ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Монголын мэдээ” өдөр тутмын сонин 20 нас хүрлээ

O.Admin
2018-12-13

“Монголын мэдээ” үндэсний өдөр тутмын сонин энэ сарын 12-нд 20 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүндэтгэлийн хүлээн авалтад “Монголын мэдээ” сониныг үүсгэн байгуулагч, “Эрэл” грүппийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, тус сонины анхны эрхлэгч До.Чулуунбаатар  болон үе үеийн удирдлага, эрхлэгч,  сэтгүүлч, ажилчид зэрэг 150-иад төлөөлөгч оролцож, хэвлэл мэдээллийн түүхийг 20 жил бичилцсэн түүх, дурсамжаа ярилцан, сонины хойч үеийн залуу уран бүтээлчдэд сургамж, зөвлөгөө өгсөн юм. Хэвлэл мэдээллийн түүхэнд өдөр тутмын сонин 20 жилийн турш тасралтгүй гарна гэдэг том амжилт болохыг тус сонины анхны эрхлэгч До.Чулуунбаатар онцолж, тус сонины хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсэв. Монголын хэвлэл, мэдээллийн салбарын 20 жилийг түүхийг бичилцсэн тус сонинд  байгуулагдсан цагаас нь өнөөдрийг хүртэл 20 жил ажилласан Э.Сайнзаяа байгууллагын “Шилдэгийн шилдэг” ажилтанаар шалгарсан бол оны шилдэг сэтгүүлчээр тус сонины орлогч эрхлэгч Б.Өнөртогтох тодров. Мөн энэ үеэр сонины жолооч Д.Даваадорж “Онц тээвэрчин” цол, тэмдгээр энгэрээ мялаасан юм.

“Монголын мэдээ” сонин 20 жилийн ойн хүрээндээ нийгэмд чиглэсэн олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлсэн аж. Тодруулбал, Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд бүтээлч ажил хийхээр зориглож, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт гадны болон дотоодын жуулчид юу үзэх боломжтой, хаанаас хаана хүрэхийн тулд хэрхэн зорчих, ямар буудал, зоогийн газар, худалдааны төвөөр үйлчлүүлэх талаар “Аялалын хөтөч ном” гаргажээ. Мөн  29 дүгээр тусгай сургуулийн сурагчдын дотуур байрны номын санд “Ном хандивлах” аян өрнүүлснээс гадна Нийслэлийн Чингэлтэй дүүргийн алслагдсан хороонд гэр номын сан бэлэглэж, хаврын урь орохтой зэрэгцэн номын санг нь барьж, тохижуулж өгөхөөр бэлтгэлээ бүрэн хангаад байгаа юм.

Түүнчлэн, сэтгүүлч мэргэжлээр суралцдаг, сэтгүүлзүйн төгсөх ангийн оюутнуудын дунд “Эерэг хандлага” сэдвээр эссе бичлэг, нийтлэл, сурвалжилгын уралдааныг мөн зарлаж, шилдэг хоёр бүтээлийн эзэнд мөнгөн шагнал, сонинд ажиллах эрхийн бичгээр тус тус шагнасан юм. Үүнээс гадна “Монголын мэдээ” редакцийн зүгээс III байрт шалгарах бүтээл ирээгүй ч залуу үеэ дэмжих ёстой хэмээн үзэж юутны “Алтан үзэг” наадмаас тэргүүн байрын шагнал хүртсэн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхимийн II дамжааны оюутан Н.Энхтэнгэрийн “Бурхнаас нуусан нүгэлт хүсэл” нийтлэлд гуравдугаар байрын шагналыг олгох шийдвэр гаргасан юм. ойн хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Н.Энхтэнгэрийг мэргэжлээрээ өсөн дэвжихийг хүсч, байгууллагын зүгээс Батламж, 200.000 төгрөгийн мөнгөн шагналаас гадна, МУБИС-ийн магистрт 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрх бэлэглэлээ.