ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Time: Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл дэх амьдрал

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-10

“Time.com” сайтад “Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой нийслэл дэх амьдрал” сэдэвт сурвалжилгыг сэтгүүлч Иосеф Хинкс бэлтгэн өнгөрөгч гуравдугаар сард нийтлүүлжээ. Тэрхүү сурвалжлагийг “Тэд бидний тухай” буландаа орчуулан хүргэж байна. Гадаа агаарын температур -24-ийг заах авч, зууханд гал дүрэлзэн асаж,  бяцхан Алмасбек Толталхам гэртээ дулаахан байна. Түүний ээж Нурсаул далдуу модны зурагтай хүүхдийн орноос түүнийг дээш өргөн авч, өвдөг дээрээ суулган, хоёр хөлөө аажуухан хөдөлгөхөд эмч тариа тарихад бэлтгэх нь тэр. Алмасбек 11 сартай бөгөөд нярай үеэ  иймэрхүү л байдалтай өнгөрүүлж байна. Тэр ээж, аав гэж хэлж чадахгүй. Харин монголчуудын харилцуур аваад хариулдаг “Байна уу” гэдэг үгийг ойлгох бөгөөд дөрвөлжин хээтэй ноосон хослол өмссөн байв. 

Амьсгалах бүрт хоолой нь хяхтнан дуугарна. Тэр төрснөөсөө хойш найман удаа эмнэлэгт хэвтжээ. “Манай багачууд дандаа л өвдчихөөд байх юм” хэмээн 25 настай Нурсаул хэлэв. Есдүгээр сард л Алмасбек бронхиттой гэж оношлогджээ. Улмаар уушгины хатгалгаа туссанаас нь хойш гэрийнхэн нь 11, арванхоёрдугаар сарын ихэнх хоногийг эмнэлэгт өнгөрүүлсэн байна. “Бид эмнэлэгт 10 хоног хэвтээд, гэртээ гарснаас хойш дөрөв, тав хоноод л буцаад очдог.

Өнгөрсөн удаад бүр хүндрүүлж, эрчимт эмчилгээнд оруулсан” гэж тэрбээр хэллээ. Уушгины хатгалгаа одоогоор Монголын таваас доош насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болжээ. Улаанбаатар хотод амьсгалын замын халдвар сүүлийн 10 жилд 27 хувиар өссөн байх бөгөөд хотод амьдардаг хүүхдүүдийн уушиг хөдөө амьдардаг хүүхдүүдээс 40 хувиар илүү өвчлөмтгий байгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн тайланд дурьдсан байна.  2016 оноос Улаанбаатар Нью-Дэли, Бээжин хотыг давж, дэлхийн хамгийн их агаарын бохир­долтой нийслэл болсон юм. 

Агаарын бохирдол үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буй бөгөөд үүний нэг нь хотын байршил. Улаанбаатар Бээжин шиг голын хөндийд баригдаж, уулаар хүрээлэгдсэн нь тавагтай шөл шиг утаан манан үүсэх гол нөхцөл болжээ. Өөр нэг хүчин зүйл нь эрс тэс уур амьсгал. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд нэгдүгээр сард дунджаар -33 градус, заримдаа түүнээс ч давж хүйтрэх нь бий. Оршин суугчдын хэлж буйгаар 2000 оны дунд үе хүртэл агаарын бохирдол мэдэгдэхүйц бага байсан гэнэ. Харин одоо дэлхийн хамгийн их  PM2.5 тоосонцортой хот болон хувирчээ. PM2.5 нь хүнцэл, мөнгөн усны агууламжтай хүний биед шууд шингэхүйц нарийн ширхэгт хорт хавдар үүсгэгч тоосонцор юм. Гэтэл нэгдүгээр сарын сүүлчээр Улаанбаатарын зарим хэсэгт PM2.5 тоосонцорын хэмжээ 3320 хүрч байв. Энэ нь ДЭМБ-аас тогтоосон аюулгүй түвшнээс даруй 133 дахин их байгаа юм. 

“the Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэнээр, агаарын бохирдлын улмаас дэлхийн зургаан хүн тутмын нэг нь буюу жилд есөн сая хүн нас барж байна.  Үүний бараг 90 гаруй хувь нь ядуу буурай орны иргэд байжээ. 
Өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар агаарын бохирдлын түвшин хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулахуйц байгааг анхааруулж байсан юм. Тодруулбал, төрөлт агаарын чанар хоёр харилцан хамааралтай байх бөгөөд ургийн эндэгдэл өвлийн улиралд зуныхаас 3.5 дахин их байдаг байна.  ЮНИСЕФ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хэйкэнс манай сайтад “Хүмүүс агаарын бохидлын улмаас учирч болох эрсдэлийг мэдэхийг хүсэхгүй байна. Тэдний нүд аниатай байна. Бидэнд  хүн амынх нь талаас илүү хувь нь аюулд өртөөд буй Монгол Улсын талаар ярьж эхлэх шаардлага аль хэдийнэ тулгарсан” хэмээн ярив.        

Нурсаулийн гэрт...

Эднийх нүүдэлчдийн уламжлалт гэр сууцанд амьдардаг бөгөөд эмч ирсэн байв. Алмасбекийн хамгийн сүүлийн эмчилгээ нь уушгины хатгалгаанд нь найман цагаар антибиотик тарих аж. Тэр бүрт эмнэлэг явах боломжгүй тул эмнэлэгт асрагчаар ажилладаг хөршөө гуйж,  цагийн тариаг нь хийлгэдэг байна. Харин өнөөдөр тэднийд эмч зочилжээ. Эмч тариагаа бэлтгэхэд Нурсаул Алмасбект талх бариулж, өмдийг нь шувтлан тариаг нь тариулав. Нурсаулийн хамгийн том хүү нь дөрөвтэй, удаах охин нь хоёр настай. Тэд хөдөө төрсөн болохоор ч тэр үү, өвчлөх нь харьцангуй бага байсан аж. Харин хотод төрсөн Алмасбек ханиадтай байгаа учир гадагш хэр барагтай гардаггүй. Нурсаул зуухан дээрээ хоол хийдэггүй ч, шөнө гурван удаа босч, зуухандаа нүүрс түлж, гэрээ дулаан байлгадаг. Гэхдээ хүүхэд нь өвчлөмтгий болсон нь ураг байхаас нь үүдэлтэй байж магадгүй гэдэгт бүсгүй санаа зовнидог байна. Нурсаул “Би жирэмсэн байхдаа цэвэр агаарт байгаагүй. Ихэвчлэн хотод л байсан” хэмээв. Тэрбээр нөхөр Алписбайгийнхаа хамтаар эцэг эхдээ малаа орхиод илүү сайн сайхан амьдрахын тулд хотод иржээ. Ганц тэднийх ч биш. Нийгэм, хүрээлэн буй орчны асуудлууд нүүдэлчин амьдралыг төвөгтэй болгосны улмаас малчид ажлын байр, сайн сургууль, эмнэлэг бараадан хотод нүүдэллэн ирэх болсон байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд Монголын нийт хүн амын тавны нэг нь Улаанбаатарт шилжиж ирсэн. Шинээр суурьшигчид Улаанбаатарыг тойрон хэдэн арван мянган гэр, хувийн байшингаа барьсан бөгөөд төвийн эрчим хүч, дулаанд холбогдож чадаагүй байгаа юм. Өнөөдөр Улаанбаатарын 1.5 сая иргэний гуравны хоёр нь гэр хороололд амьдардаг. Энд дов толгод дээгүүр гүнзгий ухсан жорлонгууд, цамхагууд, утаа суунагласан янданг бүхий хааш яйшхан барьсан хашаанууд дурайна. Эндээс урагш хоёр милл орчим зайд хотын төвийн тансаг зочид буудлууд байрлах ч, өтгөн утаан манан дунд үл харагдана. Хүйтэн өдрүүдэд гэр хорооллын хэдэн зуун мянган яндангаас нүүрсний утаа нэгэн зэрэг суунаглах аж. Зөвхөн ганц жилд л тэд нэг сая тонн нүүрс түлдэг. Харин ядруухан айл өрх нүүрсээ ч авч дийлэхгүйн улмаас дулаацахын тулд пластик сав, дугуй шатаадаг байна. Нярай, бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо гүйцэт хөгжөөгүй, уушги нь жижиг, насанд хүрсэн хүнээс илүү хурдан давтамжтай амьсгалдаг тул агаарын бохирдолд  хэт эмзэг байдаг байна. Зарим нярайн хувьд дөнгөж төрмөгцөө л хортой агаараар амьсгалж байгаа. Тодруулбал, төрөх эмнэлгийн орчмын агаарын чанар ч ДЭМБ-аас тогтоосон аюулгүйн түвшнээс даруй 14 дахин их байгаа юм. Агаарт цацагдсан химийн хорт бодисууд зөвхөн жирэмслэлтэд ч биш, хэвлийд байгаа ургийн уушги, тархи мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Колумбын хүүхдийн хүрээлэн буй орчны эрүүл мэндийн төвийн захирал доктор Фредерика Перера ургийн тархи хурдацтай хөгжиж байдаг учир агаарын бохирдол тархи мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултайгаас гадна ДНК-г ч өөрчлөх эрсдэлтэйг анхааруулав. Тэрбээр “Яг л балетын бүжгэн жүжгийг санагдуулдаг. Хаа нэгтээ ганц алдаа гарахад л тэр үзүүлбэр бүхэлдээ өөрчлөгддөг шиг л” гэж ярилаа. Эхийн хэвлийд байхдаа л хортой агаараар амьсгалсан хүүхэд  дархлаа сул, сэтгэн бодох чадвар муу байхаас гадна зан үйл, мэдрэлийн асуудлууд илэрдэг байна. 

Гэр бүлийн эрүүл мэндийн төвийн захирал Г.Ууганцэцэг ч сар бүр гэр хороололд байрлах түүний эмнэлэгт 70-90 жирэмсэн эмэгтэй ирдэг талаар ярьж байсан юм. Тэдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь тонустай байдаг гэнэ. Түүний хэлж буйгаар энэ нь, урагт хүчилтөрөгчийн дутагдал, гажиг үүсгэхээс гадна зулбалтад хүргэх эрсдэлтэй аж. Г.Ууганцэцэг эмч “Ямар ч асуудалгүй, бүх шинжилгээ нь зүгээр гардаг жирэмсэн ээж бараг л байхгүй” гэв. Мөн амьсгалын замын халдвар авсан нярай хүүхдэд эмчилгээ хийх төвөгтэй болж буйг онцоллоо. Тэрбээр “Одоо амьсгалын замын халдвар маш хурдацтай тархдаг болсон. Эмчилгээ нь ч хэцүү. Өөр өөр эмүүдийг хавсарч хэрэглэхийг шаарддаг” гэлээ. 

Үүний улмаас эмнэлгүүд хэт ачаалал авах болжээ. Ойролцоох дүүргийн эмнэлэг ходоодны тасгаа ханиад томууны дэгдэлтийн үед нэмэлтээр гаргаж, тэнд нэг орон дээр хоёроос гурван хүүхэд зэрэгцэн хэвтэх аж. Г.Ууганцэцэг эмчийн хэлснээр төрөөд хоёрхон хонож буй нярай хүртэл уушгины хатгалгаатай хэмээн оношлогдсон байна. Тус нярай төрснийхөө дараа эсвэл хэвлийд байхдаа халдвар авсан эсэх нь тодорхойгүй байгаа ч, эцэг эх нь түүнийг эмнэлэгт авчрахад бие нь нилэнхүйдээ хөхөрсөн байжээ. Хүйтэн өдрүүдэд гэр хорооллын мянга мянган яндангаас нэгэн зэрэг хорт утаа суунаглана. Тэд жилд нэг сая тонн нүүрс шатааж байна. 

Хоёр цагийн дараа

Алмасбект цагийн тариаг нь хийснээс хоёр цагийн дараа түүний аав Алписбай хөх өнгийн Хьюндай маркийн ачааны машинаа жолоодон гэрийн гадна хүрч ирэв. Тэрбээр гэр бүлтэйгээ өнгөрүүлэх үнэт цагаа хар зах дээр нүүрс зарж өнгөрүүлдэг. Гэрт орж ирснийхээ дараа Алписбай гутлаа тайлж тавиад, гараа угааж, гурван хүүхэдтэйгээ тоглож, басхүү саванд хийсэн чанасан адууны махыг төмстэй хольж идлээ. Үүнээс хоёр цаг ч хүрэхгүй хугацааны дараа түүнийг үеэл нь дуудаж,  тэрбээр Монголын хамгийн том хууль бус нүүрсний уурхай руу явахаар хөдөлсөн юм. Тэр маргааш өдрийн үүрийн 05:00 цагаас нааш ирэхгүй. Улмаар хоёр, гуравхан цаг унтаж, нүдний хор гаргаад л нүүрсээ худалдахаар  хар зах руу буцна. 

Түүний худалдаж буй нүүрс хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг тэр мэднэ. Гэхдээ түүнд өөр сонголт байхгүй.  “Хүүгээ өвдөхийг хараад заримдаа хот руу нүүж ирсэндээ харамсдаг. Даанч мал аж ахуйгаас хангалттай хэмжээний орлого олж чадахгүй шүү дээ. Бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож л хот руу шилжиж ирсэн. Би өөрөө их сургуульд сурч чадаагүй. Харин хүүхдүүдээ том сургуульд сургахыг хүсдэг” хэмээн Алписбай ярив.  

Тэрбээр өмнө нь барилгын ажил хийж байгаад нуруугаа гэмтээснийхээ дараа хуучин портер хүнээс худалдан авч, зундаа элс, шавар барилгачдад зөөж, харин өвөлдөө нүүрс зөөн худалддаг болсон байна. 

Гэр хорооллынхны бараг 70 хувь нь худалдан авдаг Налайхын уурхайн нэг портер нүүрсийг ойролцоогоор 200 ам.доллароор худалддаг бөгөөд нэг өрх хоёр сар орчим хугацаанд түлдэг гэж тэрбээр ярилаа. Гэхдээ хамгийн эрсдэлтэй нь газрын гүнээс нүүрс олборлох л гэнэ. Албан ёсны тоо баримтаар Налайхад жил бүр 12 уурхайчин амиа алддаг аж. Гэвч, Алписбай шиг шөнийн цагаар гар аргаар нүүрс олборлогчдын хэчнээн булш газрын дор булаатай байгааг мэдэх боломжгүй юм. Гэтэл Алписбай өөрийгөө ийм ажилтай байгаадаа азтайд тооцдог байх юм. Тэрбээр “Би л эрүүл байвал хүүхдүүдийн минь ирээдүй сайн сайхан л байна. Харин өвчин тусчихвал ажилгүй болж, ирээдүй нь бүрхэг болно” гэх нь тэр. Өөрөөр хэлбэл, нүүрс болон бусад түүхий эд Монголын томоохон бизнесүүдийн нэг болжээ. Уул уурхайн хөгжил нь оргил үедээ хүрсэн 2011 онд Монгол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай оронд тооцогдож, зарим хэвлэл  “Майнголио” хэмээн нэрийдэж байлаа. 

Гэвч, Хятадын нүүрсний эрэлт буурч, ашигт малтмалын үнэ унасны дараа Монголын валютын ханш суларч, өрийн хэмжээ нэмэгдэн, гадаадын хөрөнгө оруулалт буурсан юм. 

2011 онд ДНБ нь 17.3 хувь хүрч өсөж байсан бол 2016 онд нэг хувийн л өсөлттэй гарсан. 2009 онд салбараа нээж байсан “Луйс Вьюттон” өнгөрөгч долдугаар сард хаалгаа барьж буйгаа зарласан билээ. Харин 2013 онд Монгол Улсын парламент хэдэн арван мянган гэр хорооллын иргэд газраа шинэ орон сууцаар солих төлөвлөгөөг баталж байв. Энэ мэтээр Монгол агаарын бохирдолттой тэмцэх хэд хэдэн алхмыг хийжээ. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлж, гэр хорооллын иргэдийн зуухыг сайжруулсан бүрэн шаталттай зуухаар сольсон ч, шинээр шилжин ирэгсэд гэх мэт тодорхой асуудлуудын улмаас үр дүнгүй болсон байна. Эцэстээ өнгөрсөн жил хотын захирагч 2020 он хүртэл шилжилт хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргав. Гэвч, Монголын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх хүртэл Нурсаул шиг ээжүүд гэрээ дулаахан байлгахын тулд нүүрс түлж, Алписбай шиг аавууд амь насаа эрсдэлд оруулан ажиллаж, харин Алмасбек шиг хүүхдүүд амьсгалынхаа төлөө тэмцсээр л байна.