ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Германы хатан хаан”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-09

Ухаалаг, энэрэнгүй, прагматик удирдагчийн дүр төрхөөрөө “Германы хатан хаан”, “Европын хатан” хэмээн өргөмжлөгдсөн Ангела Меркель тэргүүн дээрх титмээ авч, улс төр гэх эмэгтэй хүнд хэт ахадсан ертөнцөөс явахаа мэдэгдээд байна. Түүний 18 жил удирдаж буй Христийн ардчилсан нам орон нутгийн сонгуульд гашуун ялагдал амссаны дараа тэрбээр дахин намын даргын сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарласан юм. 

Харин түүний залгамж халаагаар үнэнч хамтрагч, “Мини Меркель” хочит Аннегрет Крамп Карренбауэр сонгогдож, эрх баригч Христийн Ардчилсан намын дарга болов. Меркель түүнд албан тушаалаа шилжүүлэн өгч, намын даргын хувиар сүүлчийн үгээ нулимс дуслуулан хэлсний дараа хамтран зүтгэгчид нь 10 минут орчим тасралтгүй алга ташиж, хүндэтгэл үзүүлсэн. Ингэснээр дөрөв дэх бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, 2021 онд канцлерын албан тушаалаа өгснийхөө дараа Германы хатан хаан титмээ тайлж, өөрийн бий болгосон улс төрөөс явах нь.  

Ангела Меркель 2005 онд Германы анхны эмэгтэй канцлерь болж байсан юм. Жирийн физикч байсан номлогчийн охин эрчүүдийн гэх тодотголтой улс төрд орохдоо хувийн амьдралаа бүхэлд нь золиосолсон юм. 1989 оны Ардчилсан хөдөлгөөнд оролцсоныхоо дараа тэрбээр мэргэжлээ улс төрөөр сольж, 1990 онд Христийн ардчилсан холбоо намд элсэдж, үүнээс жилийн дараа л тухайн үеийн канцлер Гельмут Колийн Засгийн газарт эмэгтэйчүүд, залуучуудын эрхийг хамгаалах холбооны сайдын албан тушаалд томилогдож байв. Хожим Г.Колийг суудлаас нь унагаж, өөрөө намын дарга болсноос хойш хэдийнэ 18 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд тэр Германы эдийн засгийн хөл дээр нь босгож, дөрвөн ч удаа тасралтгүй тус улсыг удирдаж ирсэн юм.