ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдүүд соронз залгиж, гурвынх нь ходоод цоорчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-12

Сүүлийн нэг сарын хугацаанд соронз залгисан хэмээн таван хүүхэд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасагт хандаж, гурвынх нь ходоод цоорсны улмаас хагалгаанд орсон бол хоёр хүүхдийн гэдэснээс өтгөнөөр нь соронзыг гаргаж авсан байна.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Цэнджав "Ер нь бол жилд ганц нэг удаагийн тохиолдол бүртгэгддэг байсан ч энэ сард огцом нэмэгдлээ. Одоогийн байдлаар бид гурван хүүхдийн ходоод гэдэснээс яг ижил хэлбэр, хэмжээтэй соронзуудыг гаргаж аваад байна.​

Хүүхдүүдийн бага нь нэг ойтой бол том нь 10 настай байсан. Бага насны хүүхэд тоглоом дотроос гарч ирсэн соронзыг санаандгүй залгисан нь тодорхой. Гэхдээ нийслэлийн 23 дугаар сургуулийн найман настай сурагчид сургууль дээрээ хэн нь олон соронз залгиж чадахаа үзэн тэмцээн шиг юм зохион байгуулсан байна. Тэр явдлаас долоо хоногийн дараа нэг хүүхдэд нь мэс засал хийж, соронзыг нь гаргахад гэдэс цоорсон байсан.

Мөн нэг настай хүүхдийг соронз залгисан эсэхийг нь мэдэхгүй Багануур дүүргээс уушгины хатгалгаа оноштой ирж, манайх гэдэсний түгжрэл гэж оношилсон. Ингээд хүүхдийг рентгенд харуулахад ходоод гэдсэнд нь гадны биет байсан учраас хагалгаа хийж, соронзыг гаргасан. Гэдэс нь гурван газраа цоорсон байсан бөгөөд хагалгаанаас хойш 17 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан байгаа.

Мөн нэг айлын тавтай, долоотой хоёр хүүхэд тоглож байгаад соронз залгисан бөгөөд эгч нь нэг ширхэг соронз залгисан нь 24 цагийн дараа өтгөнөөр нь гарсан. Харин таван настай дүү нь хоёр ширхгийг залгисан байсан. Хоёр соронз нэг байрлалд 12 хоносон учир хагалгаанд оруулж, соронзыг авсан. Хоёр соронзын нэг нь ходоодонд нөгөөх нь нарийн гэдсэнд байрлаж хоорондоо наалдан ходоодыг дарж цоолсон байсан. Ходоод болон нарийн гэдэсний шархыг өөлөн авч оёод 10 хоног хэвтүүлэн эмчилж, эмнэлгээс гаргасан байгаа" гэж ярьжээ.