ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаас чөлөөлөхийг байнгын хорооны гишүүд дэмжлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-10

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хурлын үеэр УИХ-ын гишүүд үг хэлж, ихэнх нь түүнийг маш сайн ажилласан гэж дүгнэсэн юм.

Харин Ц.Цогзолмаа сайд өөрөө “Намайг дэмжиж, үг хэлсэн гишүүддээ баярлалаа.  Би зарчмаасаа ухраагүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Шадар сайд байхдаа Засгийн газрынхаа эсрэг гарын үсэг зурж байсан. Би ч гэсэн Засгийн газар сайн ажиллахгүй байгаа гэдэг утгаараа зарчмын байр суурь баримталж, гарын үсэг зурсан.

Гэтэл танхимын байр сууринаас зөрж, хамтарч ажиллах боломжгүй гэдгээ харуулсан гэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байна. Хэн нь гарын үсэг зурахаар зүгээр. Хэнийг нь болохоор танхимын зарчмаас ухарсан гэж үздэг юм, гайхаж байна. Гэхдээ УИХ-ын гишүүдээсээ Ерөнхий сайдын оруулж ирсэн саналыг дэмжиж өгөхийг хүсье. Нэгэнт Ерөнхий сайд тэгж шийдсэн бол хамтарч ажиллахад хэцүү” хэмээн хэлсэн юм.

Түүний дараа НББСШУ-ны байнгын хорооны хуралд оролцсон 12 гишүүний 8 нь огцруулах саналыг дэмжсэнээр 66.7 хувийн саналаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулахыг дэмжлээ.