ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шинэ санаа-Шилдэг инноваци” төслийн уралдааны шилдгийн шилдэг төслүүд шалгарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хамтран өнгөрсөн  сарын 16-наас энэ  сарын 7-ны хооронд "Шинэ санаа-Шилдэг инноваци" төслийн уралдааныг аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгч, залуучуудын дунд гурван үе шаттайгаар зохион байгууллаа.

Оролцогчдоос жижиг, дунд үйлдвэрийн салбар болон нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх төсөл гэсэн үндсэн хоёр төрөлд төсөл хүлээн авсан бөгөөд эхний шатанд 34 төсөл ирүүлсэн байна. Эдгээрээс төрөл тус бүрт 10 нийт 20 төслийг хоёр шатанд шалгаруулж, зах зээл, бизнесийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, оролцогчдыг чадавхжуулах зорилготой хурдасгуур сургалтад хамруулсан юм.

Гуравдугаар шатанд 20 төслөөс эдийн засгийн үр ашигтай, зах зээлд нэвтрүүлэх боломжтой, инноваци шингэсэн байх, тулгамдаж буй асуудлыг товч тодорхой, оновчтойгоор гаргаж ирсэн байх, бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байх зэрэг шалгуураар шилдгийн шилдэг төсөлд тус бүр гурван төслийг нэр дэвшүүлж, өнөөдөр грант шагналыг гардуулах ажиллагаа Нийслэлийн инновацийн газрын "Hub Coworking" төвд боллоо.

"Нийслэл хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төсөл" төрлийн шилдгийн шилдэг төсөлд:
- Экобин ХХК-ийн "Экобин хог хаягдлын менежментийн шийдэл" төсөл
- “Бэст Энержи Сейвинг” ХХК-ийн “Цахилгаан халаагуур эрчим хүчний өндөр хэмнэлттэй дэвшилтэт технологийн битүүмжлэгдсэн цахилгаан халаагуур болон цахилгаан бойлуур” төсөл,
- Гарааны технологийн инкубаторын "Нийслэлийн тулгамдсан асуудал болох бохирдсон хөрсийг эрүүлжүүлэх, бохир усыг цэвэршүүлэх, шинэ технологийн бүтээгдэхүүний нэвтрүүлэг" төсөл
тус тус нэр дэвшсэнээс Экобин ХХК-ийн Экобин хог хаягдлын менежментийн шийдэл төсөл шалгарч, 10 сая төгрөг, "Hub Coworking" төвд гурван сар байрлах эрхийн бичгийг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Орлогч дарга Ж.Билэгсайхан гардууллаа.

"Жижиг, дунд үйлдвэрийн салбарын төсөл" төрлийн шилдгийн шилдэг төсөлд:

- Доктор Э.Бат-Эрдэнийн “Нүүрсний давирхайнаас түлш, шатахуун болон замын битумын чанар сайжруулах” төсөл
- "Бийлог техноложиес" ХХК-ийн "Инновацийн төсөл"
- М.Батмөнхийн "Дээврийн дөрвөн улирлын Акуапоник хүлэмж төсөл"

тус тус нэр дэвшсэнээс "Бийлог техноложиес" ХХК-ийн "Инновацийн төсөл" шалгарч, 15 сая төгрөг, "Hub Coworking" төвд гурван сар байрлах эрхийн бичгийг ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү гардуулсан юм.

Мөн шилдгийн шилдэг төсөлд өрсөлдсөн төслүүдэд "Hub Coworking" төвд нэг сар байрлах эрхийн бичгээр шагналаа. Зохион байгуулагчдын зүгээс нийслэл хотын тулгамдсан асуудлыг шийдэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд шинэ техник, технологи, инноваци нэвтрүүлэх нь маш чухал бөгөөд энэ чиглэлийн шинэ санаа, шилдэг шийдэл гаргасан иргэн, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, гарааны бизнес эрхлэгч, залуучуудыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.