“Боруссия Дортмунд” нэгээр гарч, “Атлетико” дагалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-11

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн эхний дөрвөн хэсгийн сүүлчийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. А хэсэгт багтсан Германы шилдэг баг “Боруссия Дортмунд” клуб хэсгийн сүүлчийн тоглолтоо Францын “Монако”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа.

Ингэснээр 13 оноотой болж, гоолын зөрүүгээр хэсгээс нэгээр гарлаа. Тоглолтын 15, 88 дахь минутад Геррейру хоёр гоол оруулж дубль хийснээр багтаа хожил авчирсан юм. 

Тэгвэл Испанийн “Атлетико Мадрид” клуб Бельгийн “Брюгге” багийн талбайд зочилж, хуурай тэнцсэнээр хэсгээс хоёроор гарахаар боллоо.  Харин Бельгийн баг гурваар гарч, Европа лигт өрсөлдөхөөр боллоо. “Монако”-гийн хувьд энэ хэсгээс ердөө ганц л оноо авч, тэмцээнээ дуусгасан юм.