Өнөөдөр М.Уранцэцэг, Д.Сумъяа, Г.Болдбаатар тэргүүтэй 9 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-14

Хятадын Гуанжоу хотноо жүдогийн жин жингийн шилдэг 16 бөхийн барилдаан болох мастеруудын тулаан эхлэх гэж байна. Дэлхийн 53 орны эрэгтэй 117, эмэгтэй 114, нийтдээ 231 шилдэг жүдоч оролцож буй энэхүү тэмцээнд манайхаас нийтдээ 13 тамирчин хүч үзэх юм.  Тодруулбал, эрэгтэй 10, эмэгтэй 3 тамирчин хүч үзнэ. 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын барилдаан болж, манайхаас 9 бөх татамид гарна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нар барилдах юм. Д.Амартүвшин гавьяатын хувьд В хэсэгт багтаж, эхний хоёр тойрогтоо хийллээ. Харин хэсгийн аваргын төлөө Казахстаны Гусман Кургузбаев болон Оросын Алберт Огузав нарын ялсантай нь барилдана. 

Тэгвэл Г.Болдбаатар гавьяатын хувьд D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин удаах тойрогт Узбекстаны алдарт бөх Шарафуддин Лутфиллаевтай барилдахаар оноолт таараад байна. 

66 кг-д Г.Хэрлэн, Д.Алтансүх нар барилдана.  ОУХМ Г.Хэрлэн В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Харин удаах тойрогт Бразилын бөх Чарлес Чибанатай барилдахаар учраа таараад байна.  Тэгвэл Д.Алтансүх С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин удаах тойрогт Казахстаны Ерлан Серикжанаовтай оноолт таарсан юм. 

73 кг-ын жинд Г.Одбаяр, Ц.Цогбаатар нар барилдана. Гавьяат тамирчин Г.Одбаярын хувьд В хэсэгт багтаж, Казахстаны Заншай Смагуоловтай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл Ц.Цогбаатар D хэсэгт багтаж, эхний тойрогтоо Солонгосын алдарт бөх Ан Чан Римтэй оноолт таараад байна. 

Эмэгтэйчүүдийн хувьд 48-д зодоглох дэлхийн аварга М.Уранчимэг А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо Хятадын бөх Ли Янантай учраа таарсан. Тэгвэл 57-д хүч үзэх Д.Сумъяа С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Удаах тойрогт Унгарын Хедвиг Каракастай барилдахаар сугалаа таарсан. 

63-т барилдах Б.Мөнгөнчимэг А хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Австрийн Катрина Хейкэртэй барилдахаар оноолт таараад байна. Хэсгийн барилдаан дөнгөж сая эхэллээ.  Харин финалын барилдаан 17:00 цагаас эхэлнэ.