ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МЭНДЧИЛГЭЭ

O.Admin
2018-12-09

Өдгөөгөөс 29 жилийн өмнө нэг намын дарангуйллын системийг халж, олон ургальч үзэл бүхий олон намын тогтолцоот Ардчилсан Монгол Улсыг тунхаглаж байлаа. Энэхүү түүхэн үйл явдлын түүчээ болсон МоАХ-ны гишүүд, "партизанууд" та бүхэндээ 29 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өнөөдрийг хүртэл Ардчиллын үнэт зүйл, үйл хэрэгтээ үнэнч байж, дарангуйллын нийгмийг санагалзсан, сэргээн босгох гэсэн аливаа үйлдлийг тууштай сөрөн зогсч Хүний эрх, Эрх чөлөөний хамгаалагч болсон та бүхнээрээ бид үргэлж бахархсаар ирсэн билээ. Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал, түүний шууд үр дүнгээр бий болсон МоАХ, Ардчилсан нам өдгөө эрийн цээнд хүрч, Ардчиллын ололт амжилтаа улам бататгаж, бэхжүүлэх их шинэчлэлийн өмнө ирээд байна. Бид хамтдаа Монгол хүний үнэ цэнийг өндөрт өргөж, Монгол хүн эх орондоо эзэн болж, эд баялгийнхаа үр шимийг нийтээрээ хүртдэг шинэ цагийн Монгол Улсаа цогцлоох үйлсийг түүчээлэх болно гэдэгт итгэлтэй байна. Бид Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн босгон дээр МоАХ байгуулагдсаны түүхт 29 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгааг дурдахын ялдамд та бүхэндээ болон таны гэр бүл үр хүүхдэд тань эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, МоАХ-ны дарга асан СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ