ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Унаж буй улстөрч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-10

УИХ-ын гишүүний суудлаа хотын даргын албан тушаалаар сольж, 2.6 жилийн хугацаанд нийслэлийг удирдсан Су.Батболд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Нийслэл хотыг удирдах хугацаандаа агаарын бохирдол, замын түгжрэлийн асуудлыг шийдэж чадаагүй гэдэг үндэслэлээр түүнийг намынх нь дарга огцруулах санал гаргаж, Удирдах зөвлөлдөө хүргүүлсэн байдаг юм. Өөрийг нь огцруулах асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн Су.Батболд огцрох хүсэлтээ өөрөө өгнө гэдгээ мэдэгдсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайд захирамж гаргаснаар тэр хотын даргын суудлаа өчигдөр албан ёсоор өглөө. Ажлаа үүрэг гүйцэтгэгчид хүлээлгэн өгөхдөө “2.6 жилийн хугацаанд би хангалттай их ажил хийсэн. Огцруулах үндэслэлтэй санал нийлээгүй учраас өөрөө ажлаа өглөө” хэмээн онцолжээ. Мэдээж, түүнд амжилт бий. Унаж буй хүнийг араас нь өшиглөдөггүй гэгчээр явж буй даргын араас олныг нурших бодол алга. Гэвч сайнаас илүү саар нэртэй холбогдож, ор хөнжлийн асуудал нь хүртэл олныг шуугиулаад амжив.

Сая гаруй хүн амтай нийслэл хотыг сайнаас гэхээс илүү саараар удирдсан нь худлаа биш учраас өшиглөхөөс өөр яалтай. Үүрэгт ажлаа авснаас хойш хийсэн хамгийн том ажил нь гэвэл явган зорчигч чөлөөтэй явахад зориулж, зам чөлөөлсөн явдал байлаа. Үүнээс бусдыг бол тэр хийгээгүй. Улаанбаатар хот нь “утаанбаатар” хэвээрээ байна. Жолооч нар нь зам дээрээ хонохоос наагуур түгжирч, хальтиргаа гулгаа бахь байдгаараа л үргэлжилж буй. Яармагийн гүүрийг нээснээс бусдаар нийслэл хотод нэг ч шинэ зам, гүүрэн гарц нээгдсэнгүй. Эндээс л Су.Батболдын ажлыг дүгнэх билээ.

Тэр ирэх өдрүүдэд хэн байхыг таашгүй. Улс төрд эргэж ирэх эсэхийг ч хэлэхэд эрт байна. Учир нь болдоггүй бүхэнтэй нэр холбогдсоны дараа ийм амархан ажлаа өгч буйг харахаар 18 жилийн улс төрийн амьдралдаа цэг тавьж байж ч мэдэх юм. Тэр сайн удирдагч, сайн менежер байж чадаагүй ч сайн хань, сайн эцгийн үүргээ биелүүлэх боломж өмнө нь гарч ирлээ. “Улстөрчийн ард гэр бүл нь байдаг юм шүү” гэсэн өөрийнхөө үгийг санаж буй бол үлдсэн хугацаанд магадгүй гэр бүлдээ цаг зарцуулах нь оновчтой шийдвэр байх биз ээ. Ямар очиж үзээгүй албан тушаал, дэвшиж үзээгүй шинэков биш дээ. Танд амжилт хүсье.