ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Казүо Такахаши: Монголыг БНХАУ-тай харилцах дипломат харилцааны нэг хэсэг гэж боддог

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-17

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт Япон улсад анхны айлчлалаа хийсэн билээ. Тэгвэл түүний айлчлалын талаар, Японы дипломат бодлого дахь манай улсын байр суурийн талаар  олон улсын улс төр судлаач Казүо Такахаши телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо дэлгэрэнгүй тайлбарласан байна. Тэрбээр юу гэж ярьсныг уншигчиддаа www.1242.com сайтад нийтлэгдсэнээр сонирхуулахаар бэлтгэлээ. 

Ухнаагийн Хүрэлсүх бол Монголын өнөөгийн Ерөнхий сайд. Эдүгээ 50 настай тэрбээр Улаанбаатар хотод өссөн. Тэрбээр Ерөнхий сайдын хувиар Японд айлчилж, Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзалт хэлэлцээр хийсэн юм. Энэ үеэр хоёр улсын Ерөнхий сайд энэ жил Монгол Умард Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг яаралтай нааштайгаар шийдэхэд нягт хамтран ажиллахаар тохиролцжээ. 

 

-Солонгост хулгайлагдан тэндээ нас эцэслэсэн Японы иргэн Ёкота Мэгүмигийн охин Ёкота Сакиэ  өвөө, эмээтэйгээ Улаанбаатарт уулзаж байсан. Тэгэхээр манай хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай гэсэн үг үү?

-Өмнө нь Монгол коммунист дэглэмтэй байсан юм.  Өөрөөр хэлбэл, хуучин Зөвлөлт холбоот улсын дагуул улс байсан учраас ЗХУ-ын нөлөө бүхий Умард Солонгос зэрэг орнуудтай маш ойр харилцаатай байсан хэрэг. Харин Японы Монголтой харилцах дипломат бодлогын хувьд мэдээж Умард Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудал чухал байр суурь эзлэнэ. Гэхдээ БНХАУ гэх мэт том гүрэнтэй ойртон нөхөрлөхдөө хөрш зэргэлдээх орнуудтай нь ч найрсаг харилцаатай байх нь манай улсын дипломат бодлогын хамгийн чухал асуудлын нэг юм. Тэр утгаараа Төв Азид Япон эдийн засгийн маш их туслалцаа үзүүлдэг. Монголыг ч гэсэн би Японы БНХАУ-тай харилцах дипломат харилцааны нэг хэсэг гэж боддог. 

-Япончууд монгол хүмүү­сийг яг л “сүмогийн бөх­чүүд” шиг хүчтэй, зөөлөн сэтгэлтэй, эелдэг хүмүүс гэж төсөөлдөг. Харин дэл­хийд тэд ямар имижтэй вэ?

-Дэлхийн гэдгээр авч үзвэл, үнэндээ Монгол хүчирхэгжиж байсан эрин үедээ олон улс гүрнийг эзлэн түрэмгийлж байсан учраас монгол хүнийг тийм ч таатайгаар хүлээж авдаггүй.  Иранд гэхэд үдэшлэгт байсан хоол хүнсний зүйл юу ч үгүй дуусахад, “Монголчуудын дайралт шиг”  гэж хэлэх жишээний. Харин япончууд Хаката тохойн эрэгт монголчуудын довтолгооныг зогсоож чадсан учраас монгол хүний талаар сөрөг, муу төсөөлөл байхгүй. Гэхдээ эзлэгдсэн улс орнуудын хувьд огт өөр. 

-12, 13 дугаар зуун  буюу Чингис хааны үед үү?

-Монголчуудад хүйс тэмтрэгдэж байсан маш олон хот, тосгод бий. Иран зэрэг орнуудын сахалтай залууст “Танай өвөг дээдэс монголчуудтай цус холилдсон” гэж хэлэх лав магтаал шиг сонсогдохгүй нь ойлгомжтой. Дэлхийд  сайн имижгүй хэдий ч, япончууд монголчуудад хайртай байдаг шүү дээ. Тэр нь ч муу зүйл биш гэж бодож байна. Башёд монгол сүмочид хичээн барилдаж буйг хараад “Эцэст нь Хаката тохойн эрэгт газардаж чаджээ” гэх бодол төрдөг юм.