянгол дүүрэгт 36, Баянзүрх дүүрэгт 31, Сүхбаатар дүүрэгт 13, Чингэлтэй дүүрэгт 6, Хан-Уул дүүрэгт 15, Сонгинохайрхан дүүрэгт 10 байршилд тус тус шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй юм байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний уулзвараас урагш Сангийн хорооны гудамж орчмын 7.2 га талбайд хүн ам, барилгажилтын нягтралыг тооцож үзэхэд нягтрал 500-600 хүн/га байна.

Энэхүү захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын дээр дурьдсан тодорхой хэсгүүдэд байшин барилга бус, ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн бүхий хот төлөвлөлтийн шинэ жишиг бий болох юм.