ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ханшийн өөрчлөлтийн шалтгаан

O.Admin
2018-12-09

Валютын ханш, зээлиийн хүү, инфляци зэрэг нь эдийн засгийн суурь хүчин зүйлийг дагадаг, үндсэндээ бол халууны шилтэй зүйрлэж болох хэмжигдэхүүнүүд юм. Валютын ханш дээр тулгуурлаж яривал түүний өөрчлөлт төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл, хүлээлт гээд олон хүчин зүйлээс хамаардаг. Сүүлийн үед валютын ханш, тэр дундаа ам.долларын ханш он гарснаас хойш 210 орчим төгрөгөөр өсөөд байгаа нь юунаас шалтгаалж байна вэ гэдгийг энд энгийн үг хэллэгээр харуулахаар зорилоо.

Энэ оны нэгдүгээр улиралд 20 орчим төгрөгөөр сулраад байсан ам.долларын ханш яагаад ийнхүү 8.7 орчим хувь чангараад байна вэ гэдгийг ярих юм бол юун түрүүнд төлбөрийн тэнцэлийн өөрчлөлтийг харах хэрэгтэй.

Төлбөрийн тэнцлийн ашиг нийт дүнгээр 2017 оны эцэст 1.2 тэрбум ам.долларт хүрч, ойрд үзэгдээгүй өсөлтийг авчирсан. Энэ өсөлтөд арваннэгдүгээр сард 560 сая, арванхоёрдугаар сард 616 сая ам.долларын ашиг нэмэгдсэн нь шууд шалтгаан болсон. Монгол Улсад ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж, хөрөнгө оруулагчдын манайд итгэх итгэл сэргэсэн учраас “Оюу толгой”-н хөрөнгө оруулалт, Хөтөлбөрийн санхүүжилтүүд хийгдсэн байна. Мөн гадаад худалдаанд эерэг дүр зураг ажиглагдаж, экспорт 26 хувь өсөж, импортоос 1.8 тэрбум ам.доллараар давжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн үед валютын ханшид ямар ч дарамт байхгүй эерэг дүр зурагтай байв.

Тэгвэл одоо яагаад ханш ингэж их өсөөд байна вэ? Зуны улиралд төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, Монголоос гарах мөнгөний урсгал нэмэгдсэн. Монголчуудын хэрэглээ эдийн засгийн сэргэлтийг дагаж зун нэмэгдсэн нь импортыг өмнөх жилээс 39 хувь нэмэгдүүлжээ.

Харин экспортын хэмжээ энэ өсөлтийг гүйцэж чадахгүй байна. Мөн бидний гадагш аялахад зарцуулж байгаа мөнгө, тээвэр, үйлчилгээний зардал дотогшоо орох орлогоос давж байна. Үүнийг эдийн засагчид урсгал данс алдагдалтай гарч байна гэж хэлдэг.

Сүүлийн үед манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн - нүүрсний экспорт хил дээр саатаад байгаа мэдээлэл гарах боллоо. Үүнд мэдээж хоёр улсын хоорондын харилцаа, БНХАУ-ын нүүрсний бодлого нөлөөлж байгаа. Нүүрсний экспорт саатах үед валютын орох урсгал татарч, улмаар Монгол Улсад ханшийн шок болдог. Энэ бүх асуудлууд манайд гадаад худалдааны тодорхой бөгөөд тогтвортой бодлого дутагдаж байгааг нотолж байна.

Ерөөс манай Засгийн газар солигдох тоолонд гадаад бодлого өөрчлөгдөж байдаг ба энэ нь хөрөнгө оруулагчдыг үргээх гол шалтгаан болдог. Жишээ нь, “Оюу толгой”-н уурхайг 2019 оноос дотоодын эрчим хүчээр хангах заалттай боловч Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй, эсвэл БНХАУ-тай хийх худалдааны бодлого тодорхойлогдоогүй, хил гааль болон бусад татварын хүрээнд үргэлж өөрчлөгдөж, туйлбаргүй байдаг нь үйл ажиллагаа явуулж буй “Рио Тинто”-д тодорхой бус байдлыг үүсгэж, бусад хөрөнгө оруулалтын орчинд муу жишээ болж байна. 
Нөгөө талаас иргэд ханшийг барихын тулд Монголбанкийг интервенц буюу банк хоорондын захад валют их хэмжээгээр нийлүүлэхийг шаардаж байна. Гэтэл интервенцийг улсын гадаад валютын нөөцөөр хийдэг болохыг санах хэрэгтэй. ОУВС, олон улсын бусад байгууллага болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийг шаардаад байгаа үндсэн шалтгаан нь Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдал, дархлааг нэмэгдүүлэхтэй холбоотой юм.

Гэсэн хэдий ч Төв банк он гарснаас хойш нийт 900 орчим сая ам.долларыг нийлүүлээд байгаа нь чамлахаар хэмжээ биш. Харин энэ хэмжээний мөнгийг нөөцөөс зах зээлийг тогтворжуулах зорилгоор зарсан. Цаашлаад бодлогын хүүг саяхан 1 хувиар нэмэгдүүлж, 11 хувьд хүргэсэн нь ханшийн шокийн эсрэг, төсвийн тэлэлттэй уялдаатайгаар авч байгаа арга хэмжээ. 

Ханш гэдэг бол эдийн засгийн сууриа дагадаг, улс төр, эдийн засгийн хүндрэл үүсэх үед дагаж савладаг нэг үзүүлэлт. Ам.доллар нь зах зээлийн нэг бүтээгдэхүүн бөгөөд эрэлт тогтвортой байхад нийлүүлэлт татрах үед үнэ нь шууд өсдөг эд. Сүүлийн үед энэ л үзэгдэл бий болоод байгааг бид ойлгох хэрэгтэй. Мэдээж энэ өөрчлөлт дээр ашиг хонжоо олох зорилгоор валют солих цэг дээр тоглолтууд хийгдэж байгааг үгүйсгэхгүй ба шийдэл нь мэдээллийн тэгш байдал юм.
Иймд ханшийг тогтворжуулахын тулд гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхойлон, тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд мэдээллийн тэгш бус байдлыг арилгахын тулд валют арилжааны дэд бүтцийг сайжруулах нь зайлшгүй алхам билээ.