ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улс Японд худалдааны төлөөлөгчтэй болно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-12

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда, Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага бараалхсан байна. 

Уулзалтаар Японд монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд онцолжээ. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2517 байжээ. Цаашид хөдөө аж ахуйн чиглэлээр боловсон хүчнүүд бэлтгэгдэх юм байна. Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлжээ.

Манай улс чөлөөт худалдааны хэлэлцээрийг ганц Япон улстай байгуулаад байгаа бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар хоёр орны гадаад худалдаа 55 хувиар өсч 496 сая ам.долларт хүржээ.

Ирэх онд Монгол, Японы хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ой тохиох юм байна. Энэ хүрээнд Токиод соёлын форум зохион байгуулахаар төлөвлөжээ.

Япон улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо Монгол, Японы бизнесийн эрхлэгчдийн форумд оролцож байна. Мөн айлчлалын  бүрэлдэхүүнд багтсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцож байгаа юм.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх өнөөдөр үдээс хойш Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана.