ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Монголын мэдээ” сонин ирээдүйн сэтгүүлчдийг “уралдуулж”, урамшуулав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-10

“Монголын мэдээ” сонин 20 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлж байгаа билээ. Тодруулбал, Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд бүтээлч ажил хийхээр зориглож, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт гадны болон дотоодын жуулчид юу үзэх боломжтой, хаанаас хаана хүрэхийн тулд хэрхэн зорчих, ямар буудал, зоогийн газар, худалдааны төвөөр үйлчлүүлэх талаар “Аялалын хөтөч ном” гаргажээ. Мөн  29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын дотуур байрны номын санд “Ном хандивлах” аян өрнүүлснээс гадна Нийслэлийн Чингэлтэй дүүргийн алслагдсан хороонд гэр номын сан бэлэглэж, хаврын урь орохтой зэрэгцэн номын санг нь барьж, тохижуулж өгөхөөр бэлтгэлээ бүрэн хангаад байгаа юм. Түүнчлэн, сэтгүүлч мэргэжлээр суралцдаг, сэтгүүлзүйн төгсөх ангийн оюутнуудын дунд “Эерэг хандлага” сэдвээр эссе бичлэг, нийтлэл, сурвалжилгын уралдааныг мөн зарласан юм. Нэг долоо хоногийн турш зарласан энэхүү уралдаанд сэтгүүлч мэргэжлээр суралцдаг Их дээд сургуулийн төгсөх ангийн нийт долоон оюутан бүтээлээ ирүүлсэн байна.

Залуусыг эерэг хандлагад уриалсан, мөн асуудал хөндсөн атлаа тэр нь мөн сайн сайханд уриалсан байх гэсэн шалгуурт тэнцэх бүтээл ховорхон байсан ч редакцийн зүгээс ирсэн бүтээлүүдтэй танилцаж, шилдэг гэсэн хоёр бүтээлийг I, II байрт шалгарууллаа. Тодруулбал, МУИС-ийн Утга зохиол судлал, шүүмжийн III дамжааны оюутан Д.Отгонцагааны “Тэр хүүгийн талархал тэнгэрт намайг хөөргөсөн” эссе, бичвэрийг тэргүүн байрт шалгарууллаа. Энэхүү бичвэрт, оюутан өөртөө таван оноо өгч, өөрийгөө урамшуулж буй тухай тун өвөрмөц байдлаар бичжээ. Тус эссег өсвөр үеийн залуусыг эерэг хандлагад илүү сонирхолтой байдлаар уриалж чадсан гэж редакцийн зөвлөл үзсэн байна. Харин хоёрдугаар байрт, МУБИС-ийн НХУС-ийн “Сэтгүүлзүйн тэнхим”-ийн Сэтгүүлч курсийн дөрөвдүгээр дамжааны оюутан Б.Отгонзаяагийн “Уйлж ч амжаагүй тавилан” бичвэрийг шалгарууллаа. Энэ нийтлэл нийгмийн хамгийн тулгамдсан асуудал болсон үр хөндөлтийн сэдвийг хөнджээ. Тоон баримтад тулгуурласан, тэр тусмаа ЕБС-ийн сурагчид, оюутнуудын дунд эрүүл мэндийн мэдлэг дулимаг байгаагаас үр хөндөлт ихэсч буйг онцолж, энэ бүхний эсрэг залуус дуу хоолойгоо нэгтгэж, эрүүл мэндийн мэдлэгээ нэмэх, хүсээгүй жирэмслэлтээс өөрийгөө хамгаалах талаар уриалсан аж .

Эдгээр оюутнуудын бүтээлийг шилдгээр нэрлэж, тэргүүн байрт Батламж, 500.000 төгрөгийн мөнгөн шагнал гардуулсан бол хоёрдугаар байрт мөн Батламж, 300.000 төгрөгийн мөнгөн шагнал гардуулав. Эдгээр хоёр оюутан хоёулаа төгсөөд “Монголын мэдээ” сонинд ажиллах урилгаар шагнуулж буй юм. Мөн “Монголын мэдээ” редакцийн зүгээс III байрт шалгарах бүтээл ирээгүй ч залуу үеэ дэмжих ёстой гэж үзэж, тун саяхан зохион байгуулагдсан оюутны “Алтан үзэг” наадмаас тэргүүн байрын шагнал хүртсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхимийн II дамжааны оюутан Н.Энхтэнгэрийн “Бурхнаас нуусан нүгэлт хүсэл” нийтлэлд гуравдугаар байрын шагналыг олгох шийдвэр гаргалаа. Н.Энхтэнгэр хэдийгээр архидалт, гэр бүлийн хүчирхийллийн сэдвийг хөндсөн ч түүний нийтлэл олон мянган хүнд хүрч, олон залууст архинаас хол байх, гэр бүлээ хайрлах сэтгэлийг бий болгосон гэж үзэж байгаа юм. Тиймдээ ч Н.Энхтэнгэрийг мэргэжлээрээ өсөн дэвжихийг хүсч, байгууллагын зүгээс Батламж, 200.000 төгрөгийн мөнгөн шагналаас гадна, МУБИС-ийн магистрт 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх бэлэглэж байгаа аж.