ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ Хятадад 700 сая хүн ядуурлаас гарчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-18

БНХАУ эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой өчигдөр тохиолоо. 1978 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн Хятадын удирдагч Дэн Сяопин эдийн засгийн бодлогоо зарлаж байсан гэдэг. 

Тэгвэл ойн босго дээр Хятадын Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах төвийн дарга Лью Ёнфу Бээжин хотноо мэдэгдэл хийж, “Шинэчлэлийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойшхи өнгөрсөн 40 жилийн хугацаанд БНХАУ хүн төрөлхтөний түүхэнд ядуурлыг бууруулах олон төсөл, үйл ажиллагааг дэмжсэний дүнд хөдөө орон нутгийн 700 гаруй сая хүн ядуурлаас гарсан. 2020 он гэхэд ядуу өрх байхгүй болно” хэмээн зарлав. 

Энэ жил Хятад эдийн засгийн шинэ бодлого баримталж эхэлснээс хойш яг 40 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутагт ядуурлын төвшин 97.5 хувьтай байсан бол одоо хоёр хувь хүртлээ буурчээ. 

Мөн ядуу хүмүүсийн тоо 2013 оноос хойш жил бүр 10 саяар буурч байгаа аж. Харин байгалийн нөөц баялаг тааруу, эдийн засгийн чадавхи сул бүс нутагт хэдий ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч, төдийлэн үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Тэр нь Түвд, Чинхай, Юньнань зэрэг түвд хүмүүс ихэнхийг эзлэх бүс нутагт ядуурлын төвшин 18-20 хувьтай байдаг байна. Одоогоор БНХАУ-д ойролцоогоор 30 сая ядуу хүн байгаа бөгөөд ирэх хоёр жилд БНХАУ-ын 334 мужийн тэргүүлэх зорилт нь ядуурлыг бууруулахад чиглэгдэх аж. 

Хятад эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ойн өдрөөр тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпин Бээжингийн Ардын хурлын танхимд илтгэл тавьжээ. 

Энэ үеэр “Өөрчлөлт, нээлтийн бодлого нь Хятадын үндэсний сэргэн мандалтын эрин үеийн эхлэл” гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Өөрчлөлт, нээлтийн бодлого баримталж, Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлсэн нь үндэсний сэргэн мандалтад чухал алхам болсон. Шинэчлэл, гадаад нээлттэй байдлын бодлого нь Хятадын ард түмэн болон Хятад улсын хувьд аугаа хувьсгал юм. Энэ хувьсгал нь Хятадын онцлогтой социализмыг урагш ахиулахад хүчтэй түлхэц өгсөн” гэжээ.  Хятадын түүхийн бичгээс үзвэл, улс төрийн шинэчлэл, гадаад нээлттэй байдлын бодлогыг 1978 оны арванхоёрдугаар сарын 18-22-ны хооронд болсон ХКН-ын Төв хорооны 11 дэх удаагийн III бүгд хурлын дараа хэрэгжүүлж эхэлжээ. Уг санаачилгыг “шинэчлэлийн архитектор” Дэн Сяопин болон Хятадын удирдлага дахь “прагматистууд” гэж нэрлэдэг түүний хамтран зүтгэгчид санаачилсан байна. 

Мао Зэдуны хатуу засаглалын дараа Хятад улс эдийн засгаа алгуур чөлөөлж, тариачид хэрэгцээнээс илүү гарсан ургацаа анх удаа зарж борлуулах эрхтэй болж байв.

Энэ мэтчилэн алхам алхмаар хэрэгжсэн шинэчлэлийн бодлогын үр дүнд өнөөдөр Хятад улс АНУ-ын дараа дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болоод байна.

40 жилийн өмнө 150 тэрбум ам.долларын  үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнтэй байсан Хятад өнөөдөр 12 их наяд ам.долларын баялаг үйлдвэрлэдэг улс болжээ.

Харин өнөөдөр тус улсын эдийн засгийн шинэчлэл эргэлтийн үедээ ирээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан худалдааны дайн тус улсыг эдийн засгаа улам бүр чөлөөлөхийг шаардаж байгаа юм. Харин Ши Жиньпиний засаглал Хятадын төрийн хяналтыг улам чангатгах, Марксизмын үзэл онолыг бататгах бодлого барьж байна.