ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Гантогтох: Хөвсгөлийн тайгаас дэлхийн дэвжээнд хүрэхийг мөрөөддөг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-13

“Авьяаслаг монголчууд” шоуны Алтан базерын эзэн, тайгын охин Г.Гантогтохтой ярилцлаа.

-Авьяаслаг монголчууд шоуны алтан базерын эзэн болсонд баяр хүргэе. Хүмүүс өөрийг чинь “Авьяаслаг монголчууд”-ын алтан базерын эзэн гэдгээс өөрөөр сайн мэдэхгүй байх. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Гантогтох гэдэг. Хөвсгөл аймгийн Арбулаг суманд аав, ээж, ах, хоёр дүүгийн хамт амьдардаг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуульд саяхан шилжиж орсон.  Одоо наймдугаар ангид сурдаг. 

-“Авьяаслаг Монголчууд” шоунд яагаад оръё гэж бодсон бэ. Өөрийнх нь санаа байсан уу? 

-Манайх гэр бүлээрээ “Авьяаслаг монголчууд” шоуг байнга үздэг. Тэгээд эмээ болон эгч нарынхаа зөвлөснөөр энэ шоунд оролцох болсон. Багаасаа шавилж ирсэн багшдаа энэ санаагаа хэлэхэд маш их баярлаж, хүлээж авсан.  Гэхдээ багш маань саяхан амаржсан  болохоор хүүхдээ хараад  завгүй байгаа. Тийм болохоор Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дуучин, Д.Тэнгисмаа багш  шоунд бэлтгэж оролцуулсан.  Намайг үргэлж дэмжиж, хажууд байдаг аав, ээж, эмээ, хоёр багшдаа маш их баярлаж явдаг. Намайг чадна, авьяастай гэж урамшуулдагт нь урам зориг ордог юм. 

-Жүжиглэхээс гадна маш хөөрхөн дуулдаг юм билээ. Аав, ээж нь авьяаслаг хүмүүс байх, тийм үү?

-Хоёр талын эмээ маань гоё дуулдгаараа нутагтаа алдартай хүмүүс байдаг юм. Нэг эмээ маань дуулахаас гадна маш гоё шүлэг бичдэг. Ярихдаа хүртэл толгой холбон шүлэглэж хошигнодог юм. Биднийг бага байхад эмээ өөрийнхөө бичсэн шүлэг болон алдартай шүлэг, зохиолуудыг их уншиж өгдөг байлаа. Миний урлагт дурлах болсон шалтгаан ч үүнтэй холбоотой байх гэж боддог. 

-Жүжигчин болох мөрөөдөлтэй гэж ярьж байсан. Урлагийн хүн байхын юу нь гоё вэ. Үлгэр дуурайлал авдаг жүжигчин байдаг байх?

-Би дандаа жаргалтай байхыг хүсдэг. Инээж баясаж байна гэдэг жаргалтай байгаагийн илэрхийлэл шүү дээ. Өөрөөсөө гадна бусад хүмүүсийг жаргалтай болгодог мэргэжил бол жүжигчин. Тийм болохоор л жүжигчин болж, хүмүүст инээд, хөөр, баясал цэнгэлийг өгөхийг мөрөөддөг юм.  Бага байхдаа зурагтаар гардаг мундаг хүн болохыг мөрөөддөг байлаа. Ахтайгаа орон дээрээ гараад, урдуураа хөшиг татан, түүнийгээ тайз гэж тоглодог байсан. Ойр дотны хүмүүс ч гэсэн намайг жүжигчин болох байх гэж ярьдаг юм. Үлгэр дуурайлал авдаг жүжигчин маш олон бий. Багадаа жүжигчин Г.Нарансолонго эгч шиг болохсон гэж их мөрөөддөг байсан. 

-Багын л их адтай охин байж дээ. Бага насныхаа дурсамжуудаас хуваалцаач?

-Цэцэрлэгт байх үеэс минь л хүмүүс сэргэлэн гэж магтдаг болохоор би ч өөрийгөө бусад хүүхдүүдээс илүү мундаг юм байна гээд итгэчихсэн байдагсан. Тийм болохоор хүмүүсээс ичиж, бишүүрхэхийг мэдэхгүй, дуулаарай гэхэд нь бүжиглэж ирээд л дуулдаг байсан юм. Манай эмээ надад зориулаад
Охин шарын энгэрт нь
Одон медаль гялалзаад
Гайгүй төрсөн Гантогтохын энгэрт
Гавьяа шагнал нь гялалзаад гээд  дуу хүртэл зохиочихсон байдаг юм. Энэ дууг намайг гуравдугаар ангид байхад зохиож, эмээ маань эхэндээ намайг өхөөрдөж өөрөө дуулдаг байсан нь, сүүлд хамаатан садан цуглахаараа тоглоом шоглоомоор дуулцгааж, бүр сургуулиар хүртэл тарчихсан. 

-Анх хэдэн настайдаа тайзан дээр гарч байсан бэ?

-Цэцэрлэгт байхдаа анх аймгийн уран жиргээ наадамд оролцож, гуравдугаар байр эзэлж байсан юм. Тэр үед дөрвөн настай байсан байх. Ээжийгээ дагаад анх удаа аймгийн төв үзэж, олны өмнө тайзан дээр гарч байсан гэдэг. Одоо бүүр түүрхэн л санадаг юм. 

-Шоуны дараагийн шатандаа ямар үзүүлбэр үзүүлэх вэ. Бэлтгэл хэр хангагдаж байна?

-Бэлтгэл сайн байгаа. Дараагийн шатандаа оролцохоор эндээс мягмар гарагт /өчигдөр/ Улаанбаатар хот руу хөдөлнө. Үзүүлбэрээ одоогоор нууцалж байгаа. Хүмүүст урьдчилаад хэлчихвэл онцгүй шүү дээ. Энэ сарын 16-нд үзүүлбэрээ үзүүлэх хуваарьтай байгаа. 

-Аав, ээж нь хоёулаа дархад хүмүүс үү. Хаана төрж өссөн бэ? 

-Ээж маань Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын уугуул, дархад хүн. Багаасаа эмээгийндээ байсан учраас аавын тал гэхээсээ илүү дархад талдаа төлөвшсөн юм шиг байгаа юм. Аав минь халх ястай хэдий ч би халхаар цэвэр ярьж чадахгүй атлаа, дархадаараа маш сайн ярьдаг. 

-Жүжигчин болно гэхээр аав, ээж нь хэрхэн хүлээж авч байна вэ. Урлагаар явахыг нь их дэмждэг юм шиг санагдсан? 

-Би багаасаа шүлэг бичдэг байсан болохоор аав, ээж намайг сэтгүүлч юм уу зохиолч болгоно гэдэг байсан юм. Урлагаар явна гэхээр аав их дурамжхан байдаг байлаа. “Авьяаслаг монголчууд”-д ороод алтан базер авснаас хойш “өөрөө мэд дээ” гэдэг болсон. Ээж бол миний бүх зүйлийг дэмжиж, залж чиглүүлж явдаг. Бага байхдаа шүлэг бичиж, зураг зурах маш дуртай байсан юм. Тэгээд анхныхаа шүлгийн номыг есөн настайдаа гаргаж байлаа. Одоо ч аймгийн яруу найргийн наадам, уран жиргээ зэрэгт алгасалгүй ордог. Би өөрийгөө олон талаар, өөртөө байж болох бүх чадлаараа дайчлан сорихыг хүсдэг. Хөвсгөлийн тайгаас дэлхийд данстай жүжигчин болсон гэж яригдаж байвал гоё шүү дээ. 

-Алтан базер аваад очиход ангийнхан нь хэрхэн хүлээж авч байна. Амжилт гаргаад нутагтаа очих сэтгэгдэл ямар байсан бэ?

-Найзууд болон багш нар маань бүгд л магтаад их сайхан байсан. Жүжигчин болох мөрөөдөл маань хэдийнэ биелээд, олны танил болчихсон юм шиг л санагдсан. Сурагчид,  ангийн багш, сургуулийн захирал гээд бүгд баяр хүргэж, амжилт хүссэн. Тэр үед сэтгэл хөөрөөд маш их баярлаж байсан ч энэ олон хүний итгэл найдвар хүлээж байгаадаа дотроо  их түгшиж байсан. Дараагийн шатандаа намайг дэмжиж, надад итгэл найдвар хүлээлгэсэн хүмүүсийн урмыг хугалахгүй юм сан гэж маш их хүсч, хичээж байгаа. 

-Хоёрдугаар шатны цаатай үзүүлбэр нь маш гоё болсон. Яг л тайгад байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чадсан. Цаагаа яаж авчирсан бэ. Энэ үзүүлбэрийнхээ талаар сонирхуулаач? 

-Цаагаа баруун тайгаас ээжийнхээ хамаатны айлаас авчирсан. Машинд хэд хоног ачигдаж явж ирсэн болохоор цаа минь их ядарсан байсан. Хотод ирээд тайзан дээр цаатайгаа нэг л удаа бэлтгэл хийсэн. Уг нь үзүүлбэр маань цаагаа унаад, дуулаад явах байсан юм. Гэтэл тайзан дээр цааны туурай халтираад явж чадахгүй болохоор нь зүгээр хөтлөөд зогсохоос өөр арга байгаагүй. Бэлтгэл хийхэд гэрлээс үргээд их хэцүү байсан болохоор үзүүлбэрээ үзүүлэхдээ их айж байлаа. Азаар цаа минь яагаа ч үгүй. Хэзээний циркийн, сургалттай амьтан шиг номхон байсанд нь их баярласан. Намайг дэмжиж 2000-д километрийн цаанаас цаагаа авчирсан тайгын ахдаа энэ дашрамд талархлаа илэрхийлье.  

-Бэлтгэл гээд цаг зав бага байдаг байх. Хичээлээ яаж зохицуулж байна вэ? 

-Бэлтгэлийн үед  сургуулиас намайг дэмжээд хичээлээс чөлөөлж өгдөг. Ангийнхан маань хичээлээ нөхөж авахад маш их тус дэм болж байгаа. Ер нь “Авьяаслаг монголчууд” шоунд миний ард маш олон хүн ажиллаж, дэмжиж байгаа гэдгийг хэлэх ёстой. 

-Урилгыг минь хүлээж авч, ярилцсанд баярлалаа. Дараагийн шатанд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Намайг дэмжиж саналаа өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Миний арын албыг хариуцаж байдаг багш болон аав, ээж, найз нөхөд, сургуулийнхандаа баярлалаа. Та бүхнийхээ урмыг хугалахгүйн тулд хичээх болно.